Орос улс цэрэг, армийн бие бүрэлдэхүүнээ Украины хил дээр төвлөрүүлээд байна. Магадгүй энэ нь хойд хөрш том хэмжээний тулаанд бэлэн байгааг харуулж буй бөгөөд бүх сонголт Путины гарт байгаа гэж олон улсын ажиглагчид дүгнэв.
Нью-Йорк Таймс сонины тоймч Майкл Гордон, Эрик Шмит нарын “Барууны орнуудын сөргөлдөөн” нийтлэлд өгүүлснээр ОХУ-ын армийн хүнд зэвсэгт техникийн ангиуд Украины зүүн хилд өнгөрсөн хэдэн долоо хоногийн турш төвлөрөөд байгаа гэв. Урьдчилсан байдлаар 17 орчим анги батльеоны 19-21 мянган цэргийн хүч Украинд тулж ирээд байна. Үүнд явган цэрэг, артилёр техник, хуягт танк, агаарын довтолгооноос хамгаалах систем, ойрын тусгалт хэд хэдэн пуужин багтаж байгаа аж.
“Асуудал хурцадвал талуудын хооронд ширүүн мөргөлдөөн дэгдэхэд тун ойрхон байна” гэж Эрик Шмит онцлон тэмдэглэжээ. Оросын арми Москвагийн тойрогт хамаарах бүхэл бүтэн 17 анги нэгтгэлийг нэгэн цэгт цуглуулсан хэрнээ Украин болон түүнтэй хиллэгч орнуудад ямар ч сануулга өгсөнгүй. Ийм хэмжээний армийн хүчийг дэмий зардал үрж, эсвэл аюулгүй байдлаа бэхжүүлэхийн тулд нэмж татах шаардлагагүй байсан гэж Шмитийн өгүүлэлд дурьдагджээ.
Тэртэй тэргүй Украины хил орчимд байрлаж байсан Оросын хоёр дивизион цэрэг томоохон дайралтыг хангалттай няцаах хэмжээний бүрэлдэхүүнтэй гэдгийг В.Путин мэдэж байх ёстой гэв.
Барууны эх сурвалжуудын Нью-Йорк Таймст өгсөн мэдээлэлд Оросууд тус бүс нутагт 8-14 агаарын хүчний түр баазаа байгуулсан төдийгүй бараг 30 орчим хүнд артилёрын цэргийн хүч бүрэлдүүлсэн гэжээ.
Цэргийн шинжээчид Путины энэхүү үйлдлийг эртнээс бэлтгэсэн алхам гэж үзээд Төрийн Думын тэргүүн чухам ямар арга замаар Украины хойг дахь зөрчилд шийдэл, гарц хайж байгаа нь ойлгомжгүй байна гэжээ. Уг нь дэлхий нийт АНУ-Европ-Украин-ОХУ-г хамарсан энэхүү улстөрийн зөрчлийг энхийн замаар шийдвэрлэгдээсэй гэж хүсч байгаа. Гэхдээ талуудын нүүдэл дуусаагүй бололтой.
АНУ-ын Батлан хамгаалахын яамны нөлөө бүхий эрхэм Нью-Йорк Таймс сонинд “Путинд сонголт байгаа. Тэр маш жижиг зүйл дээр ч ач холбогдол өгч болно. Бид түүний чухам юу бодож байгааг мэдэхгүй байна” гэжээ.
Сүүлийн өдрүүдэд Оросын талыг дэмжигч Украины зэвсэгт дайчид болон Украины үндэсний гвардын цэргүүд ширүүн тулаан өрнүүлж байгаа ч Киевийн мөрдэстэй цэргүүд Оросын хил рүү дүрвэн орж, улстөрийн орогнол хүсэх болов. Үүнийг тэд тайлбарлахдаа “Ахан дүүсийнхээ эсрэг буу шагайхыг хүсэхгүй байна” гэсэн юм. Үнэхээр Украин дахь Оросыг дэмжигчид ийм замаар цэргийн эрх мэдлээ зөөлрүүлэв үү, аль эсвэл Путины бас нэгэн арга заль уу гэдгийг одоогоор тааварлахад бэрх юм.
– Путин бүс нутагт хүчтэй гэдгээ харуулна –
Европын нэр бүхий сонин хэвлэлүүд В.Путиныг Украины хилд татан авч ирээд буй цэргийн хүчээ зүгээр хадгалахгүй гэж шууд дүгнэв. Тэд Оросыг энэхүү бүс нутагт ямархуу хүчтэй орон бэ гэдгээ харуулж Крымыг бүрэн хяналтдаа авах томоохон сонирхол агуулж байгаа гэжээ.
Энэ тохиолдолд Украины армийн хүч мөхсдөж, барууны орнууд цэргийн хүч оруулах тал дээр хойрго хандах нь тодорхой хэмээн Их Британийн “PEOPLE” сонинд бичсэн байна.
Магадгүй нөхцөл байдал 2004 онд Гүржид цөмрөн орсон ОХУ-ын улстөрийн нүүдэлтэй яг таг таарч байж болно. Энэ тохиолдолд АНУ, барууны орнуудын зүгээс ОХУ-д хэдий хэмжээний хориг тавьсан ч Москвагийн Крым дэх цэргийн бодлогыг зогсоож чадахгүй гэж дээрх эх сурвалжууд таамаглаж байна.
Цагаан ордны зүгээс үе үе Украины нөхцөл байдлыг энхийн замаар шийдэхийг сануулж, өдөр ирэх бүр санаа зовниж буйгаа илэрхийлсээр.
Бас Украинд осолдсон Малайзын MH17 иргэний агаарын тээврийн онгоц нөхцөл байдлыг бүр хүндрүүлж байна. Энэхүү ослыг Орос улсын оролцоотой гэж Вашингтон ил тод мэдэгдэж байсан бол ОХУ-ын цэргийн шинжээчид ослын үед АНУ-ын хиймэл дагуул тухайн бүсийг хянаж байсан төдийгүй БУК пуужингаар харвасан цэргүүд америкчуудтай сүлбээтэй байж болзошгүй баримтыг гаргаж тавьсан юм. Тиймээс Голланд, Малайзын эрх баригчид АНУ-ын тэрхүү зоримог мэдэгдлүүдэд эргэлзэх боллоо. Магадгүй Барак Обама ОХУ-ыг буланд шахахыг оролдсон ч гарцаагүй нотолгоо түүнийг хүнд байдалд оруулсан байж болзошгүй. Тиймээс л оросууд Украинд нэг мөсөн шийдвэртэй арга хэмжээ авахаар хуягт танкуудаа цуглуулж байгааг үгүйсгэх аргагүй юм.
АНУ, Европын холбоо өнгөрсөн долоо хоногт Орост тавих эдийн засгийн хориг арга хэмжээгээ чангаруулсан бөгөөд үүнийг Малайзын осолдсон онгоцны эзэн холбогдгчоор Москваг буруутгасантай холбоотой. Хэрэв Орос улсад Малайзын онгоцны ослыг бэлтгэж, алан хядагчдыг санхүүжүүлсэн гэх хэргийг бүрэн нялзаах гэвэл Москва шууд арга хэмжээ авч болзошгүй тухай Сергей Лавров цухас дурьдсан.
Орос цэргийн хүчээ Крымд, цаашлаад Киевт оруулсан тохиолдолд Зүүн Европын буланд сүүлийн 10 жилд үзэгдээгүй томоохон зөрчил тэмцэл нүүрлэж болзошгүй юм. Ямартай ч В.Путин болон Оросын арми дайнд бэлэн гэдэг нь тодорхой боллоо.
Т.Батсугар