Б.Батзаяаг яагаад ажлаас нь чөлөөлөв?

Хуучирсан мэдээ: 2014.08.09-нд нийтлэгдсэн

Б.Батзаяаг яагаад ажлаас нь чөлөөлөв?

Х.Баттулгын гарын хүн гэгддэг, нэгэн цагт бие хамгаалагчаар нь ажиллаж байгаад Зам тээвэр, барилга хот байгуулалтын яамны сайд байхад нь “Монголын төмөр зам”-ын захирал болж, дараа нь А.Гансүхийн үед Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болтлоо суга “дэвшсэн” Б.Батзаяаг Засгийн газрын хуралдаанаар ажлаас  нь чөлөөлөх шийдвэр гаргасан байна. Түүнийг ажлаас чөлөөлөх болсон шалтгааныг олон нийт янз бүрээр дүгнэцгээж байна.  Тухайлбал, Х.Баттулгын гарын хүн гэгддэг түүнийг төрийн ажлаас халах болсон учрыг улстөрчид өөр өнцөгөөр харж байгаа бол салбарынхан нь “аль эрт ийм арга хэмжээ” авах байсан юм хэмээн ярьцгааж байна.

Засгийн газрын хуралдаанаар түүнийг ажлын хариуцлага алдсан гэх үндэслэлээр чөлөөлжээ. Б.Батзаяагийн оронд тус яамны Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ё.Манлайбаярыг үүрэг гүйцэтгэгчээр томилсон юм.

Засгийн газрын тэргүүн аль хавраас л эхлэн гурван яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт ажлын хариуцлагаа сайжруулахыг үүрэг болгож, удаа дараа сануулга өгч,  ажлаа хийж чадахгүй бол халах хүртэл арга хэмжээ авна гэдгээ анхааруулж байсан удаатай.  Тэдгээр  нь Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Булга-Эрдэнэ, Батлан хамгаалах яамны Төрийн нарийн бичгийн дарга З.Болдбаатар, Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяа нар бөгөөд Б.Батзаяагийн хувьд ажилдаа хариуцлагагүй ханддаг, ажлаа хийдэггүй хэмээн салбарынхнаас нь багагүй гомдол ирсэн байна.  Зам засах ажлын мөнгийг нь цаг хугацаанд нь гаргаж өгөлгүй удаашруулснаас болоод орон нутгийн замд цөөнгүй хүн амиа алдах шалтгаан болсон хэмээн буруутгах хүмүүс бий.

Аливаа яамдын гол ажлыг дэд сайдууд үүрч, төсөв, санхүүг нь Төрийн нарийн бичгийн дарга нар барьдаг гэдэг. Тийм ч учраас Зам тээврийн яамны гол санхүүг барьж байсан Төрийн нарийн бичгийн дарга Б.Батзаяаг яагаад ажлаасаа халагдах болов оо гэдэг олон хүний хорхойг гозолзуулж байгаа болов уу.  Тэрбээр 2009 онд “Монголын төмөр зам” төрийн өмчит компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа Хятадын “China CNP Corporation limited” корпорациас хөнгөлөлтэй зээлээр  35.7сая орчим ам.долларын зүтгүүрүүдийн худалдан авсан бөгөөд эдгээр зүтгүүрүүд  шив шинээрээ Улаанбаатар төмөр замын дипогийн хашаанд төмрийн хог болоод удаж байгаа аж.  Мөн зээлээр 28.5 сая долларын үнэтэй 62 ширхэг засварын машин авсан нь “Болд Ерөө” компанийн хашаанд бороо, цасанд зэврээд хэвтэж байгаа юм байна. Нийтдээ 64.2 сая долларын алдагдалтай наймаа хийсэн нь өнөөдөр улсын төсөвт багагүй дарамт болж буй гэнэ. Энэхүү зээлийг хүүтэй нь төлөх ажлыг Сангийн яам хариуцаж байгаа гэсэн мэдээлэл байна.

ЗТБХБ-ын сайдаар ажиллаж байхдаа Х.Баттулга “Ухаахудаг-Гашуунсухай” чиглэлийн 267 километр төмөр замыг хувийн хөрөнгө оруулалтаар барих төслийг “Энержи ресурс”-ээс төрөөр дайлган булааж, “МТЗ” төрийн өмчит компанид шилжүүлсэн.  Энэхүү төслийг хариуцахаар болсон "МТЗ" компани нь 12 төрлийн ажлыг зургаа болгож, төсөвт үнэлгээг нь 48 сая доллараар нэмсэн байна.  Дээрх ажлыг “МТЗ”-ын гүйцэтгэх захирал  Б.Батзаяа хариуцан хийсэн байдаг.  Мөн дээрх чиглэлийн төмөр замын ТЭЗҮ-г хийлгүүлэхээр  “МТЗ”-ын хөрөнгийг барьцаалан зээл авсан байдаг бөгөөд 5.65 сая долларыг “МкКинсей”-д  өгөхдөө “нууцад” хамруулсан нь мөнгө угаасан байж магадгүй гэсэн сэжиг төрүүлж байгаа гэнэ. “МкКинсей”-гийн хийсэн үнэлгээг олон улсын хөрөнгө оруулалтын байгууллагууд  хүлээж авахгүй байгаагаас болоод төмөр замын ажлыг санхүүжүүлэх хөрөнгө оруулагч олдохгүй байгаа талаар “МТЗ”-ын ажилчид сэмхэн муулчлах болсон байна.

Мөн төмөр замын төсөлд хууль, санхүүгийн хяналт нэрээр зөвлөх үйлчилгээнд 25 сая доллар зарцуулах гэрээ байгуулж, үүнийг төлөхөөр сар бүр “Хөгжлийн банк”-наас  1.7 сая ам.долларыг үр дүнгүйгээр зарцуулах болсон гэх олон асуудлаас  шалтгаалж Б.Батзаяа дарга албан тушаалаасаа огцорсон бололтой.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж