МХБХ-ноос “MCS Coca Cola” ХХК-тай хамтран зохион байгуулдаг Идэрчүүдийн “Хүслийн лиг-2014” тэмцээн эхлээд дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өдөр буюу наймдугаар сарын 7-ны өдрийн тоймыг хүргэж байна.
15 хүртэлх насны ангилал:
Тоглолт №7
МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ 1:6 ХОРОМХОН
Өчигдрийн тоглолтод “Монголын Тэмүүлэл”-“Хоромхон” багууд учраа таарч тоглолоо. “Хоромхон” клуб илт давуу тоглолт үзүүлж байсан бөгөөд эхний гоолыг 15 дахь минутад “Хоромхон” клубийн Б.Бүрнээбаяр булангийн цохилтоор ирсэн бөмбөгийг чадварлаг ашиглан хаалганд оруулсан бол үүнээс ердөө 2-хон минутын дараа буюу 17 дахь минутад Б.Хосбаяр 2 дахь гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг мялаалаа. Дараа дараагийн гоолуудыг мөн л “Хоромхон” багаас Б.Бүрнээбаяр 29 ба 33 дахь минутад оруулж, энэ тоглолтын хеттрикийн эзэн болсон бол Д.Доржжүгдэр 41, Б.Очирзаяа 46 нар тус тус нэг гоолыг нэмлээ. Хэдийгээр эдгээр үргэлжилсэн гоолууд “Монголын Тэмүүлэл” клубийг сандралд оруулж байсан боловч 51 дэх минутад Б.Эрдэнэ-Ундрах өөрт ирсэн боломжоо тун чадварлаг ашиглан гоол хийсэн. Ийнхүү бөмбөгний төлөөх 60 минутын тулаан 6:1 харьцаагаар “Хоромхон” клубийн ялалтаар дууслаа.
Тоглолт №8
УЛААНБААТАР ИХ СУРГУУЛЬ 3:2 ХАРААЦАЙ
“Улаанбаатар” Их Сургууль – “Хараацай” багууд эн тэнцүү өрсөлдсөн. Тоглолтын 23 дахь минутаас Х.Анарын гоолоор “Хараацай” клуб хошуучилж эхэлсэн боловч, 26 дахь минутад А.Төгөлдөр хариу барьж тооны харьцааг тэнцүүлсэн. Тэгвэл эхний хагасын цаг дуусахын өмнөхөн буюу 29 дэх минутад Н.Анар дахин гоолдож 2:1 харьцаагаар “Хараацай” клуб дахин тэргүүлж эхэлсэн. Гэвч 2-р хагаст багуудын довтолгоо тэр бүр хаалгаруу чиглэхгүй байсаар, тоглолтын үндсэн цаг дуусахтай зэрэгцэн 59 ба 60 дахь минутад Д.Мөнхтэнгэр, У.Дамба нар дараалан гоол хийж багтаа 2 дахь хожлыг авчирлаа.
17 хүртэлх насны ангилал:
Тоглолт №4
ИНХ 0:4 АРВИС
Энэ жилийн Идэрчүүдийн лигийн тэмцээнийг тааруухан эхэлсэн “ИНХ” баг энэ удаагийн тоглолтод бас л амжилт үзүүлж чадалгүй “Арвис” багт 4 гоолоор ялагдлаа. Хожлын 4 гоолыг эхний хагаст Д.Тэмүүлэн 18’, Т.Ууганбаяр 33’ нар тус тус гоолдсон. Харин сүүлийн хагасын 46 дахь минутад Т.Ууганбаяр 2 дахь гоолоо оруулсан бол 56 дахь минутад Э.Буддорж багтаа 4 дэх гоолыг авчирлаа гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.