Федерер, Серена нар “Cincinnati”-т түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Федерер, Серена нар “Cincinnati”-т түрүүлэв

Талбайн теннисний ээлжит цуврал тэмцээн АНУ-ын Охайо мужийн Цинциннати хотод болж өнгөрлөө. Наймдугаар сарын 11-17-ны хооронд болсон “Cincinnati” тэмцээний ганцаарчилсан төрлийн эрэгтэйд Швейцарийн Рожер Федерер, эмэгтэйд АНУ-ын Серена Уильямс нар шилдэг нь байлаа. Швейцарийн Рожер Федерер "Мастерс" тэмцээний 300 дахь ялалтаа авсан бол Серена Уильямс карьерийн 62 дахь түрүүгээ хүртлээ.

“Мастерс” ангилалын оны турш болдог есөн цувралын долоо дахь нь болох “Cincinnati” тэмцээний шигшээ тоглолт ням гаригт(08.17) болж, Швейцарын алдарт Рожер Федерер Испаний Дэвид Феррерг гурван үе үргэлжилсэн тоглолтод 6:3, 1:6, 6:2-ийн харьцаагаар хожиж, тус тэмцээний зургаа дахь түрүүгээ хүртлээ. Мөн тэрээр “Уимблдон-2012” тэмцээнээс хойш анхны тэмцээнээд түрүүлээд байна.

Тэмцээний шигшээд шалгарсан Испаний Дэвид Феррерийн хувьд шөвгийн наймд дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг хожоод байсан нутгийн теннисчин Томми Робредотой хийсэн тоглолт нь хамгийн хүнд байжээ. Энхүү тоглолтод Феррер 6:4, 3:6, 6:3-ийн харьцаагаар хожсон. Рожер Федерер тус тэмцээнд түрүүлснээр 638 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 1000 оноо хүртсэн бол Дэвид Феррер 313 мянган ам.доллар, чансааны 600 оноог өөрийн болгожээ.

 

Эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дэлхийн манлай теннисчин АНУ-ын Серена Уильямс түрүүллээ. Тэрээр ням гаригт болсон шигшээ тоглолтод Сербийн Ана Ивановичийг хоёр үеийн турш 6:4, 6:1-ийн харьцаагаар хожиж, карьерийн 62 дахь ялалтаа байгууллаа. Тэмцээнд есд эрэмбэлэгдэн тоглосон Ана Иванович хагас шигшээд ОХУ-ын Мария Шараповаг гурван үе үргэлжилсэн тоглолтод 6:2, 5:7, 7:5-ийн харьцаагаар хожиж, шигшээд шалгарсан.

АНУ-ын алдарт Серена Уильямс “Cincinnati” тэмцээний аваргаар шалгарснаар 467 мянган ам.долларын шагнал хүртэж, чансааны 900 оноог хүртжээ. Тэмцээнд есд эрэмбэлэгдэн тоглохдоо гуравдугаар тойрогт ОХУ-ын Светлана Кузнецоваг, хагас шигшээд Мария Шарапова нарын шилдэг теннисчдийг хожиж, шигшээд шалгарсан Ана Иванович 227 мянган ам.долларын мөнгөн шагнал хүртэж, чансааны 585 оноо хүртжээ.

Сануулахад, оны дөрөв дэх “Их дуулга” болох “Америкийн нээлттэй тэмцээн” наймдугаар сарын 25-наас есдүгээр сарын 8-ны хооронд Нью-Йорк хотноо болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж