Монголын залуу хуульчдын “Хос дэнс” ТББ-ын клубийн тэргүүн А.Гантамир өнөөдөр (08.14) Авилгатай тэмцэх газрын дэд дарга Б.Хурцыг Үндсэн хуулийн цэцэд шалгуулах болсон талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
“Хос дэнс” клубыг 2012 онд залуу хуульчид байгуулжээ. Одоогоор тус байгууллага 100 гаруй гишүүн, дэмжигчтэй юм байна.
А.Гантамир “Манай клуб албан тушаалтантай холбоотой асуудлыг Үндсэн хуулийн цэцэд өгч шалгуулахаар хандаж байсан. Тэрчлэн УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын Д.Сумъяабазар зэрэг гишүүд бидэнд хандаж байсан. Мөн манай байгууллага Ерөнхийлөгч болон УИХ, Засгийн газар гэх мэт Үндсэн хуулийн субъект байгууллагуудын томилсон албан тушаалтнуудтай холбоотой томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаж эхэлсэн. Шүүх, прокурор, АТГ, гааль, тагнуул зэрэг байгууллага үүнд хамаарна. Эдгээр байгууллагуудын удирдах албан тушаалтнуудын томилгоог Үндсэн хуульд нийцэж байгаа эсэхийг шалгаад АТГ-ын дэд дарга Б.Хурцыг томилсон томилгоо нь Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгөөд байна. Харамсалтай нь, АТГ-ын дэд дарга Б.Хурц нь АТГ-ын дэд даргын албанд тавигдах хуулийн шаардлагыг биелүүлээгүй болох нь баримтаар нотлогдсон. Бид АТГ-ын дэд дарга Б.Хурцыг таван үндэслэлээр Үндсэн хуулийн цэцэд өгөөд байна. Үүнд, төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг туршлагатай, сүүлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй” гээд АТГ-ын дэд даргын шаардлагыг хангасан эсэхийг зургаан сарын турш судалсан. Бид холбогдох бүх байгуулагуудаас шаардлагатай материалыг авсан байгаа. Та бүхэн АТГ-ын цахим хуудсаас Б.Хурцын танилцуулгыг эргээд нэг хараарай. Түүнийг хуульч мэргэжилтэй гэсэн байна. Гэтэл Б.Хурц нь 1999-2000 онд ОХУ-ын Аюулгүй байдлын академид 10 сар суралцаж төгссөн. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн дагуу бол Эрх зүйч мэргэжлийг 10 сарын дотор эзэмших боломжгүй юм. Үүнд 50 гаруй хуульчид нэгдэж нэг асуудлаар Үндсэн хуульд хандаж байгаа нь урьд нь гарч байгаагүй тохиолдол. Хамгийн ихдээ 10 гаруй хуульчид нэгдэж нэг асуудал гаргаж байсан. Тиймээс бид АТГ-ын дэд дарга Б.Хурцыг томилсон томилгоог Үндсэн хууль зөрчсөн байж болзошгүй гэж үзэн Үндсэн хуулийн цэцэд өгөөд байна” гэв. Энэ асуудалд 50 гаруй хуульч санал нэгдсэн талаар ч мэдээлсэн юм.
Ч.БОЛОРЧУЛУУН