Фото: EPA/ROLEX DELA PENA
Залуучуудын зуны олимпийн II тоглолтын нээлт өнөөдөр Хятадын Наньжин хотын спортын төвд нээгдэж байна. Дэлхийн 202 орны 14-18 насны 3600 тамирчид спортын 30 төрлийн 222 медалийн төлөө өрсөлдөнө.
ОУОХ Залуучуудын тоглолтод Эбола тахал гарсан орнуудын гурван тамирчинг оруулсангүй
Тоглолтын гол өрсөлдөөнийг хятад тамирчид гаргана гэж үзэж байна. Анхны наадамд түрүүлж байсан тэд энэ удаа зохион байгуулагчийн хувьд оролцож байгаа учир бүх төрөлд тамирчдаа оролцуулж байна.
“Наньжин-2014” залуучуудын II наадам спортын 30 төрлөөр явагдана. Үүнд: академик сэлэлт, бадминтон, сагсан бөмбөг 3х3, бокс, бөхийн барилдаанууд, дугуйн спорт, гандбол, гольф, байдарка ба каноэ завийн сэлэлт, морин спорт, хөнгөн атлетик, ширээний теннис, дарвуулт завийн спорт, усанд сэлэлт, элсэн дээрх волейбол, усанд үсрэх, регби-7, орчин үеийн таван төрөлт, спортын гимнастик, буудлага, нум сумын харвалт, теннис, триатлон, таэквандо, хүндийг өргөлт, сэлэмийн спорт болон хөлбөмбөг, зүлэгний хоккей, уран сайхны гимнастик орж байна.
Тоглолт наймдугаар сарын 24 хүртэл үргэлжлэх бөгөөд өдөр бүр 14-29 медалийн багцын эзэд тодорно.
Хамгийн анхны бөгөөд эцсийн болох Дэлхийн залуучуудын тоглолт Москвад 1998 онд болоход 140 орны 7500 тамирчид оролцож байжээ. Тэр үед залуучуудын тоглолт нь олимпийн гэсэн статусгүй байсан ба Олон улсын Олимпийн хороо Залуучуудын өвөл, зуны тоглолтыг дөрвөн жилд нэг удаа явуулах шийдвэрийг 2007 онд гаргасан. Залуусын анхны зуны наадам 2010 онд Сингапурт болж өнгөрсөн юм. Харин анхны Залуучуудын өвлийн олимп 2012 онд Австрийн Инсбург хотноо болсон ба дараагийнх нь 2016 онд Норвегийн Лиллехаммер хотноо болно.
2010 оны наймдугаар сарын 14-26-нд Сингапур улсад зохиогдсон анхдугаар наадмыг Хятадын тамирчид нийт 51 медаль (алт 30) авсан амжилтаар тэргүүлж байсан ОХУ 43 медаль (алт 18) хүртсэн амжилтаар удаалжээ. Энэ удаа Оросын 84 тамирчин 20 гаруй төрлөөр өрсөлдөнө.
"Наньжин-2014" залуучуудын II наадамд Монголоос буудлагын Н.Ангирмаа, жүдогийн Ц.Цогтбаатар, Ц.Хулан, чөлөөтийн Б.Дөлгөөн, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нарын тамирчид дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөнө. Мөн ширээний теннисний тэмцээнийг Монголын шүүгч Энэбишийн Мөнхбилэг шүүх юм.
Залуучуудын III олимп дөрвөн жилийн дараа Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо болохыг ОУОХ зарласан.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР