Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг тэмдэглэхтэй холбогдуулж Батлан хамгаалах яамнаас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
1939 онд болсон Халх голын дайнд оролцсон ахмад дайчдаас эдүгээ 34 нь энх тунх амьдарч байгаа аж. Тэдний хамгийн отгон нь 95 настай юм байна. Мөн Монгол Улс дахь ОХУ-ын Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээгээр тус дайнд оролцсон Оросын ахмад дайчдаас долоон иргэн энх тунх амьдарч байгаа. Тэр бүгдэд Халх голын ялалтын 75 жилийн ойд оролцох урилга илгээнэ гэдгийг холбогдох албаны хүн хэллээ. Мөн Халх голын дайнд оролцсон ахмад дайчдад нэг удаагийн мөнгөн тэтгэмж олгох юм байна.
Энэ талаар бид Батлан хамгаалах яамны Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Халх голын ялалтын 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх комиссын нарийн бичгийн дарга Д.Мөнх-Очироос тодрууллаа.
-Халх голын дайн оролцсон ахмад дайчдад мөнгөн тэтгэлэг олгоно гэлээ. Хэдий хэмжээний тэтгэлэг олгох юм?
-Халхын голын байлдааны ажиллагаанд оролцсон дайчдаас өнөөдөр 34 ахмад энх тунх байна. Хамгийн залуу нь 95 настай, баярын ажиллагаанд оролцох урилга илгээж хүндэтгэл үзүүлнэ. Засгийн газар тогтоол гаргаснаар ахмад дайчдад мөнгөн дэмжлэг үзүүлэхээр болсон. Айхтар том дэмжлэг болж чадахгүй ч төр ард түмэн ахмад дайчидаа талархалаа илэрхийлж, хүндэтгэл үзүүлж байгаагийн нэг илрэл. Өмнө нь ийм арга хэмжээ авч байгаагүй. Мөнгөн тэтгэлгийн хэмжээний тухайд ахмад дайчид болон ар гэрийнхнийх нь мэдээлэл болоод үлдэг дээ.
-Шадар сайдын мэдээллээр 100 сая төгрөгийг баталсан гэж байсан, түүнээс урамшуулал олгогдоно гэж ойлгож болох уу?
-Ерөнхийдөө 100 сая төгрөгийн дийлэнхийг ахмад дайчдын тэтгэлэгт зарцуулна гэж ойлгож болно.
-Халх голын дайнд орлцсон ОХУ-ын дайчдаас хэд нь ойн баярт хүрэлцэн ирэх бол?
-ОХУ-ын хэмжээнд Халхын голын байлдаанд оролцсон долоон ахмад дайчин байна гэж өчигдөр Элчин сайдын яаманд мэдээлсэн. Тав нь Москва хотод оршин сууж байгаа бол хоёр нь хөдөө муж хязгаарт амьдарч байгаа юм билээ. Урилга илгээж байна. Нас бас өндөр гарсан байж таарна, хэд нь хүрэлцэн ирэхийг хэлж мэдэхгүй байна.
-Ойн хүрээнд олон улсын эрдэм шинжилгээний хурал болно гэлээ. Халх голын дайнтай холбоотойгоор шинэ мэдээллүүд гарч байгаа юу?
– Халх голын дайнтай холбоотой шинэ,шинэ баримтууд гарч ирсээр байна. Дайн болох шалтгаан, дайны үр дагаврын талаар шинэ судалгаанууд гарч ирж байна. Энэ бүхнийг олон улсын эрдэм шинжилгээний хурал дээр дэлгэж олны хүртээл болгоно. Халх голын дайнд Монголын цэрэг дайчид, Зөвлөлтийн армийн дайчид хамтран ялалт байгуулснаар Эх орны дайны жилүүдэд Япон улс Орост дайн зарлахгүй байх нөхцлийг бүрдүүлсэн. Мөн Эх орны дайн сунжрахгүй байх боломж бүрдүүлсэнээр Халх голын дайн чухал үүрэг гүйцэтгэсэн гэж ОХУ-ын албаны хүмүүс, судлаачид ярьж байна лээ. Энэ бүхэн болоод шинэ шинэ судалгаанууд эрдэм шинжилгээний бага хурал дээр яригдана.
-Уран сайхны кино, баримт кино бүтээгдсэн үү?
-Баримтат кино бүтээгдсэн нь энэ оны тавдугаар сараас эхлээд үзэгчдийн хүртээл болсон. Халхын голоос төрсөн Монгол Улсын дөрвөн баатрын мэндэлсний 100 жилийн ой тохиож байгаа. Генерал Б.Дорж, Ц.Олзвой, Л.Дандар, Л.Гэлэгбаатар гээд… Мөн Халх голын талаар цуврал баримтат нэвтрүүлгүүд баярын өдрүүдэд цацагдана.
Уран сайхны киноны тухайд, хэсэг залуу уран бүтээлчид өөрсдийн санаачлагаар “Эх орны дуудлагаар” уран сайхны кино хийсэн, нээлт нь энэ сарын 21-нд болохоор байгаа.
Онцлоход, түүхт ойг угтсан ажил тавдугаар сараас улс даяар эхэлсэн байна. Тодруулбал, Халх голын байлдааны ялалтын 75 жилийг ойг угтаж Монгол Улсын гарамгай баатар Л.Дандар, Ц.Олзвой, Л.Гэлэгбаатар, Б.Дорж нарын мэндэлсний 100 жилийн ойг төрсөн нутагт нь тэмдэглэн мөнхжүүлж, хөшөө дурсгалыг нь босгосон байна. Мөн “Дайчин нөхөрлөлийн замаар” сэдэвт тойрон аялал, уулзалтыг ОХУ-ын Эрхүү, Бүгд найрамдах Буриад Улс, Өвөр байгалийн цэргийн тойрогтой хамтран зохион байгуулж эхэлжээ.
Түүнчлэн Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд халх голын байлдааны түүхэн ялалтын тухай эссэ бичлэг, уран зургийн уралдаан зарлаж шалгаруулалтын шатандаа явж байгааг зохион байгуулах хорооныхон хэллээ. Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойн нэгдсэн арга хэжээ наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотод эхлэх юм байна.
Г.БОЛОР