Инфляци 15.4 хувьтай гарлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.12-нд нийтлэгдсэн

Инфляци 15.4 хувьтай гарлаа

Инфляци 15.4 хувьтай гарлаа

Гадагшлах болон дотогшлох долларын урсгалын зөрүүн дэх ханшийн өсөлт бас уналт үргэжилсээр байна. Долдугаар сарын байдлаар төгрөгийн ам.доллартай харьцах нэрлэсэн дундаж ханш 25 хувиар унасныг Үндэсний статистикийн газар өнөөдөр хэвлэлийнхэнд зарлалаа.

Төгрөгийн ханшийн  уналтыг зогсоох гэж Монголбанк бодлогын хүүгээ 1.5 пунктаар нэмж, 12 хувьд хүргэсэн ч өнөөдрийн байдлаар арилжааны банкуудад зарж байгаа доллар1896 төгрөгтэй тэнцэв. Гадаад, дотоодын эдийн засагчид Монголын эдийн засгийн урьдчилсан таамаглалыг гаргаж, долларын ханш оны сүүл гэхэд 2000 төгрөг давна гэсэн “онош”-ийг тавиад байгаа билээ. Эндээс харахад долларын өсөлтөд чухам юу нөлөөлсөн бэ гэдгийг эрх баригчид судалж, үүний цаана ямар нэгэн бүлэглэлийн зохиомол ажиллагаа байгаа эсэхийг ч хянаад үзчихэд гэмгүй.

Гадаад валютын ханшийн өсөлтийг дагаж, өнөөдөр инфляци өндөр авсныг Үндэсний статистикийн газраас гаргасан тайлангаас харчихаж болох биз. Тайланд дурдсанаар инфляци улсын хэмжээнд 14.9 хувьтай, Улаанбаатарын хэмжээнд 15.4 хувьтай гарчээ. Статистикчдын гаргасан тайлан инфляцийн өсөлтийн дарамт эдийн засагт заналхийлж эхэлснийг нотлов.

Төсөв 160 тэрбумын алдагдалтай гарч, үүнийн хамгийн том шалтгаан нь нүүрсний үнийн уналт ба гадаадын шууд хөрөнгө оруулалтын бууралт.  Өнгөрсөн сарын байдлаар гэхэд гадаадын шууд хөрөнгө оруулалт 70 хувийг уналттай гарсныг Монголбанк албан ёсны сайтаараа дамжуулан мэдээлж байсан.

Хятадын зах зээлээс шалтгаалан нүүрсний үнэ улам бүр унасаар байгаа гэх. Гэхдээ дэлхийд хамгийн чанарлагт тооцогдох Тавантолгойн нүүрсээ монголчууд өнөөдөр ердөө л 35 доллараар зарж байна. 2011 он буюу гурван жилийн өмнө Монголыг дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч, нүүрсний том нийлүүлэгч хэмээн тодорхойлж явсан тэр үед манай нүүрсний үнэ 130 ам.долларт хүрдэг байв. Харамсалтай нь, нүүрсний үнэ навс унах болсон хамгийн том шалтгаан нь Хятадын зах зээл дэх үнийн уналтаас илүү “Чалко”д тавьсан гурван жилийн өр нөлөөлөх болсон гэдгийг холбогдох албаныхан ч нуухгүй байгаа билээ.

Татварын орлого нийт дүнгээрээ нэмэгдсэн ч аж ахуйн нэгжийн орлого 25 тэрбумаар буурсан мэдээллийг тус газрынхан тайландаа тусгаж. Татварын нийт орлого нэмэх дүнтэй гарахад нийгмийн даатгалын шимтгэлийн орлого нэмэгдсэн нь  нэгийг хэлэх. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол монголчуудад нэмэгдсэн нь нэг талаар төсвийн орлого нэмэгдэх, нөгөө талаар монголчуудад зээлд хамрагдахын тулд нийгмийн даатгалын шимтгэл төлөх нь ихэссэн гэсэн албаны хүн ярьж байсан нь үнэн бололтой.

Банк санхүүгийн салбар ч эрсдэл ихтэй, чанаргүй зээлийн хэмжээ ч багагүй өсч.  Нэг сарын дотор чанаргүй зээлийн хэмжээ 32 тэрбумаар нэмэгдэнэ гэдэг эдийн засаг сайнгүй байгаагийн нотолгоо. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжийн орлогын татвар буурсан, чанаргүй зээл нэмэгдсэн, идэвхтэй ажил хайгчдын тоо өмнөх сараас өссөн гэх мэдээлэл манай улсын бизнесийн салбарын байдал ямархуу байгааг харуулсан явдал боллоо гэж дүгнэж болно.

Ийнхүү  улс орны санхүүгийн  гол үзүүлэлтууд тун таагүйхэн гарсан нь бидний хэрэлдэж биш хэлцэж хямралыг давах хэрэгтэйг сануулж буй эдийн засгийн шахалт шаардлага байгааг ч дуулгахад гэмгүй биз.

Б.ХОНГОР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж