“Би өөрийгөө хурцалмаар байна”

Хуучирсан мэдээ: 2014.08.07-нд нийтлэгдсэн

“Би өөрийгөө хурцалмаар байна”

Монголын рок попын хөгжмийн ертөнцөд өөрийн өнгө төрх, авьяасаараа хүлээн зөвшөөрөгдсөн дуучин бол яах аргагүй альтернатив Отгоо буюу Х.Отгончимэг билээ. Хөгжим шигээ эрч хүчтэй түүнийг  “Нэгэн залуу”, “Заримдаа л”, “Эрчүүдийг үзэн ядах сэтгэлийг надад өгөөч” зэрэг олон хит уран бүтээлээр нь танихгүй хүн ховор биз ээ. Хэсэг хугацаанд уран бүтээлийн завсарлага авсан тэрбээр энэ удаад гурав дахь шинэ цомгийнхоо хамт фенүүдтэйгээ эргэн уулзлаа. Ингээд дуучин Отгоотой уулзан шинэ уран бүтээл, шинэ хэмнэлийнх нь талаар ярилцлаа.

-Таны уран бүтээлийг их санасан байна шүү. Тэр ч утгаараа шинэ цомогтойгоо урлагтаа эргэн ирж байгаа гэж дуулаад баярлалаа.

-Би уран бүтээлээ тав зургаан жил завсарлаад сая өөрийнхөө  гурав дахь цомгийг “Chillout” нэртэйгээр  гаргалаа. 2008 оны эхээр миний “Tentones” нэртэй хоёр дахь цомог гарч байсан бол түүнээс  хойш уран бүтээлээ цомгийн хэмжээнд гаргаагүй байсан. Эдгээр шинэ уран бүтээлүүд маань миний урсгалаас арай өөр chillout учраас  нэрнээсээ эхлээд өөрчлөлт хийсэн. 10 дуутай энэхүү цомгийн маань дууны хөгжмийг “Ocean Grey” продакшныхан хийсэн. Харин дууныхаа үг дээр С.Энхтайван, ZZ, Х.Болор-Эрдэнэ, яруу найрагч Б.Эрдэнэсолонго нартай хамтарч ажилласан. Хөгжмийн хувьд  үндэсний хэв маяг орсон дуунууд  дээр “Жонон” хамтлаг, саксфончин Болд ах, дуучин Г.Тэнүүн гитарын жижиг чимэглэлүүдийг хийж өгсөн. Цомгийн ковер зургийг  “E photography” студийнхэнтэй хамтран ажиллаа. Тэд миний “Бороонд норсон залуу” дууны клипийг хийж байгаа. Мөн make up artist, стилиист Хишиг-Өлзий оролцсон.

-Шинэ цомог ямар хугацаанд бүтсэн бэ. Альтернатив уран бүтээлийг тань илүү хүлээж байлаа?

-Өнгөрсөн жилийн зун  шинэ уран бүтээлээ хийх гээд өөрийнхөө зохиосон хоёр гурван дуунаас эхлээд бага багаар бүрдүүлж явж байгаад дараа нь “Chillout” цомог болголоо. Өнгөрсөн оны есдүгээр сараас эхлэн энэ цомгийнхоо ажилд орсон. Сонирхуулахад гурван сартай  жирэмсэн байхдаа бүх дуугаа дуулаад бичүүлсэн. Энэ жил охиныг маань гурван сартай байхад шинэ цомог маань мэндэлсэн. Гурав дахь хүүхдээ 3 сартай болоход цомог гаргасан гээд тооны бэлгэдлийн хувьд гурвын тоо надад хайртай байгаад би их баяртай байгаа.

 

-Та саяхан шинэ клипээ дэлгэсэн. Нэлээд өвөрмөц клип болсон байсан шүү. Клипний санааг хэрхэн гаргасан бэ?

-“Ганцхан нар” дууныхаа клипийг шинэ цомгийнхоо эхний танилцуулга болгон гаргасан. Ганцхан нар дууны үгийг С.Энхтайван бичсэн. Энэ клипийг  миний “Нэгэн залуу”, “12 сар 12 цаг”, “Чамд зориулья”, “Диваажин” дууны клипүүдийг хийсэн Төгсөө гээд  хувиараа уран бүтээл хийдэг залуу HDR технологиор хийснээрээ онцлог. Энэ дууны үгийг хийхдээ хүнд эрч хүч өгөхөөр хийсэн учраас хүн бүр адилхан шүү,  хүмүүс хэн нэгнээсээ илүү гараад  байхгүй ээ гэдэг утгаар бодож олон хүмүүсийн дүр төрхийг багтаан бүтээсэн. Төгсөөтэй ярилцаж байгаад санаануудаа нэгтгэн нартай холбоотой зурагнуудыг  оруулсан. Орон орны янз бүрийн хүмүүсийг нэгтгэн нар хайр шиг, хайр нар мэт гэсэн санааг хүмүүст хүргэх зорилгоор хийсэн л дээ.  Уран бүтээлүүдийн цаана хүнд хүрч байх тодорхой хэмжээний санаанууд байх ёстой юм шиг.  Гаднын уран бүтээлчдийн хувьд уран бүтээлийнх нь цаана ямар нэгэн уриа  байж түүнийгээ хийдэг юм билээ. Тиймээс эхний уран бүтээлээ арай өөр зөөлөн олон хүн оруулсан, тэндээс хүмүүс таашаал авмаар тийм сэтгэл хөдлөлтэй хэрнээ энгийн сонсогдсон бол уу гэж бодож байна.

– Уран бүтээлээ завсарласан үедээ үзэгч, сонсогчийн зүгээс  дүгнэлт хийдэг

 

-Та уран бүтээлээсээ хэсэг хугацаанд завсарласан. Энэ хугацаанд уран бүтээлээ хэр их санав аа. Тайзан дээр гарахгүй удах ямар байв?

-Заримдаа ч гармаар санагддаг л байлаа. Шинэ жилийн үеэр би жирэмсэн, нэлээд том гэдэстэй байсан. Тэгэхэд дуулмаар санагдаад л, хүмүүс ч утсаар их ярьж дуулаач гэдэг саналыг тавихаар нь нээх гоё гараад дуулчихмаар гэгэлзээд л… Гэхдээ мэдээж надад гэртээ хийж байгаа уран бүтээл минь чухал байсан учраас түүнд санаа зовоогүй, гайгүй байсан шүү.

-Дараагийн уран бүтээлүүдээ төлөвлөж байсан учраас санаа зовоогүй гэж үү?

-Тэгэлгүй яахав. Одоо ч гэсэн дараа дараагийн төслүүд болон цомгийнхоо ажлыг ямар байвал зүгээр вэ гэдгийг их боддог болсон. Уран бүтээлээ хийхгүй байгаа үедээ үзэгч, сонсогчийн зүгээс  өөртөө дүгнэлт хийдэг юм билээ. Тэр ч утгаараа сонсогчийн зүгээс ингэж хийвэл дээр юм байна, иймэрхүү уран бүтээл хиймээр байна гэсэн санаанууд гарч ирсэн шүү.

-Монголын рок попыг хөндлөнгийн сонсогч, үзэгчийн зүгээс харахад ямар санагдаж байсан бэ?

-Ер нь жаахан унтаа л байлаа л даа. Эсвэл нэг хүн уран бүтээл хийчихээд түүнийгээ сурталчилах нь бага байгаа ч юм шиг санагдсан. Би өмнөх цомгууд дээрээ телевиз, фм-үүдээр реклам явуулдаггүй байсан бол энэ удаад явуулсан нь дээр юм байна гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хэдийгээр цахим ертөнц илүүтэй хөгжин өөрийн фейсбүүк хуудсаа сайн ажиллуулахыг хичээж байгаа ч гэсэн үүний хажуугаар телевиз үзэж, фм, радио сонсож байгаа хүмүүсээ мартаж болохгүй юм байна, видео клипүүд олон байх ёстой юм байна гэж бодсон шүү.

-Залуусын хувьд бөмбөр, гитар дараад дуулах юм бол амьд хөгжмийн хамтлаг гэж ойлгох хандлага ихэссэн. Амьд хөгжмийн хамтлаг гэж яг юу вэ?

-Хамтдаа байна гэдэг нь маш олон асуудлуудыг шийднэ. Залуу хүмүүст хамтлаг болно гэдэг нь амьдралынх нь тодорхой хэмжээний томоохон хичээл, сургуулилт юм. Тэд нэг нэгнийхээ  үгийг сонсож, нэг уран бүтээл дээр төвлөрч ажиллана  гэдэг нь уран бүтээлээс нь гадна амьдралд нь ч сайн нөлөө үзүүлнэ. Залуу насандаа хүн олон юманд хошуурч, улайрч  түүнийхээ төлөө тэмцдэг. Энэ бол хүн бүрт байдаг зан байх гэж би бодож байна. Үүнээс зарим нэг нь амьдралынхаа явцад шантран больж,  өөр зүйлийг чухалчлан түүнийхээ төлөө явдаг.  Харин тууштай байсан хүмүүс нь үр шимийг нь хүртдэг бол уу. Ер нь бол хэлбэр хөөх асуудал ямар ч зүйл дээр байдаг шүү дээ. Ийм л байвал гоё юм байна гэсэн сэтгэхүй залуу хүмүүст байж болно. Гэхдээ хамтлаг байхын тулд бие биенээ мэдэрч, толгойлогчтой байх хэрэгтэй. Тэгж байж энэ олон хамтлагууд гарч ирэн олон жил хамтдаа уран бүтээлээ туурвидаг юм гэдгийг залуус цагийн эрхээр ойлгоно л доо.

-Та дууныхаа шүлэг, аяыг өөрөө зохиодог. Энэ бол таны бусад дуучдаас ялгарах давуу тал тань. Тэр ч утгаараа таныг эргэн уран бүтээлдээ орсонд баяртай байна. Одоо уран бүтээлээ зогсолтгүй үргэлжлүүлнэ биз дээ?

-Би дуучны амьдрал сонгосон юм чинь энэ бүхнээ орхихыг хүсээгүй. Боломжоороо өөрийнхөө уран бүтээлийг хувийн амьдралынхаа хажуугаар зохицуулахаас өөр аргагүй юм байна гэдгийг өнгөрсөн хугацаанд ойлгосон. Уран бүтээлээ цалгардуулж болохгүй юм байна.  “Аан нэг тийм дуучин байсан юм” гэж би яригдмааргүй байна шүү дээ. Тэр бол хайран шүү дээ. Энэ удаад гаргасан “Chill out” цомог бол “Ocean Grey” продкшны хөгжмүүд учраас миний оролцоо зөвхөн дуучныхаа хувиар л байсан.  Би энэ удаад өөрийнхөө дуулахдаа л анхаарсан. Дуучин талаа барих нь надад амархан байсан. Мөн дуучин хүн юу хийж болох уу гээд өөрөө хоолойгоороо техник үзүүлэх, тодорхой хэмжээний өөрт байгаа зүйлсээ илүүтэй дайчлах боломж байсан гэж хэлж болно. Тэр ч утгаараа  миний шинэ цомгийг сонссон хүмүүсээс “гоё” дуулсан гэсэн урмыг үгийг сонсож байгаа. Дараа дараагийн цомгууд маань мэдээж миний  зохиосон дуу болон амьд хөгжмийн хамтлагт байдаг найз нарын маань зохиосон уран бүтээлүүдээс оруулна гэж бодож байгаа.

 

– Гэр бүл, үр хүүхэд гэдэг бол хамгийн дээд аз жаргал

 

 

-Залуу байхдаа уран бүтээлдээ бүх цагаа зарцуулдаг байсан. Харин одоо хүний халамжит хань, гурван хүүхдийн ээж болсон Отгоогийн хувьд ямар өөрчлөлтүүд гарсан бэ?

-Би энэ хугацаанд  их зүйлийг бодсон л доо. Сайн уран бүтээл хийгээд жилдээ нэг цомог гарган эсвэл нэг л удаа тоглолтоо хийнэ шүү дээ. Тийм учраас миний хувьд харьцангуй хүүхдүүддээ цаг зав гаргах боломж байгаа юм байна гэдгийг  илүү олж харсан. Тэр ч утгаараа ажлын таван өдөр хүүхдүүдээ цэцэрлэгт нь өгч, бага хүүхдээ харангаа зарим өдрүүдээ уран бүтээлдээ зориулан долоо хоногийн төлөвлөгөө гаргаад явбал болох юм байна гэдгийг нэлээд олон жилийн дараа тооцоолж бодож байна шүү. Түүнээс биш эхний үед бол жаахан барьц алдах зүйлс байлаа. Үнэхээр уран бүтээл хийгээд явж байгаа  дуучныхаа хувьд тайзан дээр л илүү их аз жаргалыг мэдэрдэг гэж боддог байсан бол үгүй юм байна.  Гэр бүл, үр хүүхэд гэдэг бол хамгийн дээд аз жаргал  юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ талаар магадгүй өөртөө ч итгэхгүй би гурван хүүхдийн ээж болсон гэж үү гэж боддог. Өмнө нь уран бүтээлч учраас олон хүүхэдтэй болохгүй байх гэж боддог байсан. Дуу, дуу гэж яваад нэг л мэдэхэд хөгшрөөд  олон хүүхэдтэй болж чадахгүй байх. Миний төсөөлөлд уулын энгэрт хоёр давхар байшинд  аав, ээжээсээ холдсон  хэдэн хүүхдэд аав ээж нь болж  амьдраад явах юмсан гэж боддог байлаа. Боломжтой бол тэндээ олон хүүхдүүдтэйгээ хөлийг нь дөрөөнд гарыг нь ганзаганд хүргэх юмсан гэж боддог байсан.

-Яагаад тэгж боддог байсан юм бэ?

-Би 2006 оны үед Японы “Meet the smiles” байгууллагатай хамтраад Японд очиж  тоглолт хийж байсан юм. Тэр хүмүүс Монголд ирээд “Оюунтүлхүүр” сангийн  хүүхдүүд дээр очиж өдрийг  хөгжилтэй өнгөрөөн тус нэмэр болдог байсан. Тэгэхэд би тэдэнтэй хамт очиж хүүхдүүдэд цомгоо бэлэглэж, дуу дуулна. Тэд ч бидэнд зориулан дуулж, бүжиглэнэ. Тэрийг хараад л би  иймэрхүү байх юмсан гэж боддог байсан. Монголд хэцүү амьдарч байгаа хүүхдүүдийг харахад ээж болсон болоод ч тэр үү эмзэглэн сэтгэл өвддөг. Би дараа дараагийн ажилдаа хүмүүнлэгийн үйлсийг тусгана гэж боддог шүү. Эхлэхээрээ л илүү ихийг ярья даа /инээв/

-Таны ар тал сайн байгаа учраас зөвхөн ээж, ханийн үүргийг тулгахгүй дуучин хүнийг фенүүд нь хүлээж байгаа гэдэг утгаараа эргээд уран бүтээлдээ орох боломжийг олгож байгаа гэж бодож байна. Нөхөр тань уран бүтээлийг тань хэрхэн хүлээн авдаг вэ?

-Манай нөхөрт найз нөхөд нь шүүмжлэл болгон хэлсэн гэж байсан. “Бид танай эхнэрийн чинь дууг сонсмоор байна.  Ганцхан чиний өмч биш, дуучин хүн шүү” гэж хөгжилтэйгээр хэлсэн гэж ярьж байсан. Манай хүн намайг  олон хүүхэд гаргаад ядарч байна уу, чи минь цомгоо хийгээрэй, хурдлаарай гэж их дэмжсэн шүү. Нөхрөөс маань гадна манай гэрийнхэн  надад туслан уран бүтээлийг минь их дэмждэг. Намайг  тэд дэмждэг учраас уран бүтээлээ хийхэд урамтай, дөхөм байдаг.

 

– Би цахилгаан гитараа “Нисванис”-ын Амгаа ахад худалдаад хөлсөнд нь гурван дуу авч байлаа

 

-Та энэ жилийн “Playtime” наадам дээр очсон байсан. Ямар санагдсан бэ?

-Хоёр өдөр болсон ч нялх хүүхэдтэй учраас хэдхэн цагийн zuvshooroltei түүндээ тааруулж хоёр дахь өдөр нь тоглосон ОХУ-аас ирсэн “Мумий тролль” хамтлагийг үзье гэж бодоод очсон. Өмнөх өдөр нь очиж үзмээр байсан ч чадааагүй. Гурван  хүүхэдтэй байж яаж хоёр өдөр гарч явах вэ дээ. Гэхдээ тэнд найз нөхөдтэйгөө таараад үнэхээр гоё байсан.  “Rec on”, “Мoханик”,  “Jokers wild”,  “Мумий тролль” хамтлагийн  тоглолтыг үзсэн.

-Яагаад заавал “Мумий тролль” хамтлагийн тоглолтыг онцолсон юм бэ?

-2002 оны үед би  фм-д ярилцлага өгч байхад “Hi-Fi”-ын Нацагаа, “Night train”-ын Цэцээ хоёр намайг “Мумий тролль”-ийн Земфираг гаргаж ирсэн шиг “Нисванис” чамайг гаргаж ирж байгаа юм байна  гэдэг яриа өрнөсөн.  Анх тэгж ярихад нь би “Мумий тролль”-ийн нэрийг сонссон.  Амьдаар тоглохыг нь үзлээ. Таалагдсан гоё байсан.

-“Нисванис” хамтлагтай нарийн холбоотой байсныг тань мэдээгүй юм байна шүү?

-Урлагт анх хөл тавихад тодорхой хэмжээнд хамтарч ажиллах хүмүүсээ сонгох ёстой. Тэр утгаараа би анхны  уран бүтээлүүдэийнхээ фонограмыг “Харанга” хамтлагийн Энхманлай ахаар хийлгэж байсан. Мөн “Болор” хамтлагийн Оргил ахаар дуунуудаа бичүүлэн, “Хурд” хамтлагийн  ах нартаа ч анхны уран бүтээл гээд дуунуудаа аваачиж сонсгож байсан юм. Тухайн үед “Нисванис” хамтлаг миний уран бүтээл дээр надтай хамтран ажилласан. Би цахилгаан гитараа Амгаа ахад худалдаад мөнгө авах биш оронд нь гурван дуу авч байв. Та нар бэлтгэл хийгээд миний дууг тоглож өгөөрэй гэж байж тэр хүмүүс миний ард тоглосон шүү. Түүнээс биш тоглохгүй шинжтэй. Яагаад гэвэл тэр хүмүүсийг маш олон хүн очиж хамтарч ажиллая, дуулья гэж гуйдаг. Дараа нь наргиад чамайг утсан дээрээ дуучин гэх юм уу дамчин гэх юм уу гээд тоглоод  ярьж байж билээ. Тэр үед хэн хэндээ хэрэгтэй юм хийж байна гэж би боддог байсан. Тухайн үед би гадагшаа явж ирээд нэг MD авчраад гадуур 5000 төгрөг байдаг юм чинь та нар 2500 төгрөгөөр бодоод 10 ширхэгийг ав л даа гээд тэдэнд өгдөг. Би тэр үед жаахан байсан, бас урлагт хөл тавьж байсан учраас тэдэнтэй хамтран ажиллахаар хэрэгтэй зүйлсийг нь хүртэл авчран бяцхан наймаа хийдэг байлаа. /инээв/

-Яагаад альтернатив дуучин дэндүү цөөхөн байдаг юм бэ?

-Би бас мэдэхгүй л байна. Ерөнхийдөө залуу уран бүтээлч нар гарч ирсэн байх аа. Үзэгчид намайг мартаагүй болохоор би өөрийгөө азтай гэж бодож байна шүү дээ. Намайг гэртээ хүүхдүүдээ гаргаад сууж байхад олон шинэ  дуучин  гараад ирээсэй гэж бодсон шүү. Гадаадын хувьд өрсөлдөөн ихтэй учраас өөрсдийгөө илүү дайчилдаг. Би ч гэсэн өөрийгөө илүү дайчлан хурцалмаар байна шүү дээ. Урлагт ийм сайхан орон зай байхад дайчин тууштай, хөдөлмөрч, гоё дуучид гарч ирээсэй гэж би боддог. Магадгүй өнөөдөр надаас гадна олон хүн үүнийг бодож байгаа шүү дээ.

-Таныг хэзээ бид тайзан дээр харах уу?

-Одоо энэ тухай яригдаад байна л даа. Саяхан шинэ цомгоо гаргалаа. Эхний ээлжинд танилцуулга маягаар жижиг хэмжээний тоглолт  хийдэг юм уу гэж бодож байна. Харин дараа нь тоглолтоо хийж, хүмүүст гоё зүйл  үзүүлье гэж бодож байгаа шүү.

-Ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа

Г.ДАША

Эх сурвалж: http://entertainment.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж