Нийслэлийн Нийтийн тээврийн газраас 50 орчим чиглэлд тээврийн үйлчилгээ эрхэлж байгаа микро автобусыг кондукторгүй болгохоор ажиллаж эхэлжээ. Эхний ээлжинд бүх дүүргээс “Наран туул” худалдааны төв рүү буухиа үйлчилгээнд явж байгаа микро автобусыг кондукторгүй болгохоор болсон байна. Уг нь ийм журмыг өмнө нь гаргаж байсан ч дээрх чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа микро автобусныхан хэд хоног мөрдөөд больжээ. Тиймээс энэ удаад бүрэн мөрдөхөд анхаарах гэнэ. Мөн үүнээс гадна таван чиглэлд дээрх журмыг мөрдүүлэх юм байна.
Нийслэлийн Нийтийн тээврийн газраас олон нийтийн дунд судалгаа явуулахад “Микро автобусны кондукторууд чиглэлээ зарлан чанга дуугаар тасралтгүй хашгирдаг нь хамгийн тээртэй байдаг” гэсэн гомдлыг тавьжээ. Иймд цаашид бүх чиглэлд явж байгаа микро автобусыг кондукторгүй болгох ажлыг хийх юм байна. Албаны хүмүүсийн тайлбарласнаар нийслэлийн хэмжээнд 50 орчим чиглэлд 1100 орчим микро автобус нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг ажээ.
Г.Дарь