Д.Бямбасүрэн: Үндэсний баялгаа намуудаар тоглууллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Д.Бямбасүрэн: Үндэсний баялгаа намуудаар тоглууллаа

Д.Бямбасүрэн: Үндэсний баялгаа намуудаар тоглууллаа

Монгол Улсын Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуайтай ярилцлаа.

-Засгийн газрын Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дууслаа. Гэтэл доллар, юанийн ханш өссөн үзүүлэлттэйгээр 100 хоногоо дуусгаж байх шиг байна?

-Одоогийн Засгийн газар Чингэс, Самурай бондыг зөв зарцуулж чадсангүй. Эдийн засаг чинь өөрөө өөрийгөө эмчилж, засч сайжруулдаг тогтолцоо гэдгийг ойлгохгүй буруу бодлого явуулсаар байгаад ийм байдалд хүргэлээ. Цаашдаа энэ байдлаар явбал дараагийн 200 хоногт ч босгож, сэргээх аргагүй. 100 хоног гэдэг бол амиа аргацаах л арга. 100 хоног дуусахтай залгаад Хятад, Оросын төрийн тэргүүнүүдийн айлчлал болно. Айл амьтан айлчилж байхад дотроо хэрүүл уруулгүй байя гэсээр байгаад намрын чуулган болтол үлдэж дөнгөнө. Энэ бол ердөө хугацаа хожих л арга. Намрын чуулган эхлэнгүүт энэ Засгийн газар хэрүүлгүйгээр сайн дураараа буувал Монголдоо буянтай хэрэг болно доо.

-Эдийн засгийн хөгжлийн сайд нь эдийн засгийн чухал шийдвэрээ бөөлж гаргадаг гэсэн шог яриа байна. Эдийн засгийн хөгжлийн сайдын тал дээр ямар байр суурьтай байна вэ?

-Ганзагын наймаачид ирээд төрийн толгой дээр суучихлаа. Сайд нарын хувьд бизнесмен, компанийн захирал байж болно. Компани удирдах, улсын эдийн засаг удирдах хоёр чинь газар, тэнгэр шиг ялгаатай. Адаглаад яаманд мэргэжилтэн хийж байсан туршлагатай бол яая гэхэв. Хөгжлийн талаар философийн ойлголттой байж ажиллана шүү дээ. Дэлхий дахинд тогтвортой хөгжил гэж цоо шинэ ойлголт бий болоод байна. Гэтэл манайд Засгийн газар нь хөрөнгө хөгжлөөр, Байгаль орчны яам нь ногоон хөгжил баримтлаад хоёр тусдаа хөгжлөөр явах гээд байна уу, яах гээд байна. Ингэж балайрч байх ямар хэрэг байна. Үнэндээ харамсалтай санагдах юм.

-Таны хувьд эдийн засгийг сайжруулах гарцыг харж байгаа байх. Ер нь танаас Засгийн газар, төрийн түшээд зөвлөгөө авдаг уу?

-Би сайн дураараа Ерөнхий сайд Н.Алтанхуягтай уулзаж санаа, оноогоо хэлэх гэж өөрийн биеэр очиж хоёр удаа уулзах хүсэлт тавьсан. Намайг хүлээж аваагүй, эргэж дуудаагүй болохоор нь дахиж очоогүй. Одоо бол Засгийн газартай ямар ч холбоогүй байдаг. Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид санаа оноогоо хэлж ярьдаг. Монголын эдийн засаг бол маш жижиг эдийн засаг. Унахдаа ч амархан, сэргэхдээ ч амархан. Өмнөх туршлагуудыг хараад байхад Монголын эдийн засаг зургаан сарын дотор нөхөхөд өндийх чадвартай. Хамгийн гол нь энэ Засгийн газар, УИХ эдийн засгаа өндийлгөж, сэргээж чадахгүй байна. Угтаа хамгийн түрүүнд авах арга хэмжээ бол хэмнэлт. Тэгсэн манайхан хэмнэх оролдлого ч хийсэнгүй. Харин ч эсрэгээрээ 126 сумын 90 жилийн ой хийж 90 тэрбум төгрөг агаарт цацаж УИХ, Засгийн газрын гишүүд наадамд нь очиж зунжин наадлаа. Нийслэлийн төлөөлөгчид нь бөөнөөрөө Бразил яваад хөлбөмбөг үзчих юм. Үүнийг хэмнэлт гэх юм уу. Ийм үед гэрээ хэлцэл хийх, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас бусад бүх айлчлал томилолтыг зогсоох ёстой. Улаанбаатар хотын төлөөлөгчид улирал бүр сонгогдсоныхоо төлөө таван сая, жилд 20 сая төгрөг бэлнээр аваад халаасалдаг. Миний бодлоор бол энэ хүмүүс бүгдээрээ хатуу газар очоод сууж баймаар санагддаг. Ажил хийснийхээ төлөө төрөөс цалин авч байна. Бас намайг сонгоод өг гэж гуйж гувшиж гарч ирчихээд хариуд нь мөнгө аваад байж байдаг. Төр засаг маань даанч ажилласангүй. Олон мянган хүний хүсэл мөрөөдөл шороонд дарагдлаа. АН-ын удирдлага хариуцлагаа хүлээх ёстой.

-Гишүүд улсынхаа эрх ашгийг боддог байгаасай гэж дуугардаг хэрнээ ярьсан шигээ явж чадахгүй байна гэсэн шүүмжлэл гарч байна. Эрх ашгийн эрэмбэ дарааг та юу гэж боддог вэ?

-Намын эрх ашиг гэж байхгүй л дээ. Нам толгойлж байгаа баячуудын эрх ашиг л гэж байна. Жишээ нь 2006-2009 оны хооронд эрх барьж байсан МАХН буюу МАН Эм Си Эс-т л үйлчиллээ шүү дээ. Ямар сайндаа манай судлаачид Монгол Улсын их хурал юм уу, Эм Си Эс-ийн их хурал юм уу гэж сануулж бичиж байлаа. Өнөөдөр компанийн төлөөлөгч нь УИХ-д ороод ташаагаа тулчихсан “Тэр ордыг чинь би авъя” гэж том дуугараад авдаг болсон байна лээ. Нам гэдэг чинь олон түмний үзэл бодлын асуудал. Өнөөгийн ийм ороо бусгаа цагт Ардчилсан нам төрөө барьж байгаа нь зөв юм. Харин нэр цэвэр, бодлого үйл ажиллагаа нь илүү өгөөжтэй байх ёстой. Намын толгойд гарсан хэдэн нөхөр нь хэсэгхэн баячуудынхаа арга аяганд орчихсон байх юм. Бүхэл бүтэн улсын маань Ерөнхий сайд гэхэд л телевизээр “Би жорлонгийнхоо бохирыг гол руу хийгээгүй" гээд яриад сууж байх юм. Гэтэл өөр нэг телевиз нь бүдүүн бохирын хоолойноос бохир ус Туул гол руу урсаад гарч байгааг нь харуулах юм. Ерөнхий сайд нь жорлонгийнхоо бохирыг Улаанбаатарчуудыг ундаалдаг Туул гол руу хийсэн, хийгээгүй гээд яриад сууж байхаар яах болж байна даа.

-Тэгээд одоо ийм гажуудлыг яаж засах вэ, хууль эрх зүйн хувьд засах боломж байна уу. Ингэж явсаар ард түмний бухимдал дээд цэгтээ хүрч тэсэрвэл яах вэ?

-Хэрүүл тэмцэл бу­химдлаар юуг ч шийдэхгүй. Эв зүй, хууль эрх зүйн хүрээнд аливаа асуудлыг шийдэх нь хамгийн зөв гарц. Ерөнхийлөгчийн санаачилсан дархлаажуулалтыг сулруулах хуулийн төслүүд хамгийн чухал. Нэгэнт л хэрэг төвөгт нэр холбогдсон бол албан тушаалаа сайн дураараа өгөх хэрэгтэй. Манайд одоо хэрэг хийсэн нөхрийг АТГ, прокурор бүгд сануулаад нэмэр алга. Нөгөө УИХ-ын гишүүд чинь бие биеэ өмгөөлж, хамгаалаад тавьж явуулахгүй. АТГ сонгуулийн өмнө намуудад асуудалтай хүмүүсийнх нь нэрийг гаргаж өгсөн боловч нэмэр болсонгүй. Прокурор, УИХ-аас нэр бүхий нөхдүүдийг шалгахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх гээд бас л нэмэргүй байна.

-Нийт Монголын эрх ашиг чухам хаана, хэний гарт байна вэ гэсэн эмзэглэл төрөх юм?

-Тийм учраас залуучууд минь юу ч болж байсан төрөө худалдахгүй, нутгаа худалдахгүй юм шүү гэдгийг зүрхэндээ нэвт шингээж ойлгох хэрэгтэй. Энэ бүх байдлыг таслан зогсоохын тулд Ерөнхийлөгчийн санаачилсан улс орон, монгол түмний минь хувь заяатай холбоотой хуулийн төслүүдийг араас нь урдаас нь чадах чинээгээрээ олон нийтийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагууд дэмжээд батлуулаад байх хэрэгтэй. Тэгэхгүй бол Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний эрх ашгийн төлөөх хуулийн төслүүдийг УИХ, Засгийн газар их хэрзгэр хүлээж авч байгааг анзаарч байгаа биз дээ.

-Өнөөдрийн улстөрчид болохоо байлаа. Залуу үеэр цус сэлбэх ёстой гэдэг дээр ямар бодолтой байгаа вэ?

-Монгол орон шинэч­лэгдлээ. Бид шинэ орчин, шинэ нийгэмд амьдарч байна. Улс төрд тэр дундаа монгол төрийн жолоог барьж явах шинэ үеийн хүмүүсийг хүмүүжүүлэх, тэдэндээ түшиглэж хөгжих нь нийгмийн бодит захиалга болоод байна. Бид өнөөдрийг хүртэл шилжилтийн үеийн сэтгэлгээгээр асуудалд хандаж, төрийн албыг баяжих, албан тушаал ахих дамжлага болгон хардаг сэтгэлгээтэй хүмүүстэйгээр явж ирлээ. Ийм хоцрогдсон сэтгэлгээтэйгээр цааш явна гээд зүтгээд байвал Монголыг үндэстнийнх нь хувьд ч улс гүрнийх нь хувьд ч мөхөл рүү хүргэх аюултай.

-Аль нэг нам фракц дагаж, эсвэл хэн нэгний цүнх барьж гүйдэг цаг ирээ юу даа…

-Өнөөдөр нам гэдэг ойлголтыг нэлээд шүүмжлэлтэй харах шаардлагатай болжээ. Улс төрийн намууд гурван үндсэн доголтой болчихож. Нэгдүгээрт, улс нийгмээ авч явах философи үзлийн түвшинд үнэн сульдаатай байна. Ардчилсан нам гэхэд либерал гэж ярихаас цаашгүй болсон. Консерватив үзэл гэж чухам юу юм бэ.  Консерватив үзлийн жинхэнэ утга бол ирээдүйгээ өнгөрсөнтэй, өнгөрснөө одоотой холбож чадах тухай асуудал. Үүн дээр алдаж байна. МАН гэхэд социализмынхаа үзлийг жаахан хувиргаад түүнийгээ мөрөөдсөн улс. Намын нэрээр төрд орж ирсэн хүмүүс хувийн шуналаа хашиж дийлэхгүй төрөөр дамжуулан идэж байна. Хоёр дахь нь, улс төрийн намууд хөрөнгөлөг хүмүүс, цөөн тооны компанийн халаасанд орчихсон. Улс төрийн намууд тодорхой компани, мөнгөтэй хүмүүсээр тэтгүүлж байгаад сонгуулиар тэднийхээ шантаажинд ороод тухайн компаниар овоглогдсон хүмүүс нэр дэвшээд гараад ирдэг. УИХ-ын гишүүдийг Монголын ард түмний сонгосон хүмүүс гэдэг нэг нүдээр харвал хүндэтгэх хэрэгтэй болдог. Нөгөө нүдээр харвал хулгайч, луйварчин, шунал нь цухалзсан хүмүүс. Гурав дахь нь, цөөн хэдэн хүн намын толгойг барьчихаад жирийн иргэд, гишүүд дэмжигчдийн санаа бодол намын мөрийн хөтөлбөрт огт орохоо байсан. Үүний гайг бид амсч байна. Сүүлийн хоёр сонгууль дараалан үндэснийхээ баялгаа улс төрийн намуудаар тоглууллаа. Адаг сүүлд нь улс орныхоо эдийн засгийг тамирдуулчихсан хараад сууцгааж байна. Ингээд харахаар намууд гэдэг дээр маш болгоомжтой хандах учиртай.

-Намын эрх ашгаас болж улс хэцүү байдалд орлоо гэж судлаачид хэлж байна?

-Ер нь бол нам сонгуульд оролцож, нам бүхнийг шийддэг байх нь явцгүй боллоо. Энэ бол ганцхан Монголын зовлон биш дэлхийн зовлон. Францад гэхэд олон нийтийн байгууллагууд нь сонгуульд оролцдог. Монголд гэхэд Ардчилсан холбоо, Монголын залуучуудын холбоо, Эмэгтэйчүүдийн холбоо, Ахмадын холбоо, МҮЭ-ийн төлөөлөл сонгуульд оролцож байж бүх нийтийн төлөөлөл бүрдэх юм. Израйлд гэхэд Өндөр настны холбоо гурван суудалтай. Улс төрийн тэргүүн эгнээнд намууд байдаг боловч ард нь олон нийтийн маш олон байгууллага байдаг. Намуудын бүрэн эрхийг хязгаарлах бодлого явуулах ёстой. Залуучуудын замыг нээх, гаргаж ирэх тал дээр хууль эрх зүйн хүрээнд баталгаажуулах ёстой.

-Улс төрийн намын тухай хуулийн төсөлтэй танилцаж амжсан уу, намуудын эрхийг хязгаарлах, шинэ үе орж ирэх боломж хуулийн төсөлд тусгагдсан болов уу?

-Хуулийн төслийг харсан. Одоогийн УИХ-д улстөрийн намын нэрээр орж ирээд зангирчихсан, булагначихсан бүлэг хүмүүсийн нэгдэл байгаа цагт хэзээ ч нийгэмд хэрэгтэй хууль гаргахгүй. Улс төрийн намын тухай хуулийг Ерөнхийлөгчийн зүгээс өргөн бариад хэлэлцүүлж болж байна. Түүнээс биш одоо байгаа УИХ-ын нөхдүүдээс хэзээ ч олигтой юм гарахгүй. Нөгөө С.Баярцогт, Н.Номтойбаяр гэсэн нөхдүүд л энэ хуулин дээр сууж байна шүү дээ. 2008 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа дуусахаас долоо хоногийн өмнө МАХН буюу одоогийн МАН нарийн бичгийн дарга нар бүгдээрээ цагаан цамцтай 1.5 сая төгрөгийн батламж барьчихсан даллаад зогсож байлаа. АН нэг сая төгрөг өгнө гээд амлачихсан байсан. 2012 оны сонгуулиар АН, МАН хоёрын сонгуулийн амлалтад анализ хийгээд үзэхэд МАН-ын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 50 тэрбум ам.доллар, АН-ынхад 20-30 тэрбум ам.доллар шаардлагатай гэсэн тооцоо гарсан. Аль аль нь хэрэгжих боломжгүй. Энэ бүхнээс харахад улс төрийн намууд ямар ч судалгаа анализ хийлгүйгээр хоосон амлалт яриад сонгуульд орж байна. Үүнийг л хуулиар хориглох хэрэгтэй. Улс төрийн намууд улирал бүр Монголынхоо нийгэм эдийн засгийн үзүүлэлтэд бодит анализ хийгээд олон түмэндээ мэдээлэл хийдэг маш том судалгааны байгууллага байх ёстой юм. Хууль эрх зүйн хүрээнд ийм байдал руу шахаж өгөхгүй бол бизнесийн хэдэн нөхдүүдийн аманд ороод худлаа ярьж, худлаа амласан газар болох гээд байна. Ардчилсан нам төр бариад хоёр жил болж байна. Мөрийн хөтөлбөрийнх нь биелэлт хэдэн хувьтай байгаа билээ. Хэн үүнийг тооцож байна. Хэдэн наймаачдыг сайд нараар тавьчихсан.  Нөгөө хэд нь улс орныхоо эдийн засгийг сайжруулах нь бүү хэл эвдээд хаячихсан. Улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй тохиолдолд дахиж өрсөлдөх эрхийг нь хасдаг байх хэрэгтэй. Тэгэхгүй бол улс төрийн намууд мөнгөтэй, шуналтай хүмүүсийн төрийг худалдаж авах хэрэгсэл болчихоод байна.

-Таныг Ерөнхий сайд байх үеийн улстөрчид болон өнөөгийн улс төрчдийн хооронд ямар ялгаа гарсан бол?

-Манай Засгийн газар шилжилтийн хүнд хэцүү үед 16 хүнтэй ажилласан. Дундаж нас нь 42 байсан. Би өөрөө 48 настай байсан. Хамгийн ахмад нь Батлан хамгаалахын сайд Жадамбаа 51 настай. Хамгийн залуу нь Дорлигоо маань 32 настай, Да.Ганболд 34-тэй байлаа. Тэр үед нийгмээ өөрчлөх залуусын хүсэл зориг маш их байсан. Залуучуудыг багтаа оруулаад хамтарч ажиллаж байсандаа харамсдаггүй. Миний хоёр шадар сайд одоо ч төрдөө зүтгээд сайхан ажиллаж л явна. Манай Засгийн газрын 16 гишүүний ес нь эрдмийн зэрэг цолтой байсан. Тийм учраас ямар ч асуудлыг ярихад мэргэжлийн өндөр түвшинд ойлгож, түүнийгээ шийдэж чаддаг байсан.

-Хувь хүн талаасаа манай улстөрчид хэр боловсорсон бол?

-Хувь хүний чанар, хүмүүжил суурь боловсрол их чухал. Манай Засгийн газрын гишүүдэд шунал гэж ойлголт байгаагүй. Элдэв хэл аманд ганц нэгэн нөхөд орж байсан. Тэдний хувьд социализмынхаа үеийн хуучинсаг сэтгэлгээгээр зарим зүйлд хандаж хэл аманд орж байснаас биш одоогийнх шиг захиалгын хууль боловсруулдаг кабинет байгаагүй. Одоо гарч байгаа хуулиудыг харахад гадны хөрөнгө оруулагчид болон өөрсдийн эрхэлдэг бизнестээ тохируулсан хууль гаргаж байгаа нь илт харагдаж байдаг. Манайх Айвэнхоуд тохируулж хичнээн ч хуулиа өөрчлөв дөө. Үнэхээр эмгэнэлтэй.

-Өнөөдрийн улс төрд залуус гарч ирэх механизм байна уу?

-Сонгуульд өрсөлдөж байгаа хүний сурталчилгааны үгэнд итгэнэ гэвэл дэндүү гэнэн хэрэг болно.

Би хааяа гадуур залуучуудтай уулзаж лекц уншдаг. Тэгээд залуустайгаа ярилцахад өнөө цагийн залуус мундаг, боловсролтой, улс орноо бодсон эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж байгаа нь харагддаг. Олон мянган залуус эерэг эрүүл сэтгэлгээтэй төлөвшиж байгааг хараад залуучуудаараа бахархдаг. Энэ мундаг залуусаа өөд нь гаргах механизм манайд байхгүй. Гэтэл энэ улс төрийн намууд ийм залуусыг нухчин дарж байна. Миний бодоход Үндсэн хуульд өөрчлөлт оруулаад нам бүхнийг шийддэг гэдгийг болиулах хэрэгтэй.

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах замаар эрхийг хязгаарлана гэхээр АН, МАН хоёр лав хөдлөхгүй болов уу?

-Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Улс төрийн намуудын тухай хууль, Сонгуулийн тухай хуулийг өөрчлөх гэхээр хамгийн том саад болж байгаа зүйл бол Их хурал өөрөө. Өөрсдийнх нь эрх ашиг боомилогдох учир улс төрийн намууд, УИХ-ын гишүүд амиа хорлоё гэж бодохгүй шүү дээ. УИХ бизнесийн сонирхолд захирагдсан, шуналтай хүмүүсийн товчоо болчихсон. Энэ хавар Монголынхоо газар нутгийг 60-100 жилээр гадаадын нөхдүүдэд дуудлагаар худалдана гээд хээвнэг зогсож байна шүү дээ. Газар нутгаа гадныханд худалдана гэдэг төрийн түшээдтэй байна гэдэг Монголын эмгэнэл. Ерөнхий сайд Бадамдорж гэж нөхөр 1919 онд Сү Шү Жаныг хүрээнд ороод ирэхэд орой болгон уулзаж, архи ууж хундага тулгадаг нөхөр байсан гэдэг. Түүнээс хойш Монголынхоо хувь заяанд цэвдэг ханддаг төрийн түшээ, Засгийн газар байсангүй. Тэгсэн энэ удаагийн Засгийн газар гадныханд эх нутгаа дуудлага худалдаагаар худалдах хуулийн төсөл санаачлаад барьчихсан явж байна. Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар гэдэг нөхөр тэр хуулийг нь дэмжээд УИХ дээр ярьж байна шүү дээ. Энэ нөхөр чинь Хэнтий аймгийн Биндэр сумынх. Бид хоёр нэг нутаг усных юм. Үгүй нээрээ хэлэх ч үг алга. Одоо сэрэх цаг болжээ. Энэ чинь юу болоод байна вэ.

-Засгийн газарт та нэлээд шүүмжлэлтэй хандаж байна. АН-ын Засгийн газар мухардмал байдлаасаа хэрхэн гарах вэ. Гарцыг та хэрхэн харж байна вэ?

-МАН-ын хувьд энэ Засгийн газрын хувь заяагаар тоглоод Ардчилсан намыг шатрын ойлголтоор цогц зангад оруулчихлаа. Энэ нь ганцхан нүүдэл хийнэ, тэр нь амиа хорлох. МАН-ын хувьд Засгийн газрыг огцруулах санал оруулсан. Тэр нь огцруулах гэж байгаа юм биш шүү дээ. Зөвхөн зургаа, зургаан сараар амийг нь уртасгаад сонгууль хүргэж байгаад нэг мөсөн тонгорох гэж байгаа юм. Танхимынх нь нэг сайд нь нэг охины хар тамхины асуудлаас болоод өөрийн харьяаны цагдаа, мөрдөн, АТГ, тагнуул гээд хамаг байгууллагынхаа нэр хүндийг бараад, сайдынхаа хөлд бүгд чирэгдлээ шүү дээ. Ийм байдал гаргасан салбарын сайд, Ерөнхий сайд нэг ч хоног тэвчээд сууж болохгүй. Сайн дураараа саналаараа огцрох хэрэгтэй. Харин үүний дараа АН дараагийн Засгийн газраа байгуулаад зөв бодлого явуулбал ирэх сонгуульд найдвар бий.

-Улстөрд залуусыг бодлогоор гаргах нь зөв үү?

-Монгол төрийнхөө залуу удирдагчдыг бэлтгэх чухал шаардлага байна. Улстөрд гэлтгүй нийгмийн бүх давхаргад шинэ үеийн хэрэгцээ шаардлага ус, агаар шиг хэрэгтэй байна. Энэ цаг мөчид шинэ залуусыг бодлогоор гаргаж ирнэ гэдэг бол туйлын зөв. Энэ бол өөрөө шинэ зүйл, шинэ санаачилга. Маш том зүйлийн эхлэл юм. Үр дүнд битгий яараарай. Үр дүн магадгүй 10-15 жилийн гарна. Нийгэмд ус агаар шиг хэрэгтэй байгаа зүйлийн шинэ эхлэлийг тавина гэдэг, шинэ жишиг тогтооно гэдэг өөрөө маш чухал юм. Түүнд яарч болохгүй. Залуучуудаа ганц удаагийн үндэсний төслөөр илрүүлээд орхих биш тэдний цаашдын боловсрол, төрийн албанд шат шатанд нь ахиулж бэлтгэх механизмыг давхар авч явах хэрэгтэй.

Эх сурвалж Э.ЭНХБОЛД

Эх сурвалж: "ӨДРИЙН СОНИН"

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж