Төрийн өндөрлөгүүдэд уриалга хүргүүлжээ

Хуучирсан мэдээ: 2014.08.18-нд нийтлэгдсэн

Төрийн өндөрлөгүүдэд уриалга хүргүүлжээ

Ардчилсан залуучуудын холбооны залуус Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон Ардчилсан намын гишүүд, дэмжигчиддээ хандаж, өнөөдөр уриалга хүргүүлсэн байна.

Уриалгад, “…Хөл нүцгэн явахдаа амь нэгтэй явсан ах нар маань хүчтэй,чадалтай болохын цагт улс үндэстний өмнө тулгамдсан амин чухал шийдэлд сэтгэл чилээхийн оронд өвөр зуураа толхилцон, эвдрэлцэж буйг залуус бид хатуу буруушааж байна. Ард түмний олонхийн саналаар сонгогдон төр барьж, улсаа удирдаж байгаа Та бүхэн ард олныхоо хүсэн хүлээсэн ажлыг хийж, залуу үедээ зөв үлгэр дуурайл үзүүлэхийн оронд нам доторхи хувь хүмүүсийн ялих шалихгүй зөрчлөө буруу суртал болгож, залуус бидний хийж бүтээх, урагш тэмүүлэх итгэлийг мохоох үйл хийж буйг эрс эсэргүүцэж байна. Та бүхний энэ зөрчил өөр улс төрийн хүчний захиалга битгий байгаасай, өөр улс төрийн хүчний хонжоо бүү болоосой, эд хөрөнгө, эрх мэдлийн төлөөх хэсэг бүлэг хүмүүсийн золиос битгий болоосой гэж хүсч байна. Бид Та бүхнийгээ үгүйсгэж биш, та бүхнийхээ үргэлжлэл болж залгамжлах хүсэл сэтгэлтэй болохоор үүнийг учирлан анхааруулж байна. Ардчилсан намын залуус бид Та бүхний өвөр зуурын маргаан тэмцлийг уламжлан авахгүй, ёс зүйтэй, хуулиа дээдэлсэн, багаар ажиллах чадвартай шинэ үеийг төлөвшүүлэн, Монгол Улсынхаа төлөө нэгэн сэтгэлээр зүтгэх болно. Дэлхийн хүчирхэг гүрнүүд болох хоёр хөршийн удирдагчид тун удахгүй манай улсад айлчилна. Энэхүү айлчлалаар маргаашийн бидний үед Монгол улсын маань хөгжлийг өндөрт хүргэх томоохон төслүүдийг хэлэлцэн тохиролцоно гэдэгт итгэн хүлээж байна. “Толгой хагаравч малгай дотроо, олгой хагаравч тогоон дотроо” гэдэг. Энэхүү алтан боломжийг алдах эрх хэнд ч байхгүй.

Өнөөдөр Та бүхэн Монгол Улсын хувь заяаны залуур дээр сууж буй. Тиймээс гаргасан өчүүхэн жижиг алдаа тань Монголын ирээдүйг бүү харлуулаасай. Харин оновчтой шийдвэр тань бидний ирээдүйг гэрэлтүүлээсэй гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Эв найртайгаар эхлүүлсэн ардчиллын үнэт зүйлс,үзэл санаандаа үнэнч байхыг Та бүхэндээ уриалж байна.  Бид бүгдээрээ Монгол хүний саруул ухаан мэргэн шийдвэрт итгэдэг” хэмээжээ.


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж