Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Мэргэжлийн холбоодын нэгдсэн зөвлөл, Үйлдвэрчний эвлэлийн холбоо, Уул уурхайн үндэсний ассоциаци, Эрчим хүчний ассоциаци, Ой модны үйлдвэрлэл эрхлэгчдийн холбоо зэрэг хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөгчид өнөөдөр хэвлэлийнхэнд хандлаа. Тэд 2014 оны Мөнгөний бодлогын хэрэгжилтэд УИХ, Засгийн газар, Монголбанк яаралтай арга хэмжээ авахгүй бол бизнес эрхлэгчид хүнд байдалд орж байна гэж мэдэгдлээ.
Валютын ханш тогтмол өсч байгаагаас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний эрэлт, борлуулалт багасч, дотоодын үйлдвэрлэлийн өрсөлдөх чадвар муудсан аж. Хямралыг даван туулахын тулд аж ахуйн нэгжүүд ажилчдаа цомхотгох, аль эсвэл цалингүй чөлөө олгох, нэг бол үйл ажиллагаагаа зогсоох зэрэг арга хэмжээнүүдийг авч байна. Ийм үед УИХ дорвитой арга хэмжээ авахгүй бол нөхцөл байдал улам дордох гэнэ. Тиймээс бодит байдалдаа дүгнэлт хийж, яаралтай арга хэмжээ авах шаардлагыг тус холбоодууд тавьж буй нь энэ аж. Мөн энэхүү хүсэлтээ УИХ-д хандан илгээх болно гэлээ.
Г.БОЛОР