Хүүхдээ гэмтээсэн эцэгт 3.6 жилийн ял оноожээ

Хуучирсан мэдээ: 2014.08.11-нд нийтлэгдсэн

Хүүхдээ гэмтээсэн эцэгт 3.6 жилийн ял оноожээ

Төрсөн хүүхдүүдээ хазаж тамалсан гэх эцэгт холбогдох хэргийг өнөөдөр шүүж анхан шатны шүүхээс түүнд 3.6 жилийн ял оноосон байна. Шүүх бүрэлдэхүүн насанд хүрээгүй хүүхдүүдийг байнга тарчлаан зовоож байсан, догшин авирласан хэрэгт буруутган ийнхүү яллажээ.

Яллагдагч Д нь өнгөрсөн гуравдугаар сарын 24-нд эхнэрээ эзгүйд ийнхүү хүүхдүүдээ тамлан, гэмтээснийг эх нь мэдэж хүний эрхийн байгууллагуудад хандсанаар энэ хэрэг ил болсон юм.

Тэрээр шүүх хурал болохын өмнө дараах захидлыг бичжээ. “Би гомдолтой байна” энэ үг өнөөдөр миний амнаас гарна. Яг одоо хоёр бага хүүгээ зэрлэгээр тамласан хүүхдүүдийнхээ эцэгтэй дөрвөн сарын дараа уулзана. Түүний нүдэнд харуусал гэмшил байгаа эсэхийг харахыг хүсч байна. Тийм ээ гэр бүлийн хүчирхийлэл дунд бидний хамтдаа туулсан 13 жилийн амьдрал өнгөрсөн. Гурван хүүхдийн минь эцэг, хүүхдүүдийн минь эмээгийн бие нь тааруу байгаа гээд надад шийдвэрээ өөрчлөх олон хүчин зүйл байгаа ч хүчирхийллийг таслан зогсоох хэрэгтэй мөн хэрэг үйлдсэн бол хариуцлага байх ёстой гэж үзэн өнөөдөр гомдолтой гэдэг үгийг хэлэхээр шийдсэн.

Олон мянган эхчүүд, хүүхдүүд согтуу хөлчүү эрийн гарын шүүс, амны зугаа болон шаналан суугаа. Тэд минь яахаа ч мэдэхгүй хандах газраа ч олохгүй байгаа нь лавтай. Мөн олон гэр бүлийн хүчирхийллийн хэрэг шүүхийн шатанд буюу шүүх хурлын үеэр хэрэгсэхгүй болох эсвэл тэнсэн харгалзах гэсэн хувилбарт хүрдэг нь нууц биш. Хэдэн жилийн өмнө хойд эцэг нь охиноо хүчиндэж эх нь шүүх хурал дээр гомдолгүй гэж хэлснээр хэрэг хэрэгсэхгүй болж дахин эцгийн дарамт охинд ирж байсан тухай сонсоод сэтгэл эмзэглэж байлаа. Харин өнөөдөр энэ сонголт надад ирлээ. Би хэний талд шийдвэр гаргах гэж байнаа. Гомдолгүй гэж хэлснээрээ хүүхдүүдийнхээ өмнө ямар нэгэн буруу зүйл хийж байгаа юу?

Саяхан би хүүхдүүдтэйгээ ууланд гарлаа. Өнгөрсөн жил модон дотор тоглож байсан охин минь ойн захад очоод айгаад “үгүй ээ орохгүй” гээд уйллаа. Түүний минь бяцхан зүрхэнд хэзээ ч арилшгүй айдас хорогдсоныг гэнэт ухаарсан юм. Хэзээ ч арилшгүй. Тэр тамлалаас миний хүүхдүүдэд энэ л үлдэж. Аавдаа үнсүүлж тоглох хүүхдүүдийг хараад өөрийн эрхгүй санаа алдана. Энэ бол миний сонголт байсан. Сайн хүнтэй сууж сайхан амьдарна гэсэн мөрөөдөл минь, бас маргааш сайхан болно, одоо л уучилья гэсэн тэнэг уучлал эцэстээ хүүхдүүдийн минь аминаас наахнуур аймшигт зүйл бий болоход хүргэсэн. Харин өнөөдөр би өөрийнхөө болон хүүхдүүдийнхээ өмнөөс гомдолтой гэдэг үгийг хэлнэ. Тийм ээ би гомдож байна. Өнгөрсөн бүх амьдралдаа хэтэрхий зөөлөн байсандаа бас гомдож байна. Буруу, болохгүй зүйлийг тэр дор нь залруулж, таслах хэрэгтэй байдгийг одоо ухаарсандаа харамсана. Гэхдээ хэдэн жил хийж чадаагүй тэр шийдвэрийг одоо гаргаж би гомдолтой байна гэж шүүхийн өмнө би хэлнэ.

Гурван хүүхдийн минь авга ээж, эгч, ах, дүү нарт би “уучлаарай” гэж хэлэхийг хүсч байна. Би хэн нэгнийг үзэн ядсандаа, төмөр торны цаана суулгах гэсэндээ ийм шийдвэр гаргаагүй шүү. Хүчирхийлэл үйлдэж болохгүй, хариуцлага хүлээх ёстой гэдгийг тэр хүнд ойлгуулахыг хүсч байна. Бас хүүхдүүддээ ч ойлгуулахыг хүссэн юм. Өөрөөс дор хүнийг хүчирхийлж болохгүй, хариуцлага шийтгэл заавал ирдэг гэдгийг. Та нарыг бас сэтгэлээр зовоож байгаад уучлаарай намайг.

Ямартай ч би шийдвэрээ гаргасан “Би гомдолтой байна”. Харин хууль хэрхэн шийдэхийг би хэлж чадахгүй гэжээ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж