Өргөмж, алдрын үнэлэмж

Хуучирсан мэдээ: 2014.08.06-нд нийтлэгдсэн

Өргөмж, алдрын үнэлэмж

Та шинэ жилээр аав, ээжийгээ баярлуулж, ачлал буяныг нь мөнхжүүлэхийг хүсвэл манай ТББ-д хандаарай. Гадаадад ажиллаж амьдарч байгаа монголчууд ч и-мэйлээр дамжуулан өргөдөл, хүсэлт гаргавал аав, ээж тань ачтан, буянтнаар өргөмжлөгдөх болно.  Өргөмжлөлийг Улаанбаатар хот дотор таны хүссэн өдөр, цагт очиж сюрприз болгон гардуулна. Өргөмжлөл А4 хэмжээтэй, модон жаазтай, хээтэй цаасан дээр хэвлэсэн. Тамга, тэмдэг нь хэвлэмэл биш, шууд дээр нь дарсан. Холбоо барих утас…. И-мэйл хаяг….

Одоогоос бараг арваад жилийн өмнө бол иймэрхүү утгатай зар цахим сүлжээнд нийтлэгдэж, хамгийн сонирхолтой нь хөдөө, хотгүй хүмүүс аав, ээждээ “алдарт”, “буянт” гэсэн цаасан “малгай” өмсгөх гэж хуйларч давхидаг л байлаа. Төрийн бус байгууллага нэрийн дор энэ мэтээр элдэв салбарын “манлайлагч”-дыг сайн дураараа тодруулж, эцэстээ бүр ээж, аав, элгэн саднаар нь тохуурхах болсон энэ дүр зураг гэтэл одоо болтол арилж үгүй болоогүй байна.  Алга болох нь байтугай, бүр ч илүү дордож, Алунгоо хатныг “Анхны дархан бэр”-ээр тодруулах хүртлээ солиорол дагуулжээ.  Энэ тухай ичиж үхмээр мэдээлэл саяхан хэвлэл, сонинд гарч, “Дархан бэр” гэж ТББ-ынхан Хөвсгөлд очиж, анхны дархан бэрдээ хүндлэл үзүүлсэн гэх хүн итгэхийн аргагүй үйл явдал болсныг олон нийтэд хүргэжээ.

“Дархан бэр” ТББ-ынхан хатан Алунгоог Монголын анхны дархан бэрээр тодорхойлж, Дугаар №01 гэсэн үнэмлэх хүртэл бэлдэж очсон л гэнэ. Үнэмлэхийг нь хэнд өгөхөө мэдэхгүй хэсэг будилж байгаад Хөвсгөлийн Чандмань-Өндөр сумын Засаг даргад гардуулсан л гэнэ. “Алунгоо эхийн сургаалийн баяр”-ыг тэмдэглэсэн л гэнэ. Ерөнхийлөгчид хандаж, Алунгоо хатанд “Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одонг нөхөж олгуулна л гэнэ… Хэлэх үг үнэхээр олдохгүй.

Монголчууд баяр олонтой. Баяр бүрээр нэгнийгээ тойруулж шагнана. Хуучин бол “Хэнийг шагнах вэ” гэж хайдаг байсан бол одоо үед “Хэн шагнал аваагүй вэ” гэж түүдэг болжээ. “Алдарт эх” гэж олон хүүхэд тээж төрүүлсэн ээжүүдээ алдаршуулдаг, хүн амаа өсгөх бодлогын шинжтэй ганц одонтой байлаа. Одоо харин ээж нарт маань хүндэтгэл гэхээсээ илүү яасан элдвийн нэр, хачир авчирч наадаг болсон юм.

Улсын байгууллагууд нь, аймаг, сумууд, тэр байтугай байгууллага дотроо хүртэл оюунлиг ээж, энэрэлт ээж, халамжит ээж, буянтай ээж, саран ээж, наран ээж, ачлалт ээж, дархан ээж, манлай ээжүүдийг тодруулдаг болжээ. Иймэрхүү шагнал цаашлаад, “Монголын сайхан аав”, “Ачлалт аав” гэхчлэн аавуудтай холбоотой баяруудыг тойрно. Тэгж явсаар одоо хүргэн, бэрүүд рүү орж байгаа бололтой.
 


Ийм завхарсан арга барилыг яаж алга болгох вэ?


Хэзээ аав, ээжийнхээ ачийг А4-ийн хэмжээтэй алгын чинээ цаасаар үнэлдэггүй нийгэмтэй болох вэ?

Нутгийн хүндэт иргэн, Сумын хүндэт зочин, Бахархалт хүн, Өргөмжлөлт хүн гээд баяр тэмдэглэсэн сум болгон сая түүхт гэж тодорхойлоод ойгоороо өнөөх дөрвөлжин баярын бичиг, өргөмжлөлүүдийг хайр найргүй тарааж байгаа харагдана лээ.Хүн шагнахаа боль, цаасан дээр хэвлэж, жаазанд хийсэн шагнал битгий өг гэж бусдыг шаардах нь ч  хаашаа юм. Гэхдээ л бие биендээ нэр төдий олгож байгаа энэ их эрээн цаас, хятад жааз, хэрэгтэй хэрэггүй өргөмж, алдараас нэг ч гэсэн газар хол л баймаар байна. Төрийн байгууллагууд ч гэсэн элдэв сэтэртэй шагналыг дур мэдэн зохиож, бусдад өгч, бусдаас авдгийг цэг тавин зогсоох хэрэгтэй. Өргөмж, алдрын үнэлэмжээ бид өөр түвшинд аваачмаар байна.  

Б.БАЯСАХ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж