Н.Алтанхуягаар “оролдоход” хүргэсэн үү?

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

Н.Алтанхуягаар “оролдоход” хүргэсэн үү?

Н.Алтанхуягаар “оролдоход” хүргэсэн үү?

Си даргатай хамт ирэх мөнгө Н.Алтанхуягаар “оролдоход” хүргэсэн үү?

Улсын төсөв 30 хувийн алдагдал хүлээх нь тодорхой болж, ам.долларын ханш  1900-г давж, хөрөнгө оруулалт зогсонги байдалд  орсон нь зун дуусаагүй байхад  улс төрийн амьдралыг хөдөлгөөнд оруулж орхилоо. Эдийн засгийн “уналт” үргэлжилсээр байгаа яг энэ цагт Засгийн газрыг огцруулах тухай яриа  эрчээ  авах шинжтэй байна. Парламентад суудалгүй намууд Ерөнхий сайдыг огцруулах  үндэслэлүүдийг танилцуулж, спикерт энэ тухай бичгээ өргөн барихаар болсноо дуулгав. Манайд  Дээд шүүхэд бүртгэлтэй улс төрийн 22 нам бий. Тэдний 17 нь  парламентад суудалгүй. Тэдгээрээс 13 нь Засгийг унагах бичигт нэгдэж гарын үсэг зурсан гэнэ.

Өмнө нь хоёр ч  удаа бичиг сачиг  болж байсан тэд Ерөнхий сайдыг огцруулах есөн үндэслэл гаргаж ирснээ ч танилцуулж байна. Үүнд нь  авлига, бондын мөнгөний зарцуулалт, өр, хууль  зөрчсөн явдал гэх мэтийг оруулжээ.  Мөн хоёр хөршийнхөө давуу талыг ашиглаж, ашигтай хамтран  ажиллаж чадаагүй хэмээн цохон  тэмдэглэсэн байна. Иймийн учир  хөршүүдийнхээ  төрийн тэргүүнүүдийг айлчлахаас өмнө УИХ-ыг  ээлжит бусаар хуралдуулж Н.Алтанхуягийг “сандлаас нь ховхлох” ёстой гэж үзэж. Тэдний энэ санаан дээр мэдээж МАН-ынхан нэгдэж  байгаа.

Н.Алтанхуяг руу  чиглэсэн “сум” ийнхүү дахин  “шунгинаж” эхлэв. Улс орны эдийн засгийн байдал  хүндхэн байгаа нь үнэн боловч яг энэ цагт бид нэгнийгээ огцруулж тоглох нь хэр зөв бэ  гэдгийг бодох ёстой байх. В.Путин, Си Зиньпин хоёрыг ирэхэд нь огцорсон, огцруулсан баахан бужигнасан “амьтад” байвал дэлхий нийтэд ямар харагдах бол. Угтаа бол хүчирхэг хөршүүдийнхээ удирдагчдын  айлчлалаар дамжуулан бид  хөрөнгө оруулалтын таатай  орчинтой орон гэдгээ  дэлхий нийтэд харуулах том боломж бидэнд  тохиож байна.

Засгийн газар сайн ажиллаагүй, Ерөнхий сайдад хариуцлага тохох нь зүй боловч цаг нь одоо биш болов уу. Улс төр болоод бусад бүх зүйл нь тогтворжсон Монгол Улсыг бид дэлхийд сурталчилж байж хөрөнгө оруулалтаа нэмж, эдийн засгаа аварна. “Олгой хагаравч тогоон дотроо” гэсэн ардын үг бий.

Улс орны эдийн засгийн байдал  хүндхэн байгаа нь үнэн боловч яг энэ цагт бид нэгнийгээ огцруулж тоглох нь хэр зөв бэ  гэдгийг бодох ёстой байх. В.Путин, Си Зиньпин хоёрыг ирэхэд нь огцорсон, огцруулсан баахан бужигнасан “амьтад” байвал дэлхий нийтэд ямар харагдах бол.

Үүнийгээ ч бодсон бид  дэлхийн сонорт хэсэгтээ байх түүхэн   айлчлалын үеэр  эв нэгдэл, шударга  зах зээлтэй, ардчилсан улс гэдэг имижээ бүрмөсөн алдчихмааргүй байгаа юм. Эв нэгдлийн бэлгэдэл гэж суудаг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч энэ үед үгээ хэлэх ёстой. “Төр төвшин, Засаг тогтвортой  байх нь нэн чухал”  хэмээн ярьдаг нь төрийн тэргүүний өөрийгөө  бодсон шоу, улсаа гэсэн сэтгэлийн аль  нь  болохыг ялгах аргагүй байна.

Бид бодит байдлыг бүгдээрээ мэдэж  байгаа. Н.Алтанхуягийг  “унагаж”, Засгаа тонгоруулаад эдийн засаг сайжрахгүй гэдгийг.  Парламентад суудалгүй намуудын тухайд эрх баригч намын эрх мэдэл бүхий өөрсдийнх нь зарим гишүүдийн явуулга тэдний ард нуугдаж буй гэдгийг эх сурвалжууд онцлов. Тэдний  ард хэн байгаа нь бас  л  сонирхолтой улс төр. Бас нэг яриа сүүлийн  үед дуулдаж  эхлэв.

Энэ  бол  Н.Алтанхуягийг  “унагах” сонирхол Си Зинпин даргатай хамт ирэх олон сая юанийн хөнгөлөлттэй зээлийн сургаар идэвхжсэн  тухай. Бүр тодруулбал өмнөд хөршийнхөн  бидэнд 10 тэрбум юанийн хөнгөлөлттэй зээл өгөх хэлэлцээрт Си дарга энэ удаагийн айлчлалынхаа үеэр гарын үсэг зурахаар төлөвлөсөн гэнэ. Иймээс энэхүү  мөнгийг  зарцуулах эрхийн төлөө Ерөнхий  сайд болох  сонирхолтой АН-ын нэлээд хэдэн хүн Н.Алтанхуягийг “чангааж” суудалгүй намуудын  нэрээр далд улс төр хийж  байгаа хардлага байгаа юм.

Дахин  бичиглэхэд хөрөнгө оруулалтаа сэргээх том боломж бидний  өмнө  байна. Дэлхийн сонор Монгол руу нэг хэсэгтээ чиглэх үед  бужигнаад байвал өөрсдөө л хохирно. АН-д ард түмэн итгэж, төрийн эрхийг бүрэн олгосон. 2016 он ойртож байгааг тэд мэдэж  байгаа гэж найдна. Тиймээс энэ удаад огцруулах, унагах асуудлаа  түр  хойш тавьж эдийн засгаа, улс орноо бодсон нь дээр байж мэднэ. Н.Алтанхуягт, АН-д, Шинэчлэлийн Засгийн газарт дүн  тавих  цаг  оройтохгүй байх.

Ө.БАТХҮҮ

Эх сурвалж: "ЗУУНЫ МЭДЭЭ" сонин

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж