Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

Элчин сайд итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Станислав Чепурной 8 дугаар сарын 6-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа.

Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсны дараа Ерөнхийлөгч Элчин сайдыг хүлээн авч уулзлаа.

Хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан 15 Бүгд Найрамдах Улсаас Улаанбаатарт ОХУ болон Казахстаны Элчин сайдын яам байнгын үйл ажиллагаатай байсан юм. Харин Беларусийн Элчин сайдын яам нээгдсэнээр ийнхүү гадаадын 21 орны Элчин сайд Улаанбаатарт байнга суух боллоо.

Уулзалтын үеэр Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Сүүлийн жилүүдэд хоёр орны харилцаа эрчимтэй хөгжиж байна. Беларусийн Ерөнхий сайд Монгол Улсад 2013 онд айлчилснаас хойш хоёр талын харилцаанд чанарын өөрчлөлт олонтаа гарсан. Засгийн газар хоорондын яриа хэлэлцээний дагуу олон жил хөндөгдөөгүй асуудлуудыг шийдсэн. Беларусь Улс Улаанбаатарт анх удаа Элчин сайдын яамаа нээж, таныг томилон илгээж байгаа нь хоёр орны харилцаанд ямар их ач холбогдол өгч байгааг харуулж байна. Энэ нь өнөөгийн харилцаа цаашид өргөжин тэлэх өргөн боломж буйн тод жишээ” гэв.

Элчин сайд Станислав Чепурной хэлэхдээ “Биднийг хүлээн авч уулзсанд  баярлалаа. Үнэхээр хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд эрчимтэй өргөжиж байгаа. Засгийн газар хоорондын яриа хэлэлцээ эрчимжиж, хамтран ажиллах хууль эрх зүйн орчин бүрдэж, дээд хэмжээний харилцан айлчлалын давтамж ихэсч байгаа. Ерөнхийлөгч таныг Беларусьт айлчлахыг дахин урьж байна. Таны айлчлал хоёр орны төр засгийн төдийгүй эдийн засаг, худалдааны салбарт түлхэц үзүүлэх нь дамжиггүй.

Беларусийн талаас Монголын зах зээлд хөдөө аж ахуй, газар тариалангийн машин техник, хэрэгсэл нийлүүлж танигдсан төдийгүй цаашид хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэх сонирхолтой байна. Бид өндөр технологи шингэсэн бүтээгдэхүүн, зорчигч тээврийн хэрэгсэл, зам барилгын техник нийлүүлээд зогсохгүй хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулах зэргээр хамтран ажиллахыг хүсч байна. Манай Ерөнхий сайдын Монголд хийсэн айлчлалын дараа дээрх чиглэлээр хамтран ажиллах төсөл, хөтөлбөрийг бид хэдийнэ боловсруулаад эхэлсэн. Улаанбаатарт Элчин сайдын яамаа байгуулсан нь хоёр орны харилцааг өргөжүүлэх энэ бүх төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой” гэв.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хоёр орны хооронд хамтарсан үйлдвэр, аж ахуйн нэгж байгуулах саналыг онцлон сайшаагаад, “Монголд уул уурхай, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбар цаашид улам бүр хөгжих учраас Беларусийн чанартай машин техникийн хэрэгцээ шаардлага улам бүр нэмэгдэнэ. Ирээдүйд Монгол нь Беларусийн хувьд Азийн зах зээлд гарах гүүр болно гэдэгт итгэлтэй байна. Мөн Беларусь бидний хувьд Европын зах зээлд гарах нэгэн гарц болно гэж найдаж байна. Беларусь нь хуучин ЗХУ-ын бүрэлдэхүүнд байсан улс орнуудаас Улаанбаатарт Элчин сайдын яамаа нээж буй гурав дахь /ОХУ, Казахстаны дараа / улс болж байна. Иймээс танд онцгой үүрэг хариуцлага ногдож байна. Энэ чухал ажилд тань амжилт хүсье” гэв.

Эх сурвалж: mfa.gov.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж