Долларын ханшийг тогтворжуулахын тулд Мөнгөний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрчим хүчний ассоциаци зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид төв банкинд хандан мэдэгдэл хийлээ.
Гадаад валютын өсөлтөөс болоод хувийн хэвшлийнхэн багагүй алдагдал амсах болсон. Долларын өсөлт бараа бүтээгдэхүүний үнийг өсгөж, иргэдийн худалдан авах чадварт сөргөөр нөлөөлөх болсон бөгөөд энэ нь дотоодын худалдаа, үндэсний үйлдвэрүүдэд багагүй цохилт болж буйг ч хувийн хэвшлийнхэн ярьж байна.
Монголбанк бол үндэсний мөнгөн тэмдэгтийг тогтвортой байлгах үүргийг хуулиар хүлээдэг. Энэ утгаараа төв банк мөнгөний зөв бодлогыг хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих ёстой гэнэ. Гэтэл өнөөдөр гадаад валютын ханшийн үргэлжилсэн өсөлтөөс болж эдийн засгийн чадавх муудаж байхад төв банк бодлогын хүүгээ нэмэхээс өөрөөр арга хэмжээ авахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж буйгаа бизнесийнхэн илэрхийллээ. Бодлогын хүүгээ нэмснээр эдийн засагт багагүй сөрөг үр дагавар гарч болзошгүйг ч өнөөдөр болсон хэвлэлийн бага хурлын үеэр анхааруулж, аж ахуйн нэгжүүд хямралыг даван туулахын тулд ажлын байраа цомхотгох, цалингүй чөлөө олгох зэрэг арга хэмжээ авч эхэлсэн нь иргэдийн амьдралд сөргөөр тусч байгааг онцолсон юм. Ханшийн савалгаанд багагүй алдагдал амссан аж ахуйн нэгжийн хямрал ажилгүйдлийг нэмэгдүүлж, ард иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож буйг төрийн бус байгууллагынхан мөн хэлж байлаа.
Долларын ханш өнөөдрийн байдлаар 1899 төгрөгтэй тэнцэж байгаа. Цаашдаа ч өсөх хандлага багагүй ажиглагдаж буй бөгөөд мэдээлэл хийсэн байгууллагууд эдийн засгийн хямралтай байгаа энэ үед бодлогын хүүг нэмэх нь зөв арга хэмжээ биш гэв. Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдалд бодит дүгнэлт хийж, валютын ханшийг тогтоох асуудлаар Монголбанк, УИХ-ыг яаралтай арга хэмжээ аваасай гэсэн саналыг хувийн хэвшлийн байгууллага, холбоодын төлөөлөл УИХ-д хүргэх юм байна.
Валютын ханшны уналтыг зогсоож, мөнгөний бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэхийг УИХ, Монголбанкнаас шаардсан энэ шаардлагаас дурдвал,
1.Валютын ханшны уналтыг зогсоох онцгой арга хэмжээний тухай болон Үндэсний мөнгөн тэмдэгтийн худалдан авах чадвар, гадаад валюттай харьцах ханшийг тогтвортой байлгахаар заасан мөнгөний бодлогын хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх Монгол банкны ерөнхийлөгчийн сонсголыг УИХ-аар яаралтай авч хэлэлцэн бодит арга хэмжээг авч хэрэгжүүлэх,
2.Валютын ханшны уналтыг зогсоох арга замын талаарх хувийн хэвшлийн санал, байр суурь, дүгнэлтийг УИХ-аар сонсох,
3. Валютын ханшны тогтворгүй байдлын улмаас ард иргэд болон бизнес эрхлэгчдэд учирсан хохирлыг бодитойгоор тооцон тогтоох, тогтоосон хохирлыг шийдвэрлэх санал боловсруулах асуудлыг судлан үзэх төр хувийн хэвшлийн оролцоотой ажлын хэсэг байгуулан ажиллуулах,
4. Валютын ханшийг тогтворжуулах, төгрөгийн уналтыг зогсоох талаар дараах арга хэмжээнүүдийг нэн яаралтай авч хэрэгжүүлэхийг УИХ-д санал болгож байна гэсэн байна. Мөн Монгол улсад үйлдвэрлэгдэн экспортлогдож буй бүх барааны валютын орлогыг Монгол банкны дансаар дамжуулан гүйлгээ хийж байх онцгой дэглэм тогтоох тухай хууль яаралтай гаргах, “Чингис”, “Самурай” зэрэг Засгийн газрын бондын эх үүсвэрүүдийг валютын орлогод тооцох, гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх зорилгоор хөрөнгө оруулалт нь хийгдэхэд бэлэн төслүүдийг дэмжих зэрэг арга хэмжээг авах шаардлагатай байгааг онцолжээ.
Мөн үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон төсөвт орлого оруулж, экспортыг нэмэгдүүлэх боломжтой одоо саатсан томоохон төслүүдийг эхлүүлэх ажлыг нэн яаралтай авч үзэж шийдвэрлэхийг санууллаа. Валютын ханшийн өсөлтөөс үүдэн бий болсон шударга бус орлогод тусгай татвар ногдуулан, энэ чиглэлийн төлсөн татвараар валютын ханшийн хүндрэлд өртөөд байгаа ард иргэд болон аж ахуйн нэгжүүдэд нөхөн олговор олгох арга хэмжээг энэ онд багтаан зохион байгуулахыг уриалж, эдийн засгийн хүндрэлийг даван туулах богино хугацааны арга хэмжээг нийгмийн түншүүдтэй хамтран гаргаж хэрэгжүүлэх хэрэгтэйг төрийн бус байгууллага Монголбанк, УИХ-д хандан ийн шаардлаа.
О.САРНАЙ