М.Ичинноров: Намайг хүний эрхийн үндэсний комиссын дарга боллоо гэхэд иргэд баярлах байсан

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

М.Ичинноров: Намайг хүний эрхийн үндэсний комиссын дарга боллоо гэхэд иргэд баярлах байсан

Хүний эрхийн хуульч М.Ичинноровтой ярилцлаа.

-Өнөөдөр 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр. Иймд энэ өдрийн талаарх таны байр суурийг юун түрүүнд сонсмоор байна?
-Хүүхэд байхад есдүгээр сарын 1 боллоо, ерөөсөө бидний баяр гэж дуулдаг даа. Үүн шиг монголчууд өнөөдөр долдугаар сарын 1 гэдэг нэг хуанлийн өдөртэй болчихсон байна. Мэдээж есдүгээр сарын 1-нд хүүхдүүд сургуульдаа орж, амьдралын цоо шинэ эхлэл гэж хардаг. Гэтэл долдугаар сарын 1 их хар бараан өдөр болон дурсагдаж байна. Энэ өдөр нэг талаасаа сургамж болон үлдсэн. Нөгөө талаас ард түмэнд улс төрийн эрх чөлөөгөөр баталгааждаг тусгаар тогтнол гэдэг зүйл ямар чухал болохыг харуулж өгсөн.

-Бүхэл бүтэн таван хүний амийг золиосолж, нийгэмд асар их хохирол учруулж байж сургамж авах шаардлага төрд байсан юм уу?

-Нэгэнт болоод өнгөрсөн хэрэг учраас сургамж гэж харахаас өөр аргагүй. Гэхдээ ард түмэнд гэхээс илүүтэй эрх баригчдад сургамж болох ёстой. Ямар ч үнээр хамаагүй улс төрийн эрхийг авах гэж оролдох нь ямар их хортойг харуулж өгсөн.
 
-Сонгуулийн будилааны гол эзэн нь МАХН гэсэн байр суурь өнөөдөр ч хүчтэй байна. Та тэр үед Иргэний эвслээс нэр дэвшиж байсан. Өнөөдөр МАХН-ын ги­шүүн. Тэгэхээр дүгнэлт тань өөрчлөгдсөн үү гэж асуумаар байна?

-Тухайн үед хийж байсан дүгнэлт хэвээрээ. Сонгууль луйвардсан уу гэвэл луйвардсан. МАХН болон Ардчилсан нам хоёулаа буруутай. Би нийгэмд гэрэл асаахыг хүсдэг. Иймд одоо хамгийн их гэрэл асаах ёстой газар нь байх ёстой гэж үзсэн. Өөрөө байр суурь тань өөрчлөгдсөн үү гэж асуусан. Миний бодол өөрчлөгдөөгүй. Дотроос нь өөрчлөлт хийх хэрэгтэй байна. Би сонгуульд ялагдаад явж байхдаа нэг л зүйлийг ойлгосон. Нэгэнт тогтсон, нэг хэв маягт баригдсан улс төрийн машиныг гаднаас нь хэлээд, загнаад, зандраад шинэчилдэггүй юм байна гэдгийг ойлгосон. Үүнийхээ оронд дотроос нь шинэчилж, эрх мэдлийн хуваарилтад нь оролцох замаар өөрчилж, шинэчлэх нь илүү үр дүнтэй юм шиг санагдсан.

-Энэ үйл явдалд Ж.Батзандан, О.Магнай нар нэр холбогдсоор байх нь тодорхой. Та нэгэн цагт тэдэнтэй хамт явсны хувьд долдугаар сарын 1-ний талаар ойрмогхон уулзаж ярилцсан уу?

-Эргэж ярилцаагүй. Их сонин санаа байна. Би тэр өдөр Дарханд байсан. Тэнд бас л зүгээр байгаагүй. Би Улаанбаатар руу ирэх гээд замд явж байхад Урьханы ойролцоо “Дарханд хүмүүс гудамжинд гар­чих­сан, жагсч байна. Чамайг дуудаад байна” гэхээр нь эргэж очсон. Тэр үед юу болсныг, юу болж байгааг мэдээгүй л дээ. Тэндээсээ эргээд хот руу ирж байхдаа замын цайны га­зар орсон чинь эзэн эмэгтэй нь хоо­лоо маш эвгүй шидэж өгсөн. Гай­хаад харсан чинь “Би таны төлөө саналаа өгсөн. Та нар тэгэхэд мон­голчуудыг яаж байгаа юм бэ” гэж хэлэхэд үнэхээр зүрх рүү ёг хийгээд явчихсан. Тэгээд шууд хот руу ирэ­хэд баахан буутай, зэвсэглэсэн цаг­даа нар шалгахад би гараагүй, нүү­рээ үсээрээ нууж байж хотод орж ирсэн.

-Яагаад өөрийгөө нуусан юм бэ?

-Ж.Батзандан, О.Магнай нарыг хайж байсан. Иймд нэгэнт би тэдэнтэй л хамт явж ирсэн юм чинь өөрийгөө бас нуух хэрэгтэй байсан. Тэр хоёр шоронд орсон. Би харин ороогүй. Гэхдээ миний эргэн тойрны хүмүүс болон намайг байцааж шалгасан. Надаар дамжуулж АНУ-гаас санхүүжилт оруулж ирж, энд жагсаал зохион байгуулсан гэдэг хардлага их байсан шүү.

-Та тэр үед хотод байгаагүй дээ баярладаг уу?

-Баярладаг шүү. Би энд байсан бол анх Сүхбаатарын талбайд эхлүүлж байсан тэр тайван жагсаалд нь очих л байсан байх.

-Та МАХН-ыг эрх мэдлийн хуваарилалтаар дамжуулж шинэчлэхийг хүссэн гэж байна. Тэр эрх мэдлийн хуваарилалтаар та хаана очихийг хүсээд байгаа юм бэ?

-Монголд төрийн эрх мэдлийн хуваарилалт намаар дамжиж байгаа нь үнэн. Хэн ч үгүйсгэхгүй байх. Тэр тусмаа МАХН-ын хувьд.  Тэгэхээр намын дотор байж тэр эрх мэдлийн хуваарилалтад хүрэх юм байна гэдэг утгаар хэлсэн юм. Монголд өнөөдөр тухайн нэг ажлыг чин сэтгэлээсээ хийж чадах, тэр ажлыг хийхийн төлөө төрсөн юм шиг ажилладаг тэр хүмүүсийг байх ёстой байранд нь, хаших ёстой албан тушаалд нь хүргэмээр байна. Тэр хүний зүрх юуны төлөө цохилж байгааг чагнах хэрэгтэй байна.

-Та тэгвэл өөрийнхөө байх ёстой газрыг хаана гэж тодорхойлов?

-Хүний эрхийн үндэсний комисс гэж анх байгуулагдахад л би шаардлагыг нь хангах боловсон хү­чин нь байсан. Хүний эрхийн ал­тан хараацай болж, хүний эр­хийн хуульчийн ажлыг Монголд эх­лүүлсэн. Сая Хүний эрхийн үн­дэсний комиссын даргыг томилох тухай асуудал яригдсан. Нам дотор  намайг олон хүн дэмжиж байсан. Би ч өөрийгөө санал болгосон. Нэрээ оруулж ирэхэд их олон хүн “Энэ их боломжийн хүн. Хийх ёстой хүн” гэж байсан ч улс төрийн эрх ашиг үүнд нөлөөлсөн. Тэр нөлөөгөөр ха­рамсалтай нь хуульч биш хүнийг улс төрийн өндөр албан тушаалын турш­лагатай гэдэг үндэслэлээр намын Удирдах зөвлөлөөс оруулж ирлээ.

-УИХ-ын гишүүн асан Д.Алтайг нэр дэвшүүлсэн байсан. Та түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа хэрэг үү?

-Би Алтай гуайг чадахгүй гэж хэлэхгүй. Гэхдээ би илүү чадах байсан гэдэгтээ итгэлтэй байна.

-Та энэ намд элсэхдээ МАХН залуусаа их дэмждэг гэдгийг нь гол хүчин зүйлээ болгосон гэж байсан. Гэтэл энэ томилгооноос үүдээд асуухад таны итгэсэн шиг дэмжихгүй байгаа юм биш үү?

-Намайг нэгд шинэ гэж харж байна. Нэг ёсны гадны хүн хэвээрээ гэж үзээд байх шиг байна. Мөн хэт их бие даасан хүн гэж үзсэн байх. Тэгвэл Хүний эрхийн үндэсний комиссын даргын алба бол хамгийн их бие даасан, хараат бус хүн байх ёстой. Тэр утгаараа би их тохиромжтой байсан. Гэтэл аливаа томилгоо улс төрийн ашиг сонирхлоос үүдэлтэй байдаг гэдгийг л дахин нотолж өглөө л дөө. МАХН-ын гишүүд ч, Ардчилсан намынхан ч, жирийн иргэд ч Ичинноров Хүний эрхийн үндэсний комиссын дарга болсон гэж дуулбал бүгд л баярлах байсан.

-Та үүндээ итгэлтэй байна уу?

-Итгэлтэй байна. МАХН өнөө­дөр хийе, бүтээе, шинэчилье гэ­сэн хүсэлтэй залуусаа дэмжээд өгөх хэрэгтэй. Үүнийг би энэ ярилц­лагаараа хэлмээр байна. Яагаад гэ­­хээр би энэ намын гишүүн хүн. Гишүүдийн хүсэл сонирхлыг илэрхийлэх үүрэгтэй гэж бодож байна.

-Энэ томилгооноос үүдээд МАХН-д элсч байх тэр үеийн итгэл тань өмнөх янзаараа байж чадаж байна уу?

-Би зовлон үзсэн хүн. Надад нэг, хоёр удаагийн ялагдал, уналт бол байдаг л зүйл. Энэ томилгоон дээр би ялагдлаа. Гэхдээ итгэлээ алдаад, сэтгэлээр унахгүй. Дахиад босоод алхана. Ичинноров маш том алхам хийгээд энэ намд орсон. Ард түмэн, намын гишүүд харж байгаа. Намайг ард түмэн таньдаг. Над дээр гэрэл тусч байна. Тэр гэрэл тусч байгаа хүнийг нам нь яаж дэмжиж байна вэ гэдгийг ард түмэн харж байгаа. Энэ хүнийг яаж дэмжих вэ гэдгээс олон хүн өөрийн алхмыг хаашаа хийх вэ гэдгээ шийднэ. Иймд энэ томилгоог би МАХН-д сургамж боллоо гэж бодож байна.

-Ямар утгаараа сургамж болсон гэж. Энэ яриа тэр чигтээ гомдол болоод байгаа юм биш үү?

-Энэ нам өөрчлөгдье гэж бодвол эрх чөлөөг дээдлэгч хүнийг илүү дэмжих ёстой гэдэг утгаараа сургамж болох ёстой. Надад гомдоод байх зүйл алга. Энэ нам руу орж ирэхэд хэр дэмжих вэ гэж харж, хүлээж байгаа залууст нэг үүд хаалга болох байсан гэдгийг би дахиад хэлмээр байна. Үнэхээр намайг томилоогүй нь миний хувьд бус Монголын ард түмний хувьд харамсалтай л хэрэг боллоо.

Г.ОТГОНЖАРГАЛ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж