
Хамгийн гол нь зээлдэгчдийн араас нэхэж, зээлийг нь төлүүлэх үүрэгтэй бүрэн эрхт төлөөлөгчид өр, төлбөртэй холбоотой чухал бичиг баримтаа алдсан гэх мэдээлэл гараад удаж байна. Тодруулбал, өнгөрсөн тавдугаар сарын 18-ны мягмар гарагт Баянгол дүүргийн XIV хорооны нутаг дэвсгэр буюу “Голомт” банкны ойролцоогоос чухал бичиг баримтаа алдсан гэх дуудлага цагдаагийн хэлтэст ирсэн байдаг. Үүний дагуу шалгахад Монголбанкнаас “Анод”-д Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилогдсон Б.Энхбат “PAV-4” автомашинаасаа бичиг, баримттай цүнхээ алдсан байжээ. Түүний алдсан цүнхэнд “Анод” банкны өмнөх жилүүдийн тайлан тооцоо, зээлдэгчдийн нэрс, зээлийн гэрээ, харилцагчдын данс, зураг зэрэг чухал бичиг баримтууд байсан аж. Энэ талаар тухайн үед цагдаагийн ажилтнууд мэдээлэл өгч байсан. Харин Б.Энхбат хулгайд алдсан бичиг баримтын талаар олон нийтэд дэлгэлээ гэж цагдаагийнхантай заргалдсанаар энэ хэрэг намжсан гэхэд болно.
Дээрх хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа. Хулгайн хэргийг зохион байгуулалттай байж магадгүй гэсэн сэжиг цагдаагийнханд байгаа аж. Учир нь хохирогч машинаа арчиж байхад эсрэг талынх нь хаалгаар хулгайч зөвхөн гар цүнхийг аваад зугатсан байдаг. Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсээс хулгайчийг олсон эсэхийг асуухад “Хэргийг үргэлжлүүлэн шалгаж байгаа” гэсэн хариуг өгсөн юм.
Харин Монголбанкны Олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Лхагважаваар дамжуулж Б.Энхбат дараах хариултыг өглөө. Тэрбээр “Алдсан цүнхтэй баримт бичгээ олоогүй. Гэхдээ цүнхэнд хувийн бичиг, баримт л байсан. “Анод” банктай холбоотой баримт бичиг байгаагүй” гэсэн юм. Нэгэнт хулгайчийг бариагүй, цүнхийг олоогүй хойно баримт бичиг “Анод”-ынх байгаагүй гэх баталгаа байхгүй. Хохирогчийн цагдаад өгсөн гэх эхний мэдүүлгээр цүнхэнд “Анод”-ын баримт байсан бол зээлдэгчийн гэрээний эх, зураг алдагдсан байж таарах нь. Тийм бол дампуурсан “Анод”-ын хохирлыг татвар төлөгчдийн мөнгөөр барагдуулаад, эргээд багахан хэсгийг нь ч болов авах найдваргүй гэсэн үг.Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин