МАН-ын бүлэг эвтэй байхыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

МАН-ын бүлэг эвтэй байхыг уриаллаа

Сүүлийн үед үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулж, УИХ дахь МАН-ын бүлгээс улстөрийн намуудад хандан эвтэй байхыг хүсч, уриалга гаргаад байна. Уг уриалгад “Улс орны нийгэм, эдийн засаг амаргүй байгаа энэ үед эдийн засгийн голлох түншлэгч хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн өндөр, дээд хэмжээний айлчлал болох гэж байгаа нь улс төрийн хувьд ихээхэн ач холбогдолтой, улс орны эдийн засгийг сэргээх, гадаад хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх үр өгөөжтэй цөөнгүй шийдвэрүүд гаргах түүхэн боломжийг олгох юм.

БНХАУ-ын дарга Ши Жинпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлалд Монгол Ардын Нам ихээхэн ач холбогдол өгч, Монгол Улсад, Монголын ард түмэнд үр ашигтай, хөрш орнуудын харилцааг шинэ түвшинд гаргасан үр дүнтэй айлчлал болно гэдэгт итгэж байна.

МАН улс орныхоо тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа сайн сайхны төлөө ямагт нэгэн үзүүрт сэтгэлээр хандаж ирсний хувьд хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалыг чухалчлан үзэж, хувийн болон нам, бүлэглэлийн эрх ашгаас илүүтэйгээр улс үндэстнийхээ эрх ашгийг эрхэмлэн дор бүрнээ эв нэгдэлтэй байхыг улс төрийн бүхий л намууд, төрийн бус байгууллагуудад уриалж байна.

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, гадаад бодлогын асуудлуудаар улс төрийн бүхий л намууд нэгдмэл байж, улс эх орныхоо эрх ашгийг тэргүүн эгнээнд тавьж ажиллана гэдэгт итгэж байна.

Улс орны эдийн засгийг сэргээх, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, томоохон төслүүд дээр хамтран ажиллах асуудлыг улс эх орны эрх ашигт нийцүүлэн шийдвэрлэх бололцоотой, үр өгөөжтэй түүхэн айлчлал гэж Монгол Ардын Нам үзэж байна. Хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын үеэр хэлэлцэх эдийн засгийн асуудлуудыг ил тод, нээлттэй байдлаар шийдвэрлэх ёстойг онцлон тэмдэглэе” гэжээ.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж