Анагаах ухаан судлалын үр дүнг сайжруулна

Хуучирсан мэдээ: 2014.08.16-нд нийтлэгдсэн

Анагаах ухаан судлалын үр дүнг сайжруулна

Ази, Номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүчдийн холбоо, Номхон далайн баруун бүсийн анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгууллагын хамтарсан олон улсын хурал Монгол Улсад анх удаа болж байна. Энэ сарын 13-17-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болж буй тус хуралд Ази, номхон далайн бүсийн 15 орны 50, манай улсын 150 гаруй төлөөлөгч оролцож байна.

Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлийн редакцийн зөвлөлийн хамтарсан хурал маргааш буюу наймдугаар сарын 17-нд Тусгаар тогтнолын ордонд хуралдаж, өндөрлөнө. Энэхүү хурлыг Монголын талаас ЭМЯ, Анагаах ухааны академи, анагаах ухааны сэтгүүл, анагаах ухааны холбоо, НЭМҮТөв зэрэг байгуулагууд олон улсын холбоодтой хамтран зохион байгуулж байна.

Шинжлэх ухаан технологийн ерөнхий хөгжлийн хурд улам нэмэгдэж буй өнөө үед хүний эрүүл мэндийг хамгаалан бэхжүүлэх, өвчин эмгэгийг оношлох, сэргийлэх эмчлэх, алдагдсан бүтэц үйл ажиллагааг нөхөн сэргээх арга ажиллагаа байнга шинэчлэгдэн эрүүл мэнд-анагаах ухааны технологийн дэвшил ч хурдацтай өөрчлөгдөж байна. Энэ нь шинжлэх ухааны шинэ мэдээллийг цаг тутамд тусламж, үйлчилгээнд нэвтрүүлэхийг шаардаж байгаа бөгөөд үүнийг хангах гол хэрэгсэл нь цахим болон хэвлэвэл сэтгүүлүүд байдаг. Эдгээр сэтгүүлийг хөгжүүлэх нь анагаах ухааны салбарт ажиллагсдын анхаарал татаж буй нэг асуудал. Тиймээс Ази, номхон далайн орнуудын анагаах ухааны сэтгүүлүүдийн холбоо, анагаах ухааны сэтгүүлүүдийг индексжүүлэх байгуулагуудын хамтарсан хуралдаан жил бүр болдог байна.

Манай улс дээрх байгууллагуудын гишүүн бөгөөд 2008 оноос хойш үйл ажиллагаанд нь тогтмол оролцож, анагаах ухааны 11 сэтгүүлээ бүртгүүлж, эдгээр сэтгүүлийн цахим мэдээний сан байгуулж, шинжлэх ухааны нотолгоог эрүүл мэндийн салбарын бүх шатанд цаг алдалгүй шуурхай ашиглах боломжийг бүрдүүлээд байна.

Манай улсад анхлан зохион байгуулж буй энэ удаагийн олон улсын хурал анагаахын сэтгүүлүүдийн өнөөгийн стандарт болон хэтийн төлөв, олон улсын стандартад нийцсэн мэдээллийн нэгдсэн санг баяжуулах, анагаах ухааны эрдэм судлалын ажлын чанар үр дүнг сайжруулахад зөвхөн Монголын төдийгүй Ази, Номхон далайн бүсийн хэмжээнд чухал ач холбогдлоо өгч байгааг зохион байгуулагчид онцоллоо.

Ч.БОЛОРЧУЛУУН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж