Элэг шилжүүлэн суулгах мэс заслаар алдаршсан Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж Монголд тав дахь удаагаа Монголд ирж байна. Тэрбээр энэ сарын 11-15-ны өдрүүдэд элэгний өвчлөлийн үзлэгийг үнэ төлбөргүй хийх аж. Тэрбээр өчигдөр Монголд ирсэн бөгөөд өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Вивек Виж эмчийн талаар товч танилцуулахад, Энэтхэгийн Пүнэ хотын Анагаах ухааны коллежийг төгссөн бөгөөд АНУ-ын Албамагийн Их Сургуульд суралцаж төгссөн Энэтхэгийн анхны эмч юм байна. Мөн Энэтхэг улсад анх удаа нэгэн зэрэг элэг, бөөр шилжүүлэн суулгасан эмч аж. Тэрбээр одоогоор 700 гаруй өвчтөнд элэгний мэс засал хийгээд байгаа бөгөөд сүүлийн 350 мэс заслаа цус сэлбэхгүйгээр хийжээ.
Тэрбээр элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарын 12 жилийн туршлагатай бөгөөд Энэхтэг дэх “Фортис” нэгдсэн эмнэлэгт өөрийн багаа удирдан 200 гаруй удаагийн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсний 50 гаруйг нь Монгол өвчтөнд амжилттай хийжээ. Түүний мэс ажилбарууд 96 хувьтай байдаг бөгөөд монголчуудад хийсэн элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар нь 99 хувийн амжилттай байгаа аж.
Түүний ажилладаг “Фортис” эмнэлэг нь Энэтхэг даяар 75 салбартай томоохон эмнэлэг. Улсын нэгдүгээр төв эмнэлэгийн их эмч Д.Сэргэлэнгийн элэг шилжүлэн суулгах багтай хамтарч ажилладаг бөгөөд тэднийг Энэтхэгт өөрийнхөө эмнэлэгт дээрээ урин туршлага судалх журмаар хамтарч ажиллажээ.
Мөн тэрбээр гурван сар тутамд Монголд ирж, элэг шилжүүлэн суулгасан өвчтнүүдээ үзэж, хяналт тавьдагаараа онцлог юм байна. Энэ нь Монгол өвчтөнүүдэд маш том боломжийг олгодог хэмээн түүний өвчтөнүүд ам сайтай байдаг юм. Мөн өвчтөнүүдээ үзэн шинээр үзүүлэх хүсэлтэй иргэдийг хүлээн авч үнэ төлбөргүй үзлэг хийх нь ээ.
-Иргэд Энэтхэгийн эмнэлэгийг яагаад сонгодог юм бэ?
-Улсын нэгдүгээр эмнэлэг дээр элэг шилжүүлэн суулгах баг ажиллаж байгаа нь маш сайн хэрэг. Гэхдээ Монгол Улсын хувьд элэгний өвчлөл өндөр байгаа учраас нэгдүгээр эмнэлэгийн хувьд маш их ачаалалтай ажилладаг. Элэг шилжүүлэни суулгах мэс ажилбар нь цаг хугацааны хувьд яаралтай хийгдэх шаардлагатай байдаг учраас иргэд гадаадыг зорих нь их байдаг. Иргэд гадаадын орнуудаас Энэтхэг улсыг зорин энэ төрлийн мэс заслыг хийлгэдэг шалтгаан нь Энэтхэг улсын дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн эмч, баг хамт олонтой. Дээрээс нь энэ төрлийн хагалгааг боломжийн үнээр хийдэг учраас монголчууд өргөнөөр сонгодог болов уу.
-Элэг шилжүүлэн суулгах хагалгааг дэлхийн бусад оронд ямар үнээр хийдэг вэ. Танай эмнэлэгт хандан хийлгэвэл ямар үнэтэй байдаг вэ?
-Манай эмнэлэг элэг шилжүүлэн суулгах хагалгааг 38 мянган ам.доллараар хийдэг. Энэ бол тогтсон ханш бөгөөд Энэтхэг, Монгол, гадаад хүмүүст энэ үнэ адилхан байдаг. Онцлон хэлэхэд, манай эмнэлэгт Монгол иргэд хагалгаа хийлгэх тохиолдолд тусгай өрөөнд хүлээн авах гээд бүх талаараа дээд зэрэглэлд бид үйлчилдэг. Дэлхийн бусад орон буюу АНУ, Япон, БНСУ-д энэ төрлийн мэс ажилбарыг 150 мянган ам.доллараас дээш үнэтэйгээр хийдэг. Манай эмнэлэгт тав дахин бага үнээр энэ хагалгааг ажмилттай хийдэг нь бусад орны и ргэд и рэх бас нэг шалтгаан нь болдог.
-Мэс заслын амжилт 99 хүртэлх хувьтай байдаг гэсэн шүү дээ. Энэ өндөр амжилтыг үзүүлэхэд нөлөөлдөг гол хүчин зүйл нь юу вэ?
-Бидний мэс заслын үр дүн 99 хүртэл хувьтай байдаг нь манай багийн эмч нарын туршлага юм. Бид ойролцоогоор 1000 гаруй элэг шилжүүлэн суулгах мэс ажилбар хийсэн учраас энэ нь хийх тусам туршлагажиж байна гэсэн үг. Мөн энэхүү мэс засал нь техник маш их шаарддаг. Монгол хүмүүсийн хувьд 99 хувийн амжилттай хийж байгаа нь тэд цаг тухайдаа зөв арга хэмжээ авч манай эмнэлэгт хандсантай холбоотой. Бид хагалгааны амжилтыг 96 хувь гэж дүгнэдэг.
-Өөр ямар улс оронд энэ төрлийн мэс заслыг хийж байсан бэ?
-Бид Пакистан, Узбекстан, Туркистан, Ирак, Бангладеш зэрэг улсуудтай эмнэлэгийнхээ хүрээнд харилцаа холбоотой ажилладаг. Бид мөн адил Монгол өвчтөнүүд хүлээн авч хагалгаа хийн эргээд эх оронд ир ирж үзлэг хийдэг шигээ тухайн улс орнууддаа очиж өвтөнүүдээ үзэн хяналт тавин хамтарч ажилладаг.
-Монгол иргэдийн дунд элэгний ямар өвчлөлүүд зонхилж байна вэ?
-Монголд элэгний өвчлөл маш их хэмжээгээр байгаа. Үүнд дөрвөн гол шалтгаан байна. Нэгд элэгний “В” вирус, хоёрт элэгний “С” вирус, гуравт халдварын замаар авч байгаа вирус, дөрөвт согтууруулах ундааны хэрэглээнээс үүдэлтэйгээр энэ төрлийн өвчлөл их байна.
-Элэгний өвчлөлүүдээс хэрхэн урьдчилан сэргийлэх боломжтой вэ?
-Элэгний өвчлөл, В, С вирус цусаар болон бэлгийн замаар халддаг учраас эмнэлэгт хандахдаа аюулгүй байдлаа хангах үүднээс цусаар халдварлахгүй байх тал дээр маш сайн хяналт тавих хэрэгтэй. Мөн хүнсэндээ экологийн эрүүл бүтээгдэхүүнийг хэрэглэж хэвших, согтууруулах ундааг зөв зохистой хэрэглэж байх ёстой.
Түүний хамт өнөөдөр хэвлэлийн бага хуралд орчуулагчаар ажилласан Г.Золжаргалыг тэрбээр танилцуулахын хүссэн юм. Учир нь орчуулагч бүсгүй түүний өвчтөнүүдтийн нэг аж. Г.Золжаргал 2013 оны наймдугаар сарын 29-нд Энэтхэг улсыг зорин Вивек Виж эмч дээр элэг шилжүүлэн суулгах мэс ажилбарыг хийлгэжээ. Энэтхэг улсыг зорихоосоо өмнө түүний биеийн байдал нэлээд хүндхэн байсан бөгөөд элэгний хатуурал гэдэг оноштой, эмнэлэгт гурван удаа комд орсон байна. Тэрбээр энэхүү мэс заслын дараа эрүүл саруул болон өнөөдөр ажлаа хийгээд явж байгаадаа маш их баяртай байгаагаа хэлсэн юм. Тэрбээр Энэтхэгийн “Фортис” эмнэлэгт очин Вивек Виж эмчийн гар дээр амь аврагдсан учраас түүнд маш их итгэдэг, түүнийг ирэх бүрт иргэдэд хийдэг үнэ төлбөргүй үзлэгийн үйл ажиллагаанд оролцон тусалдаг юм байна.
Энэтхэг улсын “Фортис” нэгдсэн эмнэлгийн эмч Вивек Виж энэ сарын 11-ний өдрийн 14:00-16:00 цагийн хооронд өөрийн өвчтөнүүдээ үзэх бол 12, 13-ны 09:00-16:00 цагийн хооронд шинээр үзүүлэх хүмүүсийг Улсын нэгдүгээр Төв эмнэлгийн амбулаторийн 308 тоот өрөөнд, 14-нд Цэргийн госпитальд 09:00-18:00 цагийн хооронд иргэдэд үзлэг хийн зөвлөгөө өгөх юм байна.
Г.Даша | Гэрэл зургийг Ц.Баярбаатар
Эх сурвалж: eagle.mn