“Улс төрд шинэ манлайлагч” төслийн багийнхан эх орны дөрвөн зүгт ажиллаж шинэ үеийн манлайлагч залуустай уулзаж тэдний ажил амьдрал, санаа бодлыг сонсож яваа. Баруун бүсэд ажиллаж яваа төслийн баг Монгол улсын нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлдэг, 116 м кв нутаг дэвсгэртэй Баянхонгор аймагт ажиллаж байна.
Монгол Улсын хүн амын 70 гаруй хувийг 18-35 насны залуус бүрдүүлдэг. Гэхдээ тэдний оролцоо 7 ч хүрэхгүй хувь байдаг нь хангалтгүй үзүүлэлт юм. Харин Баянхонгор аймгийн залуус хөгжлийн төлөө гар бие оролцож орон нутгийнхаа ирээдүйн төлөө өөрсдийн санал санаачилгаа шат шатны байгууллагадаа хүргэдэг байна. Засаг захиргааны байгууллагууд ч залуустайгаа уялдаа холбоотой ажиллаж дэмждэгийг мэргэжилтнүүд ярьсан. Харин хонгор нутгийн залуус нутаг усныхаа дэд бүтцийн хөгжилд анхаарал хандуулж явдгаа ярьцгаасан юм. Тус аймгийн хүн амын талаас илүү хувийг залуучууд буюу хөдөлмөрийн насныхан эзэлдэг бөгөөд оны эхний хагаст гэхэд 830 ажлын байр шинээр бий болжээ. Залуус ажлын байр бэлэн байна, хөдөлмөрлөж ажиллаж чадвал боломж салбар бүхэнд нээлттэй улс орноо, орон нутгийн хөгжлийг манлайлах залуучууд хэрэгтэй гэдгийг ч дурьдаж байлаа. Гагцхүү эдгээр залуусын шинэ шийдэл, шинэлэг санаачилга, бүтээлч ажил, хийх эрмэлзлэлийг бадраахаар UBS телевизийн уран бүтээлчид ажиллаж байна.
Үнэт зүйл, өөдрөг тэмүүлэлтэй, бүтээлч залуусын бодит оролцоог дэмжиж, ёс зүйтэй, нээлттэй шударга өрсөлдөөнийг жишиг болгон нийгэмд эерэг өөрчлөлт бий болгох зорилго бүхий тус төсөлд Монгол Улсын дөрвөн зүг найман зовхист болон дэлхийн өнцөг булан бүрт оршин суугаа Монгол Улсын 22-40 насны иргэн оролцох боломжтой.
Нийгэмд бухимдал төрүүлж буй шийдлээ хүлээсэн асуудал бэрхшээлийг шинэ эрч хүч, багийн хамтын ажиллагаа, ажил хэрэгч шийдлээр хэрхэн бүтээлч үр дүнд хүрч болохыг харуулах ач холбогдол бүхий “Улс төрд шинэ манлайлагч” төсөл 2014.07.21-нээс 2015.06.15-ныг хүртэл үргэлжилнэ.
Э.ОТГОН