БНСУ-ын Цагдаагийн үндэсний агентлагийн захирал Ли Сон Хан
Фото: koreajoongangdaily.joins.com
Өмнөд Солонгосын Цагдаагийн үндэсний агентлагийн захирал Ли Сон Хан огцрох хүсэлтээ гаргасан тухайгаа сэтгүүлч нарт наймдугаар сарын 5-ны өдөр мэдээлжээ.
Тэрээр "Сэвол" гатлага онгоцны сүйрлийн гол буруутан гэх уг онгоцны эзэн Ю Бён Он гэгчийн цогцсыг таних шинжилгээ сунжирсантай холбоотой гэв. Мөн тэрээр Цагдаагийн алба олон асуудлын хариуцлагыг өөртөө авах ёстой учраас би огцрохоор шийдлээ гэсэн байна.
Түүний мэдэгдэл гаргахаас хэдэн цагийн өмнө, "Сэвол" хөлгийн сүйрлийн нөхцлийг тогтоох мөрдөн байцаалт удааширсан, хууль хяналтын байгууллагынхан цаг тухайд нь хөлөг онгоцны эзэн байсан 73 настай Ю Бён Онийг илрүүлж чадаагүй зэрэг олон асуудлаар цагдаагийнхан ба прокурорын газрынхныг тус орны ерөнхийлөгч эрс шүүмжлээд байсан. Хөлөг онгоцны эзэн болох Ю Бён Оны цогцсыг зургадугаар сарын 12-нд олсон ба түүнээсээ 10 хоногийн дараа ДНК-ийн шинжилгээний дагуу түүнийг тогтоосон юм.
Өмнөд Солонгосын Цагдаагийн Ерөнхий дарга Ли Сон Хан нь Ерөнхийлөгч Пак Гын Хегийн Засгийн газрын тушаалаар 2013 оны 03 сарын 29-ний өдрөөс эхлэн тус улсын Цагдаагийн Ерөнхий газрын 18 дах удаагийн даргаар сонгогдон ажиллаж байсан ажээ.
Хэргийг сануулахад, Инчоноос Чежүг чиглэн далайд гарсан “Севол” гатлага онгоц өнгөрсөн дөрөвдүгээр сарын 16-нд Жиндо арлын ойролцоо осолдож, живсэн. Хөлөгт 476 хүн зорчиж явснаас 172 хүн аврагдаж, 294 хүн амь насаа алдаж, 10 зорчигч одоог хүртэл ор сураггүй байна. Зорчигчдын дунд Ансан хотын Данвон ахлах сургуулийн 17-18 насны 325 сурагчийн 70 нь, тус сургуулийн 14 багшийн гурван нь амь аврагдсан билээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР