Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг байгууллаа

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээг байгууллаа

Монгол Улсын Засгийн газар болон “Оюу толгой” ХХК-ийн хооронд “Өмнөд бүсийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ”-нд гарын үсэг зурах ёслол өнөөдөр боллоо.

Ингэснээр өмнөд бүсийг цахилгаан эрчим хүчээр тогтвортой хангах цогц төлөвлөгөөг ажил хэрэг болгох, урт хугацааны стратегийн хамтын ажиллагааны үндэс суурийг тавьж байгаа төдийгүй “Тавантолгой цахилгаан станц төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлэхэд хамтрах юм. Төрийн ордонд болсон гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцсон бөгөөд Засгийн газрыг төлөөлж Эрчим хүчний сайд М.Сономпил, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга С.Отгонбаяр, Оюутолгой компанийг төлөөлж тус компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүх, гүйцэтгэх ерөнхий захирал Крейг Киннел нар гэрээнд гарын үсэг зурсан юм.

Эрчим хүчний сайд М.Сономпилийн хэлж байгаагаар хоёр тал хамтарснаар дотоодын цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх,  гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чухал ач холбогдолтой аж.

Рио Тинто компанийн Зэсийн группийн гүйцэтгэх ерөнхий захирал Жан Себастьян Жак “Эрчим хүчний салбарт хамтран ажиллах гэрээ нь Оюу толгойн хувьд томоохон дэвшил болж байна. Энэ нь Засгийн газар болон Оюутолгой компани нэгдмэл зорилгын төлөө хэрхэн ажиллаж чадахыг батлан харуулсан үйл явдал боллоо. Бид өмнөд бүсийг урт хугацааны, эдийн засгийн хувьд өрсөлдөх чадвартай, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангахад хамтран ажиллах юм” хэмээн хэлсэн юм.

Г.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж