ATP World Tour Masters 1000 ангилалын есөн цувралын зургаа дахь нь болох “Rogers Cup” тэмцээн Канадын Торонто хотноо наймдугаар сарын 2-10-ны өдрүүдэд болж өнгөрлөө.
Нийт 3,15 сая ам.долларын шагналын сантай “Rogers Cup” тэмцээний шигшээ тоглолт ням гаригт болж, Францын Жо Вильфред Цонга Швейцарийн Рожер Федерерийг хоёр үеийн турш 7:5, 7:6-ийн харьцаагаар хожлоо. Тус тэмцээнд Испаний Рафаэль Надаль, Японы Кей Нишикори нарын шилдэг теннисчдээс бусад нь бүгд оролцсон билээ.
Тэмцээнд 13-т эрэмбэтэй тоглосон Францын Жо Вильфрид Цонга эхний хоёр тойрогт учраануудаа төвөггүйхэн хожиж, шөвгийн 16-д шалгарсан. Гуравдугаар тойрогт тэрээр дэлхийн тэргүүн теннисчин Сербийн Новак Жоковичийг ердөө л хоёр үеийн турш 6:2, 6:2-оор буулган авснаар шөвгийн наймд шалгарлаа. Улмаар тэмцээнд наймд эрэмбэлэгдсэн Их Британы Энди Муррейг гурван үе үргэлжилсэн тоглолтод 7:6, 4:6, 6:4-аар, хагас шигшээд долоод эрэмбэлэгдсэн Беларусын Григор Димитровыг 6:4, 6:3-ийн харьцаагаар хожлоо. Нэг цаг 47 минут үргэлжилсэн шигшээ тоглолтод ч Цонга алдарт Швейцарийн Рожер Федерерийг 7:5, 7:6-ийн харьцаагаар хожсон байна.
2008 оны BNP Paribas Masters-т түрүүлж байсан Цонга Мастерсийн хоёр дахь түрүүгээ найман жилийн дараа хүртэж байна. Тэрээр: "Би энэ долоо хоногт өөртөө маш итгэлтэй байлаа. Энэхүү тэмцээнд түрүүлнэ гэдэг миний хувьд маш том амжилт юм. Би энэ долоо хоногт маш сайн тоглолоо. Парист аваргалахаас илүүтэй энд ялгаатай юм. Парист бол гэр бүл, найзууд гээд бүгд л бий. Би энд маш сайн тоглохыг хичээсэн. Олон шилдэг тоглогчдыг хожлоо. Өнгөрсөн жилийн бэртэл маань бүрэн эдгэрч, би илүү сайн тоглолтыг үзүүлнэ гэдэгт итгэж байна." хэмээн өгүүлжээ.
Цонга тус тэмцээнд түрүүлснээр 598 мянган ам.доллар хүртэж, чансааны 1000 оноо хүртлээ.
Ч.БОЛОР