Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд Ш.Түвдэндорж Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд ноён Ив Дэлүнэг хүлээн авч уулзлаа. Тэрээр өнгөрсөн жилүүдэд тохиолдсон зудын гамшиг, хүнсний хомсдол зэрэг хүнд цаг үед Франц улсын Засгийн газар шуурхай арга хэмжээ авч туслалцаа үзүүлж ирсэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Францын Засгийн газарт талархаж буйгаа илэрхийлээд сүүлийн хоёр жилд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар дахь хоёр орны хамтын ажиллагаа шинэ шатанд гарч, эрчимжин хөгжиж байгааг онцлон тэмдэглэв. Үүний илрэл нь ч тус улсын Гадаад харилцааны сайд ноён Фабиус өнгөрсөн оны аравдугаар сард Монгол Улсад албан айлчлал хийх үеэрээ “Монгол-Францын хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллах Санамж бичиг” байгуулсан юм.
Нөгөөтэйгүүр, Монгол Улсын Засгийн газрын хот суурин газрын хүн амыг шинэ сүү, сүүн бүтээгдэхүүнээр тогтмол хангах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд эрчимжсэн фермерийн аж ахуйн нэгжүүд байгуулагдаж, өндөр ашиг шимтэй үүлдрийн мал импортлох болсон. Энэ хэрэгцээг хангахаар зарим аж ахуйн нэгж тус улсаас мах, сүүний чиглэлийн үхэр, ямааг оруулж ирж байна. Тиймээс эдгээр аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, Францын өндөр ашиг шимт үүлдрийн малыг иргэдэд таниулах зорилгоор Монгол-Францын хамтарсан “Шилмэл малын үзэсгэлэн”-г ирэх есдүгээр сарын 11-13-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар талууд тохиролцов. Түүнчлэн энэ онд Монгол-Францын биотехнологи, аж үйлдвэрийн салбарт хамтран ажиллах Харилцан ойлголцлын Санамж бичиг байгуулах чиглэлээр хүчин чармайлт гарган хамтран ажиллахаар боллоо.
Г.НАРАН