Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийхийг уриаллаа

АНУ-ын Нью-Йорк хотноо 2010 оны зургадугаар сарын 28-наас долдугаар сарын 2-ны хооронд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн үндсэн чуулганд  Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди тэргүүтэй төлөөлөгчид оролцож байгаа талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Өндөр хэмжээний уулзалтын нээлтэд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн хэлсэн үгэндээ дэлхий дахин санхүү, эдийн засаг, хүнс болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг олон хямралтай тулгарч байгаа энэ цаг үед Мянганы хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх чиглэлээр авч хэрэгжүүлсэн арга хэмжээгээ эргэн харж, цаашид хийх ажлаа эрчимжүүлэх шаардлагатай байгааг онцлоод, 2015 он гэхэд ядуурлыг 15 хувиар бууруулах боломж байгааг цохон тэмдэглэв.

Юуны түрүүнд ажлын байр бий болгох, хүнсний аюулгүй байдлыг хангах болон эмэгтэйчүүдэд хөрөнгө оруулалт хийхийг бүх улс орнуудад уриалж, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 63 дугаар чуулганаар баталсан тогтоолын дагуу НҮБ-д Эмэгтэйчүүдийн асуудал эрхэлсэн нэгдсэн нэгжийг бий болгох, улмаар энэхүү асуудлаарх Засгийн газар хоорондын ажлын хэсгийн яриа хэлэлцээг дэмжин ажиллаж байгаагаа мэдэгдсэн байна.
Уулзалтад оролцож байгаа манай төлөөлөгчид “Жендерийн тэгш байдал ба эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт үндэсний сайн дурын илтгэлүүдийг танилцуулж буй Сайд нарын хянан хэлэлцэх бага хурал болон Хөгжлийн хамтын ажиллагааны форумд оролцож байна.

Мөн зургадугаар сарын 29-ны өдөр Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас зохион байгуулсан “Дэлхийн ажлын байрны пакт: Эмэгтэйчүүдийг эдийн засгийн хувьд чадавхижуулах замаар хямралыг гэтлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас зохион байгуулсан “Зөвшилцлөөс үйл ажиллагаанд:ХАА-д хөдөөгийн эмэгтэйчүүдийг чадавхижуулах нь” сэдэвт уулзалт болон НҮБ-ын ДОХ-ын сангаас зохион байгуулсан “Эмэгтэйчүүд, охид, жендерийн тэгш байдал ба ХДХВ/ДОХ” сэдэвт дугуй ширээний уулзалтуудад оролцжээ.

Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди зургадугаар сарын 30-нд Хөгжлийн хамтын ажиллагааны ажиллагааны форумын “2015 он гэхэд Мянганы хөгжлийн зорилтод хүрэх нь: Хөгжлийн хамтын ажиллагааг эрчимжүүлэн сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэгт оролцож үг хэлж, Австралийн Олон улсын хөгжлийн асуудал эрхэлсэн сайдтай уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо гэж Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамнаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж