“Мөрөөдөл” зуслан, Хүүхдийн төлөө газраас хэрэгжүүлж буй “ДАШТ-2030 Монгол” төслийн санаачлагаар хөлбөмбөгийн орон гэгдэх Бразил улсын нэрт дасгалжуулагч Целко Карлос де Алмейдаг урьж авчран энэ спортыг сонирхон оролддог өсвөр үеийн хүүхэд залууст боломж олгохоор болжээ.
Тэрбээр Монголд байх хугацаанд “Мөрөөдөл” зусланд байрлан хөлбөмбөгийн арга техникийг эзэмшүүлэх сургалт явуулах бөгөөд хамгийн ур чадвар сайтай авьяаслаг гурван хүүхдийг сонгон ирэх зун Өмнөд Солонгос улсад урих юм. Сонгогдсон хүүхдүүд тус улсын хүүхдийн хөлбөмбөгийн шигшээ багтай хамт зуны бэлтгэлд гарч, туршлага судлан суралцах юм байна. Тухайн хугацаанд тэд спортын ур чадвараараа шалгарч, дасгалжуулагчийн “хараанд өртөж” чадвал цаашдаа дэлхийд ч хүчээ сорих боломж олдох аж.
Уг дасгалжуулагч нь Бразилийн алдарт AA Germer/SC Catarinense Champion, Rio Claro/GO багуудад тоглож байсан бөгөөд одоо Өмнөд Солонгосын Кorea Ravens F.C хүүхдийн шигшээ багийг гурван жилийн гэрээт хугацаагаар дасгалжуулж байна.
Целко Карлос де Алмейда манай улсад ирэх болсон шалтгаанаа “Монгол хүүхдүүд тэсвэр тэвчээр сайтай, бяр чадал ихтэй гэж сонссон. Тиймээс Монголд очиж үзмээр санагдсан” гэж тайлбарласан аж.
Тэрбээр энэ сарын 5-нд ирэх бөгөөд сургалт долдугаар сарын 14-нөөс “Мөрөөдөл” зусланд эхэлнэ. Хөлбөмбөг сонирхогч хүүхэд залуус та бүхэн энэ боломжийг бүү алдаарай.
Холбоотой мэдээ