
Энэ өдрүүдэд БНХАУ-ын Тяньжин хотноо зохиогдож буй 17 дахь удаагийн Худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагт Монгол Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд Ц.Сүхбаатар Бээжин дэхь дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг ахлан оролцов. Энэхүү арга хэмжээний үеэр Тяньжин хотын дэд дарга Цуй Зиньду Хятадад суугаа дипломат төлөөлөгчийн газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзан зоог барив. Элчин сайд Ц.Сүхбаатар энэ үеэр Тяньжин дэх “Улаанбаатар улсын үйлдвэрийн газар”-ын үйл ажиллагаа, хэрэгжүүлэх төсөлтэй танилцаж, санал солилцов. Мөн Тангү боомт, Дунзян гаалийн татваргүй бүс, олон улсын тээвэр ложистикийн төв, Наньзян боомт дахь задгай барааны бирж, тээвэр ложистикийн төвтэй танилцав. БНХАУ-ын Төрийн Зөвлөл, Засгийн газраас Тяньжин хотыг Шэньжэнь, Шанхай хотын дараах олон улсын худалдаа, тээвэр ложистик, бараа үйлчилгээний Зүүн хойд Хятад дахь төв болгох зорилт дэвшүүлсэн бөгөөд энэ утгаараа олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын үзэсгэлэн яармагийг Тяньжин хотноо жил бүр тогтмол зохион байгуулж байна. Энэхүү арга хэмжээ нь гадаадын хөрөнгө оруулалтыг татах, гадаад эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал түлхэц болж байгаа тухай Гадаад Харилцааны яамны хэвлэлийн албанаас мэдээллээ.