УИХ-ын гишүүн Д.Оюунхоролоос дараах тодруулгыг хийлээ.
-УИХ-ын хаврын чуулганаар эдийн засгийг эрчимжүүлэх хуулиудыг баталж, Засгийн газраас “Эзэн-100” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлсэн ч үр дүн гарахгүй байна. Валютын ханш тогтмол өссөөр 1900 төгрөгтэй тэнцэхэд тун ойртлоо, мөн хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Иргэд шүүмжилж байна, “Дорвитой ахиц гарсангүй” гэж… Эдийн засгийн хүндрэлээс гарах гарц бидэнд байна уу?
-Бид уул уурхайн экспортод түшиглэхээсээ илүү мал аж ахуйн гаралтай түүхий эдийн экспортыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж харж байна. Ийм бололцоо бидэнд бий. Өнгөрсөн 2013 онд хөдөө аж ахуйн гаралтай гол нэрийн бүтээгдэхүүн, түүхий эдийн экспортоос Монгол Улс 267.3 сая ам.долларын орлого олсон нь экспортын нийт орлогын 8.6 хувийг эзэлсэн байгаа юм. Үүнээс 3000 орчим тонн мах экспортолж 10 сая орчим ам.долларын орлого олсон гэсэн статистик мэдээлэл байна. Тэгэхээр олон сая малтай манай улсын хувьд жилд экспортолж буй 3000 тонн махаа 40-60 мянган тонн болгон нэмэгдүүлж чадвал 150-170 сая орчим ам.долларын орлого олох бүрэн бололцоотой.
-Гэхдээ малаа эрүүлжүүлэхгүй бол махны экспортыг нэмэгдүүлэхэд хүнд байна уу гэж харагддаг?
-Тийм ээ, мал эрүүл байж, эрүүл хүнсийг экспортлох баталгаа бүрдэнэ. Тийм учраас мал аж ахуйн бүтээгдэхүүн, түүний дотор махны экспортыг нэмэгдүүлэхэд Хятад, Оросын Засгийн газрын буцалтгүй тусламжаар малын халдварт, гоц халдварт өвчнийг устгах чиглэлээр ажиллах ёстой юм байна гэж бодогддог. Нөгөө талдаа одоогийн бэлчээрийн талхагдал доройтлыг бууруулах шаардлага ч бас бий.
-Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар энэ сарын 20-доор БНХАУ-ын ерөнхийлөгч Си Жинпин Монгол Улсад айлчилна. Энэ айлчлал нь хоёр орны харилцааны хөгжилд шинэ үе шатыг нээнэ гэж олон хүн найдаж байна. Энэ талаар та ямар бодолтой байна вэ?
-Санал нэг байна. Энэ удаагийн айлчлал үнэхээр Монгол, Хятадын эдийн засгийн харилцааны хөгжилд томоохон хувь нэмэр оруулна гэсэн хүлээлт бий болоод байна. Манай хоёр орны эдийн засгийн харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжин хөгжиж байна. Манай экспортын дийлэнх хувийг урд хөрш болох БНХАУ эзэлж, валютын орлого ч тэр хэмжээгээр нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй. Ялангуяа нүүрс, зэсийн баяжмал гэсэн бүтээгдэхүүн зонхилж байгаа ч сүүлийн 2 жилд эдгээр бүтээгдэхүүний экспорт буурч дэлхийн зах зээлээс шууд хамаарч байна. Тиймээс бид малчдын нийгэм соёлын болон аж амьдралыг дээшлүүлэхэд нарны болон цахилгаан эрчим хүчээр хангах, нэг малаас авах бүтээгдэхүүний гарцыг нэмэгдүүлэх чиглэлээр БНХАУ-ын ӨМӨЗО-ны тэргүүн туршлага, ололтыг Монголд нэвтрүүлэх асуудал нэн чухал байна гэж харж байна.
-Тухайлбал, Мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх ямар туршлагыг нь нэвтрүүлбэл Монголд үр өгөөжтэй тусна гэж ?
-2011 оноос эхэлж ӨМӨЗО-ны Мал аж ахуй, газар тариалангийн хүрээлэнгээс “Монголын бэлчээрийн менежментийн холбоо”-той хамтран Төв аймгийн Багахангай суманд бэлчээрийн ачааллыг багасгах, ямааны ноолуурын гарцыг нэмэгдүүлэх шинэ технологийг турших, хурга, төлөг бордох замаар махны гарцыг нэмэгдүүлэх, малчин өрхийн ахуй болон үйлдвэрлэлийн хэрэгцээг нарны эрчим хүчээр хангах туршилтыг эхлүүлсэн байдаг. Тэгэхээр нэг ямааны ноолуурын гарцыг 30-50 хувиар нэмэгдүүлж болохыг туршилт харуулж байгаа юм. Бид ийм замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийг эрчимжүүлж, малчдын нийгэм, соёлын асуудлыг шийдвэрлэх чиглэлээр туршилт судалгааны ажлыг хийх шаардлагатай. Түүнчлэн малчдын ахуй амьдралыг дээшлүүлэх чиглэлээр Хятадын түүн дотор Өвөрмонголын эрдэм шинжилгээ судалгааны байгууллага болон малчидтай хамтран ажиллах, харилцан суралцах явдал нэн чухал гэж би дүгнэж байна.
Г.НАРАН