Монгол-Солонгосын эдийн засгийн форумын үеэр УИХ-ын гишүүн Г.Батхүүгээс цөөн асуултад хариулт авлаа.
-“Монгол-Солонгос”-ын эдийн засгийн засгийн форумыг зохион байгуулах болсон шалтгаан юу вэ. Манай хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа хэр идэвхтэй байдаг бол?
-Монгол, Өмнөд Солонгос хоёр олон жилийн хамтын ажиллагаатай явж ирсэн. Өмнөд Солонгос улс олон зүйлээрээ монголчуудад ойр дотно. Олон мянган монгол тэнд сурч, ажиллаж, хөдөлмөрлөж байна. Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 25 жилийн ой ирэх онд тохионо. Өнгөрсөн хугацаанд Солонгосоос Монголд эдийн засаг, улс төрийн харилцааны суурийг тавьж чадсан.Солонгосын тэргүүлэх компаниуд болох “Корей эйр”, Самсунг”, “Тоско”, Хьюнда”, “Хьюнда моторс”, “Дэлим”, “Корей газ” зэрэг компаниудын Монгол Улсад оруулж байгаа хөрөнгө оруулалт, шинэ техник технологи, бүтээн байгуулалтууд их юм. Далайд гарцгүй, дэлхийн эдийн засгийн нөлөө бүхий хоёр их гүрний дунд оршдог манай орны хувьд дэд бүтэц, түүний дотор агаарын тээврийн асуудал онцгой ач холбогдолтой. Монгол Улсын хувьд газар нутгийн онцлогоос шалтгаалан дэд бүтцийн болон эрчим хүч, уул уурхай, газар тариалан хөгжүүлэх болон бүх төрлийн тээврийн замаар Ази Европыг холбох хамгийн дөт замыг бий болгох нь транзит тээврийг хөгжүүлж бий болгох нь гадаадын хөрөнгө оруулагч, шинэ техник технологи, иноваци, өндөр мэргэжлийн боловсон хүчин зайлшгүй шаардлагатай байгаа.
Нөгөө талаас Монголд хөрөнгө оруулалтыг татах, улс орноо хөгжүүлэх, дэд бүтцээ татах, уул уурхайн ашигт малтмалаа ашиглахад бодлого, түүнчлэн УИХ, Засгийн газрын зүгээс хууль эрхзүй, бизнесийн таатай орчин бүрдсэн зэргийн нэгдэл нь өнөөдөр гадаадын хөрөнгө оруулагчдыг татах боломжийг бүрдүүлж байгаа. Энэ цаг үед хамгийн түрүүнд Солонгосчууд Монголд итгээд, ойлгоод орж ирэх том эдийн засаг, том бололцоо, инженер техникийн чадвартай мэргэжилтнүүдийг татах, том техник технологийг татахад чиглэж байна. Хамтарч ажиллах гэрээнд бид гарын үсэг зурлаа. Бидний зорилго бол өмнөд Солонгосын бүхий л салбарт хамтын ажиллагааг бэхжүүлэх явдал. Тодруулбал, эдийн засаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд гээд бүх салбарт хамтран ажиллах, итгэлцэл бий болгоход анхаарч байна. Тиймээс хоёр орны УИХ, Засгийн газраас гаргасан шийдвэрийг амжилттай хэрэгжүүлэх, тэнд шийдвэр гаргахад нь ард түмний дуу хоолойг хүргэж, хамтарч ажиллах зорилгоор энэ форумыг зохион байгуулж байгаа юм.
-Та түрүүнд хэллээ. БНСУ-д олон мянган монгол, сурч хөдөлмөрлөж байгаа гэж. Тэдгээр хүмүүсийг мэргэшүүлэх, мэргэжлийн боловсрол олгох талаар ямар арга хэмжээ авч байна вэ?
-Солонгос улсад гэрээгээр болон “хар”-аар ажиллаж байхдаа монголчууд ажлын талбартаа мэргэшиж байдаг. Хэл усыг нь ч сайн сурсан байдаг. Гэхдээ нэг зүйл учир дутагдалтай байна. Тэдэнд мэргэжлийн үнэмлэх байдаггүй. Тиймээс цаашдаа БНСУ-д ажиллаж байгаа хүмүүсээ мэргэшүүлэх, мэргэжлийн үнэмлэх олгох талаар анхаарч байгаа. Тэнд ажиллаж байгаа монгол хүмүүсийг бүртгэж, Солонгосын талаар мэргэжлийн үнэмлэх олгоод, Монголдоо мэргэжлээр нь ажиллуулах бололцоог бүрдүүлэх нь зөв. Энэ нь нэг талаар улс оронд мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, нөгөө талаар иргэдийн амьдралд ч дэмжлэг үзүүлж байгаа юм. Мөн ажиллаж байсан хугацаагаар нь НД-д хамруулах гэх мэт ажлыг зохион байгуулахаар ярьж байна.
-Форумын үеэр ажиглагдсан нэг зүйл бол солонгосчууд манай хөрөнгө оруулалтын орчинг нэлээд сонирхож байсан. Тийм ч учраас манай эдийн засагчид хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн шинэчлэлт, татварын тогтолцоо, төр Засгийн бодлогын талаар танилцуулсан байх.
-Ингэхэд, солонгосчуудад Монголд хөрөнгө оруулах сонирхол хэр байна?
– Өнгөрсөн хоёр жил Засгийн газар урьд өмнөх алдаагаа засч, хөрөнгө оруулалтын орчноо сайжруулахад багагүй анхаарал тавилаа. Монгол Улсаас БНСУ-д суугаа Элчин сайдын ярьж байгаагаар солонгосчууд Монголын хууль эрх зүйн орчинд сэтгэл таатай байна. Монгол Улсын хууль эрх зүй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг татах тогтвортой, найдвартай орчинг бүрдүүлж чадсан. Хөрөнгө оруулалтын тухай хууль, Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай зэрэг хуульд зохих өөрчлөлтийг оруулж, шинэчлэн боловсруулж баталсан. Ингэснээр хөрөнгө оруулагчдад тухайн үед хэрэгжиж байсан хууль тогтоомжуудыг гэрээний хугацаанд тогтвортой хэрэгжих нөхцөл боломжийг нээж өгч байгаа юм. Энэ нь Солонгосын хөрөнгө оруулагчдыг татах таатай орчин болсон байна. Өнөөдөр хөрөнгө оруулагч анх орж ирэхэд үйлчилж байсан хууль эрх зүйн орчин хөрөнгө оруулалтынх нь хугацаанд үйлчилж байх тогтвортой орчныг бүрдүүлсэн. Зөвхөн Солонгосын төдийгүй бусад орны хөрөнгө оруулагчдыг татах таатай орчныг бүрдүүлж өгч байгаа юм.
-Энэ удаагийн форумд БНСУ-ын талаас хичнээн хүн оролцож байна вэ?
-Монгол-Солонгосын эдийн засгийн форумд тус улсаас 30 гаруй хүн ирсэн байгаа. БНСУ-д зохион байгуулагдсан Солонгос-Монголын бизнес форумд 70 гаруй компани бүртгэгдсэн. Форумын гол зорилго бол эдийн засагтаа гуравдагч орноос хөрөнгө татах. Үүний тулд хууль эрх зүйн орчноос эхлээд Монголын бүтээн байгуулалт, Засгийн газрын бодлогын цаашдын сонирхол, хөршүүдийн хамтын ажиллагааны талаар танилцуулах шаардлагатай байгаа юм. Ямар ч байсан солонгосчууд манай улсад хөрөнгө оруулах сонирхол нь багагүй харагдсан. Хэдийгээр БНСУ-ын талаас 30 хүн оролцож байгаа ч тэд Монголын талаарх мэдээллийг солонгосчууддаа дамжуулах гүүр болох болов уу
Н.ХҮСЛЭН