Эрчүүд хожиж, бүсгүйчүүд тэнцлээ

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Эрчүүд хожиж, бүсгүйчүүд тэнцлээ

Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад үргэлжилж байна. Тэмцээний тав дахь өргийн тоглолт өчигдөр болж, манай эрэгтэй шатарчид ээлжит хожлоо авсан бол эмэгтэйчүүд Азийн шилгүүдийн нэг Вьетнамын багтай эвийн гэрээ байгууллаа.

Өмнөх хоёр тойрогтоо ялагдаад байсан манай эрэгтэй шатарчид энэ өдөр Тажикстаны (чансаа 67) багтай тоглож, 2.5:1.5-аар хожлоо. Тоглолтод олон улсын мастер Г.Мөнхгал учраагаа хожиж, их мастер Ц.Батчулуун, Б.Хатанбаатар, олон улсын мастер Н.Баттулга нар эвийн гэрээ байгуулжээ. Эрэгтэй шатарчид ийнхүү гурван хожил (Саудын Араб, Непаль, Тажикстан), хоёр хожигдолтой (Франц, Хорват) 177 орноос 67-р байрт бичигдлээ.

Эмэгтэй баг тав дахь өрөгтөө Азийн шилдгүүдийн нэг Вьетнамын багтай тоглож, эвийн гэрээ байгууллаа. Хоёр багийн хувьд адил гурван хожилтой байсан бөгөөд манай эмэгтэйчүүд хожих боломж байсан ч харамсалтай нь тэнцсэн байна. Олон улсын мастер Б.Мөнгөнтуул, Олон улсын хэмжээний мастер Б.Баярмаа нар өрсөлдөгчөө хожсон ч олон улсын хэмжээний мастер У.Лхамсүрэн, их мастер Т.Батчимэг нар ялагджээ.

Эмэгтэй шатарчид гурван хожил (АНЭУ, Ирланд, Алжир), нэг тэнцээ (Вьетнам), нэг хожигдолтой (Франц) 139 орноос 27-р байрт бичигдэж байна.

Өнөөдөр тэмцээний амралтын өдөр бөгөөд олимпиадын үеэр уламжлал болгон зохион байгуулдаг "The Bermuda Party" болох аж.

Тэмцээний үеэр орон орны шатарчдын блиц тэмцээн болж байна. Манай шатарчин, их мастер Д.Шаравдорж 2000-аас дээш рейтенгтэй хоёр тэмцээнд оролцож, түрүүлж, дэд байрт шалгарсан амжилтыг үзүүлжээ. Мөн 2000-аас доош рейтэнгтэй шатарчдын блиц тэмцээнд дэд мастер Ү.Агьбилэг түрүүлж, спортын мастер Ч.Чулуунбаатар нэг тэмцээнд хоёрт орсон амжилтыг үзүүлээд байна.

Тэмцээний фото агшинг ЭНД дарж үзнэ үү.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж