Зөвлөлийн дайчдын алдрыг мөнхлөх хөшөөний засварын ажил өнөөдөр дуусна

Хуучирсан мэдээ: 2014.08.15-нд нийтлэгдсэн

Зөвлөлийн дайчдын алдрыг мөнхлөх хөшөөний засварын ажил өнөөдөр дуусна

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 61 дүгээр тогтоолын дагуу нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Ой тэмдэглэх тухай” А/412 дугаар захирамж гаргаж Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойд бэлтгэх, тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах Нийслэлийн салбар комиссыг байгуулсан. Тус комиссын даргаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр салбар комиссын ээлжит хурал боллоо.

Хурлаар түүхт ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Халхын голын дайны ялалттай холбоотой хөшөө дурсгалуудыг нийслэлийн хөрөнгөөр сэргээн засварлаж, ойр орчмын талбайг тохижуулж байгаа ажлын талаар Нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газраас мэдээлэл өглөө. Зайсан толгой дахь Зөвлөлийн дайчдын алдрыг мөнхлөх хөшөөг 2009 оноос хойш засварлаагүй бөгөөд энэ жил 85 сая төгрөгөөр засварлаж, тохижилтын ажлыг хийсэн байна. Гэрээний дагуу тус хөшөөний засвар өнөөдөр бүрэн  дуусна.  Харин бусад хөшөөний засвар, орчны тохижилт энэ сарын 21-н гэхэд дуусч, салбар комисст хүлээлгэж өгөхөөр ажиллаж байна гэлээ.

Халх голын байлдаанд Монгол Улсаас оролцсон ахмад дайчдаас 25 нь Нийслэл хотод амьдардаг бөгөөд түүхт 75 жилийн ойн үйл ажиллагаанд эдгээр ахмадуудыг оролцуулахад анхаарч ажиллахыг дүргүүдийн Цэргийн штабын дарга нарт үүрэг болголоо.  Мөн цэцэг өргөх ёслол, хүндэтгэлийн хурал, үдшийн цэнгүүний үеэр иргэдийн  аюулгүй байдлыг хангахад Нийслэлийн цагдаагийн газраас анхаарч, цагдаагийн бие бүрэлдэхүүн нэмэлт хүчээр ажиллана гэдгийг Нийслэлийн цагдаагийн газраас мэдээллээ. Харин 08 дугаар сарын 23-ны 21 цагт Чингисийн талбайд болох үдшийн цэнгүүний үеэр талбайн хажуу талын замын хөдөлгөөнийг түр хугацаанд хаахаар төлөвлөж байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж