Камбожийн Улаан Кхмерүүдийн үйлдсэн аймшигт хядлагаас хойш 35 жилийн дараа НҮБ-ын дайны гэмт хэргийн шүүх харгис дэглэмийн үед тус оронд үйлдсэн цуст хэргийнх нь төлөө Улаан Кхмерийн хоёр толгойлогчид бүх насаар нь шоронд хорих ял оноолоо.
1975-1979 оны хооронд Камбожид харгис дэглэм тогтоож, хоёр сая гаруй хүнийг тарчлаан хороосон Улаан Кхмерүүдийн төрийн тэргүүн асан 83 настай Кхиеу Самфан болон Улаан Кхмерүүдийн дээд удирдагч Пол Потын орлогч 88 настай Нуон Чеа нарыг хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэрэгт буруутгасан юм. Шүүх хурлыг удирдан явуулсан шүүгч Нил Нон шүүгдэгчдийг босч, шүүхийн шийдвэрийг сонсохыг шаардсан боловч Нуон Чеа тэргэнцрээс босч чадахааргүй байсан тул суудлаасаа сонсохыг нь зөвшөөрсөн байна.
Шүүгч Улаан Кхмерүүдийн толгойлогч асан хоёр шүүгдэгчийг хүн төрөлхтөний эсрэг гэмт хэрэг үйлдсэн буруутайг тогтоож, бүх насаар нь шоронд хорих ял оноосныг зарлахад тэд ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй гэнэ. Улаан Кхмерийн толгойлогч асан Кхиеу Самфан, Нуон Чеа нар шүүхийн шийдвэрийн эсрэг давж заалдах эрхтэй боловч өдүүлсэн хэрэг нь тэднийг үлдсэн насаа торны цаана өнгөрүүлэхэд хангалттай аж.
1975-1979 оны хооронд дөрвөн жилийн хугацаанд Камбожид тогтоосон Улаан Кхмерийн харгис дэглэмийн үед хот, тосгодод лам хувраг, сэхээтэн, хөрөнгөтнүүд, үндэсний цөөнх муслимын чам үндэстнүүдээс гадна хөрш Вьетнамын иргэдийг олноор хоморголон устгаж, албан бус тоогоор гурван сая хүний аминд хүрсэн аймшигт хядлага тус улсын түүхийн хамгийн хар үе байв. Харгис дэглэмийн үед тус улсын хүн амын дөрөвний нэг нь шорон, хорих лагерьт өлсгөлөн, өвчин, яргалал, болон боолчлолд өртжээ. Улаан Кхмерийн толгойлогчдыг шүүх ажиллагаа 2006 оноос эхэлсэн боловч шүүн таслах ажиллагаа удааширч, зарцуулсан зардал нь 200 сая ам.долларт хүрсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэлтэй тулгарсан билээ. Улаан Кхмерүүдээс өдүүлсэн аймшигт хэргийнхээ төлөө ял авсан цорын ганц хэрэгтэн нь 2011 онд бүх насаараа шоронд хоригдох ял авсан шоронгийн дарга Канг Кек Иеуг юм.
2011 онд эхэлсэн одоогийн шүүх хурал Улаан Кхмерийн дэглэмийн дөрвөн удирдагчийг шүүж байсан ч хоёр нь амьд сэрүүн байгаа аж. Тэдэнтэй хамт шүүгдэж байсан Улаан Кхмерийн шадар сайд, Гадаад харилцааны сайд Иенг Сари 2013 оны гуравдугаар сард 87 насандаа нас барсан юм. Харин түүний эхнэр, “Тэргүүн хатагтай” гэгдэж байсан Нийгмийн хэргийн сайд Иенг Тиритийг мартах өвчтэйн улмаас шүүх хурлаас чөлөөлсөн билээ.
Орчуулсан Н.ЭНХ