Амгалан дулааны станцын барилга угсралтын ажлын явцтай Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт, тус яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга С.Баярбат, Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатар нар газар дээр нь очиж танилцав.
Энэ станцыг 2014-2015 оны өвлийн ид ачааллаас өмнө ашиглалтанд оруулж, төвийн системд холбохоор БНХАУ-ын “Машин инженерийн корпораци” ТӨХК-ийн 450 гаруй ажилчин энд ажиллаж байгаа юм.
ЭХЯ-ны удирдлагууд Амгалан дулааны станцын ажлын барилга угсралтын ажлын явцтай танилцахын зэрэгцээ тулгарч байгаа асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой ажиллав. Ажилтай танилцах үеэрээ ЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Дэлгэрцогт яамны зүгээс шалтгаалах бүх зүйлийг цаг алдалгүй хийж гүйцэтгэх болно гээд Монгол-Хятадын эрчим хүчний салбарын хамтын ажиллагаанд тэмдэглэгдэн үлдэх энэ том төслийг амжилттай гүйцэтгэхэд хугацаа алдалгүй шахуу ажиллаж, урин дулааны улиралд ажлаа эрчимжүүлж ажиллахыг гүйцэтгэгч компани болон төслийн нэгжийн удирдлагуудад үүрэг болгов.
Цаашдаа Баасан гариг бүрт болдог Амгалан дулааны станцын төслийн шуурхай хуралдаанд ЭХЯ-ны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Баярбаатарыг оролцож үүрэг, чиглэл өгч байхыг даалгалаа.
Г.БОЛОР