&#34Дэрэн&#34, &#34Хараацай&#34 багууд эхний хожлоо авлаа

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

&#34Дэрэн&#34, &#34Хараацай&#34 багууд эхний хожлоо авлаа

Монголын хөлбөмбөгийн холбооны албан ёсны түнш “MCS Coca Cola ХХК”-тай хамтран зохион байгуулдаг идэрчүүдийн U-15, U-17 насны “Хүслийн Лиг 2014” тэмцээн наймдугаар сарын 4-нд эхэлсэн. Тэмцээний 15 хүртэлх насанд найман баг, 17 хүртэлх насанд таван баг өрсөлдөж байна. Тэмцээн энэ сарын 4-29-ныг хүртэл МХБХ-ны цэнгэлдэх хүрээлэнд явагдаж, аваргуудаа тодруулна. 15 насанд өрсөлдөж байгаа найман баг нэг тойрог өрсөлдсөний эцэст өндөр үзүүлэлттэй хоёр нь алт, удаах хоёр нь хүрэл медалийн төлөө тоглох юм. Харин 17 насны таван баг хоёр тойрог өрсөлдөж, дүнгээр нь байр эзлүүлэх аж.

15 хүртэлх насанд Улаанбаатар их сургууль, Сэлэнгэ-Хөтөл, "Дэрэн", "Хараацай" багууд эхний хожлуудаа аваад байна. 17 насанд "Арвис", "Монголын тэмүүлэл" багууд эхний тоглолтод ялалт байгуулжээ.

Тэмцээний дэлгэрэнгүйг хүргэе.

15 хүртэлх насны ангилал:

Тоглолт №3

ДЭРЭН 4:1 МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ

Өнгөрсөн жилийн аварга “Дэрэн” клуб “Монголын Тэмүүлэл” клубтэй оноолт таарч эхний тоглолтоо хийлээ. Тоглолтын эхний хагасын 15 дахь минутад “Дэрэн” клубийн Б.Батмөнх, 21 дэх минутад  Б.Энхтулга  нар гоол оруулж тоглолтыг тэргүүлж эхэлсэн. Хэдийгээр 2-р хагасын 43 дахь минутад “Монголын Тэмүүлэл” клубээс Б.Баярбилэгт гоол хийсэн боловч энэ нь тэдний цорын ганц гоол байлаа. Харин эсрэг багаас 54 ба 66 дахь минутад П.Билэгжаргал, Э.Өнө-Эрдэнэ нар тус тус гоолдож 4:1 харьцаагаар “Дэрэн” клуб ялалт байгуулж 3 оноогоо авлаа.

Тоглолт №4

ХОРОМХОН 3:4 ХАРААЦАЙ

“Хоромхон” – “Хараацай” багуудын хувьд эн тэнцүү ширүүн өрсөлдөөн үзүүллээ. Эхний хагас “Хараацай” багийн давамгайлал дор явагдлаа. Тоглолтын 12, 17 ба 25 дахь минутад “Хараацай” багийн тоглогч Н.Анар гоолдож энэ тоглолтын хеттрикийн эзэн болсон бол, 20 дахь минутад О.Ганбаяр гоол оруулж эхний хагас 4:0 харьцаагаар завсарлалаа. Харин 2-р хагасаас “Хоромхон” багийнхан алдсан гоолуудаа нөхөхөөр шийдэн довтолсоор 31, 41 болон 45 дахь минутад Б.Очирзаяа, Л.Хишигзаяа, Б.Бүрнээбаяр нар тус тус гоол оруулж тооны харьцааг ойртуулсан боловч 3:4 харьцаагаар “Хараацай” баг хожлын 3 оноогоо авч чадлаа.

 

17 хүртэлх насны ангилал:

Тоглолт №2

МОНГОЛЫН ТЭМҮҮЛЭЛ  3:2 ХАСУ МЕГАВАТТ

17 хүртэлх насны ангиллын хоёрдахь тоглолтод  “Монголын Тэмүүлэл” – “Хасу Мегаватт”  багууд оноолт таарч тоглолоо. “Хасу Мегаватт” багаас Э.Тэлмэнбаяр 15, Э.Ганбаяр 22 дахь минутад гоолдсон бол, “Монголын Тэмүүлэл” багаас 54, 69 ба 42 дахь минутад Т.Ууганбаяр, Г.Цолмонбаатар, Д.Тэмүүлэн нар тус тус гоол оруулж, 3:2 харьцаагаар “Хасу Мегаватт” баг ялагдал хүлээлээ гэж Монголын хөлбөмбөгийн холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж