Спортын ирээдүйн одод Наньжиныг зорилоо

Хуучирсан мэдээ: 2014.08.14-нд нийтлэгдсэн

Спортын ирээдүйн одод Наньжиныг зорилоо

БНХАУ-ын Наньжин хотноо энэ сарын 16-28-нд болох “Наньжин-2014” залуучуудын II наадамд оролцох тамирчдыг өнөөдөр үдэн гаргалаа. Залуучуудын олимпод эх орноо төлөөлөн таван тамирчин оролцох юм. Монголоос буудлагын Н.Ангирмаа, жүдогийн Ц.Цогтбаатар, Ц.Хулан, чөлөөтийн Б.Дөлгөөн, хүндийг өргөлтийн М.Анхцэцэг нарын тамирчид дэлхийн үеийнхээ шилдгүүдтэй өрсөлдөнө. Мөн ширээний теннисний тэмцээнийг Монголын шүүгч Энэбишийн Мөнхбилэг шүүх юм.

“Нанжин-2014” залуучуудын II наадамд 204 орны 3600 гаруй тамирчин спортын 28 төрөлд 222 багц медалийн төлөө өрсөлдөнө. Тэмцээнийг зохион байгуулагч БНХАУ-аас 123 тамирчин оролцох бол Бразил 97, АНУ 98, ОХУ 84, Герман 85, Египет 83, Франц 82 тамирчнаа сойж байна. Азийн орнуудаас Япон 78, БНСУ 75, Тайланд 37, Малайз 20, Иран 16 болон БНАСАУ-аас 6 тамирчин оролцох аж.

Сануулахад, Гватемала улсын нийслэл Гватемала хотод 2007 оны VII сард чуулсан ОУОХ(LOC)-ны ээлжит 119 дүгээр чуулганаар ОУОХ-ны ерөнхийлөгч асан, Жак Роггегийн санал санаачлагыг чуулганы гишүүд хэлэлцэн дэмжсэнээр залуучуудын анхдугаар олимпийн наадам зохион байгуулах болсон билээ. Залуучуудын зуны анхдугаар наадам 2010 оны наймдугаар сарын 14-26-нд Сингапур улсад зохиогдсон түүхтэй. Тэрхүү наадамд 205 орны 3517 тамирчин спортын 25 төрөлд өрсөлдсөн юм. Анхдугаар наадамд манай улсаас спортын долоон төрөлд 11 тамирчин хурд хүчээ сорьсноос Б.Батцэцэг (эмэгтэй, чөлөөт бөх), Г.Эрдэнэболд (спортын гимнастик) нар алтан медаль, жүдочин О.Дөлгөөн (багийн төрөл) хүрэл медаль хүртэж, Монгол Улсын баг, тамирчид багийн дүнгээр 32 дугаар байр эзэлж байсан юм.

Ч.БОЛОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж