Монголбанк болон үл хөдлөх хөрөнгийн “Тэнхлэг зууч”, “Актив зууч, “Монголиан пропертис” компаниудын консерциум хамтран энэ оны долдугаар сарын Орон сууцны үнийн индексийн судалгаа гаргаснаа өнөөдөр танилцууллаа.
Тус судалгаагаар орон сууцны үнэ өмнөх сарынхаас 2 хувиар, оны эхэн үетэй харьцуулбал 3.3 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй гарсан байна. Харин өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 17.2 хувь өсчээ. Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулахад өсөлт харьцангуй буурсан болохыг баталж байгаа аж. Учир нь өнгөрсөн жилийн зургадугаар сараас эхлэн иргэдэд жилийн найман хувийн хүүтэй орон сууцны зээл олгож эхэлсний дараа орон сууцны үнэ сардаа 30 гаруй хувиар өсч байсантай харьцуулахад өсөлт бага байгаа гэнэ. Мөн судалгааны багийнхны тайлбарласнаар орон сууцны үнэ өсөхөд юу нөлөөлөв гэдгийг судлаачид дагнан судалгаа хийж, гаргах ёстой аж.
Одоогийн байдлаар Улаанбаатар хотын хэмжээнд 48178 айлын орон сууц баригдаж байна. Үүний 32776 айлын орон сууц нь захиалагчаа авчээ. Мөн орон сууц барихаар төлөвлөж байсан 10 гаруй компанийн төсөл зогссон аж. Тэд санхүүгийн эх үүсвэргүйгээс шалтгаалж төслөө зогсоосон байх талтай гэнэ. Шинэ орон сууцны үнэ одоо дунджаар 1 м2 нь 2.2 сая төгрөгийн үнэтэй байна гэх мэдээллийг мөн дээрх албаны хүмүүс өглөө.
Г.БОЛОР