Иргэдээ халамжийн бэлэн мөнгөөр, аж ахуйн нэгжүүдийг бондын мөнгөөр хөөрөгдсөн эдийн засаг одоо л бодит хөрсөн дээрээ буулаа хэмээн Монголбанкны Ерөнхий эдийн засагч С.Болд хэлсэн нь хэвлэлээр сүүлийн өдрүүдэд цацагдаж байна. Эдийн засгийн өсөлт жилийн 17 хувь хүрч хөөрцөглөж байхад зөвхөн уул уурхайгаас хамааралтай байх дэндүү осолтой гэдгийг эдийн засагчид, судлаачид хэлж л байсан. Ашиггүй гэрээ болсон гээд адлаад байгаа Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг яаралтай эхлүүлэх хэрэгтэй, эрчим хүч, дэд бүтцийн том төслүүдээ яаралтай эхлүүлье, өрийн удирдлагын менежментийг сайжруулъя гээд сүүлийн нэг жил мэддэг хүмүүс нь хэвлэлээр хангалттай ярьж, бичлээ. Экспортын бүтээгдэхүүн түлхүү үйлдвэрлэнэ, жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлнэ, өрх бүр үйлдвэрлэгч болно, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ гэдгийг бол яриад бараг хорин жил болж байна. Газрын хэвлийгээс ухаж гаргасан түүхий ашигт малтмал, хэдэн ямааны ноолуураар хийсэн бүтээгдэхүүн л экспортын орлогыг олж байна. Монголчууд өнгөрсөн жилүүдэд өөр юу үйлдвэрлэсэн юм бэ.
Эдгээр яриаг харахаар юу хийх ёстойгоо мэдээд байгаа юм шиг. Гэсэн мөртлөө бодитой нэг ч алхам хийгдэхгүй байх юм. Хэн хийх ёстой юм бэ. Одоо энэ асуултыг хариуг л олох хэрэгтэй байна. Уг нь тэр яриад байгаа хүмүүс бүгдээрээ л хийх ёстой хүмүүс байх шиг. Хоногийн хоолоо арай ядан залгуулж байгаа иргэд уг нь бидний өмнөөс ажиллаарай гээд бүрэн эрхийг нь өгөөд, ямбыг давхар эдлүүлж л байгаа. Гэтэл эрх мэдэлтэй тэр хүмүүс өөр хоорондоо буруутан хайсан хүмүүс байх юм. Мэдээж буруутан байвал олоод бурууг нь хүлээлгэсэн нь дээр.
Гэхдээ буруутан олохоос өмнө бултаараа суугаад хийчих сэтгэл байхгүй юм шиг л санагдах юм.
А.ТУЛГА