Хоёр суудалд зэрэг суух боломжгүй

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Хоёр суудалд зэрэг суух боломжгүй

Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн Засгийн газрын хуралдаанаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг албан үүргээс нь чөлөөлсөн шийдвэр олонход таалагдсан бол цөөн хэдэн хүний хилэнг төрүүлсэн нь илт байна. Сайтуудад тавигдсан тэрхүү мэдээлэл олон хүнд хүрсэн төдийгүй, доорх сэтгэгдлийг нь харвал сүүлийн нэг жилийн хугацаанд  өөрсдийнхөө зорилгод улс төр, нийгмийг хаос болгон ашиглаж байсан хурандаа нарын ард хэн байсан нь тодорхой байна гэх коммент цөөнгүй үлджээ. Нөгөө талаар ЦЕГ-ын дарга асан Б.Билэгтийг огцруулах шалтгаан юу байсан бэ гэдгийг улс төржүүлэх сонирхол бас бус цөөн хүнд байх шиг.

 

Хууль зүйн сайдын эхлүүлсэн эрх зүйн цогц шинэтгэл энэ салбарт эрх мэдлээ дархалж ирсэн цөөн хэдэн хөрөнгөжсөн хурандаа нарт таалагдаагүй гэдгийг сүүлийн нэг жилийн дотор нийгмийг айлгасан, шуугиулсан олон үйл явдал гэрчилнэ. Ялангуяа, цагдаагийн ажилтнууд нь  салбарын сайд дээрээ гүйцэтгэх ажил явуулж байсан анхны тохиолдол Ардчилсан нам засгийн эрхийг барьж байх хугацаанд  гарсан нь Монголын  хүчнийхэн ямар том мафи болтлоо толгой нь томорсны бодит нотолгоо нь болсон юм.

Монголын цагдаагийн байгууллагын толгой нь данхайж, иргэнд бус даргад үйлчилдэг явдал өнөөдөр ч амь бөхтэй оршсоор байна. Энэ бүхнийг шинэчлэх гэсэн салбарын сайд нь өрөө арай л тэдний золиос болчихсонгүй. Эрх зүйн салбарт идээ бээр болтлоо бугшсан  эрх мэдэл, мөнгөний төлөө тангаргаа зөрчдөг,  мөрдөс нэмэхийн тулд даргадаа үйлчилдэг, долигонодог, хуулийн хэрэгжилтийг мөнгөөр худалддаг, хэн нэг  иргэнийг хэлмэгдүүлдэг явдлыг өнөөдөр л шинэчлэхгүй бол маргааш гэх боломжгүй. Учир нь өнөөдөр салбарынхаа сайд дээр, маргааш Ерөнхий сайд, Ерөнхийлөгч дээрээ гүйцэтгэх ажил явуулах хэмжээний мафи нэгэнтээ бий болсон байна. Тэд улстөрчдийг өөрсдөдөө ажиллуулдаг болохыг мөрөөдөж суугаа. Эхнээсээ ч эхэлчихсэн. Тэгэхээр  цагдааг цагдаагаас нь цэвэрлэхийн тулд  хөрөнгөжсөн хурандаа нарт албан тушаалаа урвуулан ашиглахад найруулга хийж, улс төртэй хутган хаацайлж байсан хүнийг авч хаяснаар шинэчлэлийг  саадгүй явуулах боломжтой болох юм.

Нийгэмд шударга үнэнийг тогтоох үүрэгтэй хууль, хүчнийхэн эсрэгээрээ иргэдэд хадны мангаа дүрээр харагдах болсон учир шалтгаан нь ердөө л  улс төр-эрх мэдэл-мөнгө- хууль гэсэн том нэгдэл.  Мөнгөтэй, танилтай бол Монголын хуулийг уландаа гишгэх үзэгдэл манай хүчний салбарын хууль бус орлого нь болчихоод байгаа. Цагдаа, хүчний салбар дахь даргад эсвэл мөнгөнд үйлчилдэг энэхүү байдал нь эцэстээ “Эрийн муу цагдаа“ гэж хэлэгдэх дээрээ цагдаагийн нэр хүндийг шавартай нь хутгасан биз. Энийг л халахын төлөө эхлүүлсэн Х.Тэмүүжингийн шинэчлэлийн ард иргэд, жирийн цагдаа нар байгаа бол эсэргүүцсэн хурандаа нарын ард хэн байсан нь эхнээсээ тодорхой болж байх шиг.

Өөрөөр хэлбэл,Монголын нийгэм, эдийн засаг, улс төрийг атгандаа базсан  улс төр-эрх мэдэл-мөнгө-хууль гэх том нэгдлийг халж, энэ салбарт шударга ёсыг тогтоох гэсэн салбарын сайдын шинэчлэл цөөнхөд  таалагдаагүйн  нэг нь  ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт гэхэд буруудахгүй биз. Хууль зүйн сайд Х.Тэмүүжин твиттер хууд­сандаа нэгэнтээ “Томилогдохдоо ши­нэч­лэлийг дэмжинэ гэж ам гарчихаад, эрх мэдэлд оч­соныхоо дараа зангаа хувир­гаж, сандал ширээ, цол хэр­гэмд толгойгоо мэдүүлж ши­нэчлэлийг эсэргүүцэж, ард­чиллыг өмчлөх гэж орол­дох тэр хар малыг тэвчих арга алга. Новш…” хэмээн асар их бухимдлаа ил шулуун зарласан нь тухайн үедээ багагүй дуулиан болж байв. Хоёр суудалд зэрэг суух боломжгүйн адил Т.Билэгт Х.Тэмүүжин хоёрын аль нэгнийг явуулж байж хуулийн салбар дэг журамд орох нь тодорхой байсан. Тэр ч утгаараа салбарын сайдтайгаа эн зэрэгцэх эрх мэдлийг бий болгох гэж улайрсан ЦЕГ-ын даргыг өөрчилснөөр салбарын сайдын эхлүүлсэн шинэчлэл цаашаа явна гэсэн найдлага олон хүнд байна. Иргэд цагдаагийн үйл ажиллагаа шударга явагдаж байгаад хяналт тавьдаг шударга тогтолцоо ингэж байж л бүрдэх учиртай.  Үүний тулд эрх зүйн шинэтгэлийн төлөө нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж чадах баг салбарын сайдад хэрэгтэй. Баг  алаач,  багаа худалдагч, багаа эсэргүүцсэн хэн боловч зайгаа тавьж өгдөг нь их спорт төдийгүй, амьдралын эгэл хууль шүү дээ.

Хамтарч ажиллаж чадахгүй байгаа хүнийг халж солих нь хаана чиг л байдаг шийдвэр. Эрх зүйн салбарт цогц шинэчлэл эхлүүлэх том ажлын дэргэд Б.Билэгтийг халах, солих шийдвэр жижигхэн асуудал юм. Тэгээд ч жингийн цувааг ахлах учиртай хоёр хөтөч нь эсрэг тэсрэг бодолтой байвал Монголын хууль, цагдаа, улс төр, эрх мэдэл гэсэн том нэгдлийг устгах том шинэчлэл хэрхэн хэрэгжих билээ.

Ж.НЯМСҮРЭН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж