Монголын “Үндэсний газар зүй”

Хуучирсан мэдээ: 2014.08.06-нд нийтлэгдсэн

Монголын “Үндэсний газар зүй”

-“Үндэсний газар зүй” буюу National Geographic сэтгүүл дээр л байдаг зургийг монгол хүн буулгаж, монголчууддаа зориулан цомог болгон бэлтгэсэн нь бүүр бахархам-


Монголын тэнгэрт сүлжилдэн нисэх болжмор, ойн тоншуул, цэмцгэрхэн хөлөө зөөн тавих дэглий, усандаа жаргах хунгаас эхлээд хаа холын Африкийн гөрөөс, аварга заан, арслан гээд амьтдын зургийг гэрэл зургийн дуран авайдаа буулган цомог болгон хэвлүүлсэнийг үзээд бахархах сэтгэл төрлөө. “Үндэсний газар зүй” буюу National Geographic сэтгүүл дээр л байдаг зургийг монгол хүн буулгаж, монголчууддаа зориулан цомог болгон бэлтгэсэн нь бүүр бахархам.

Сар гаруйн өмнө МИАТ-ийн нислэгээр нисэх үед зорчигчдод зориулсан сэтгүүлээс Алтайн нуруунд чонын зураг авах гэж яваад ирвэсийн зургийг дарсан гэрэл зурагчин Г.Батсүхийн бичсэнийг уншаад энэ гэрэл зурагчин нь Элчин сайд Галсангийн Батсүх гэж санаагүй юм. Манай гэрэл зурагчдын нэг нь л авч дээ, ийм агшинг буулгаж чаддаг, азтай юм хэмээн бодоод өнгөрсөн. Харин Монголын болоод дэлхийн улс орнуудад аялан авсан ан амьтан, цэцэгс, шувуудын зургаар гаргасан цомгийг үзэж байж энэ бол мэргэжлийн гэрэл зурагчин биш Монгол Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, “Оюутолгой” компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн авсан зургууд гэж мэдлээ.

Гэрэл зураг сонирхоод арваад жил болж байгаа тэрбээр хоёр цомогт орсон зургуудаараа өнгөрсөн тавдугаар сарын 30-нд үзэсгэлэн гаргасан. “Энэ зургуудаа хүүдүүдэд үзүүлж, байгаль дэлхийгээ, ан амьтныг хайрлах сэтгэл суулгамаар байна. Амьтан хайрлаж чадаж байгаа хүн амьдралыг хайрлана” хэмээн Г.Батсүх хэлж байна. Зургадугаар сарын 1-нд тэмдэглэдэг Хүүхдийн баярыг угтан “эс хайрлахын аргагүй ертөнц” нэртэй гаргасан үзэсгэлэнгийнх тухай мэдээг телевизээр үзсэн нэгэн хүү ээжтэйгээ ирж дээр өгүүлсөн ирвэсийн зургаас нь аваад явсан аж. Үзэсгэлэнгийн үеэр дуудлага худалдаа зохион байгуулж олсон орлого, мөн одоо гадуур борлогдож буй хоёр цомгийнх нь орлого Мазаалай хамгаалах санд орж байгаа юм байна. Ховд аймгийн Үенч суманд төрсөн тэрбээр багаасаа Алтайн нурууны сүрлэг сайхныг биширч, ан амьтан, ургамал цэцэгсийг нь биширч өссөн нэгэн.

“Та чонын араас явж байгаад ирвэсийн зураг дарсан гэсэн, танд тэгээд чонын зураг байхгүй хэрэг үү” гэсэн асуултад “Гүйж яваа чонын зураг бий л дээ. Хөрөг харин байхгүй” гэв. “Хөрөг өө” хэмээн гайхахад “амьтны араншин, гоо сайхан, донжийг харуулсан хөрөг авах гэдэг үнэхээр тэвчээр шаардсан ажил шүү” гэсэн юм. Африкийн хос арслангийн зургийг авах гэж халуун наран дор ялаа шумуултай ноцолдон дөрвөн цаг хөдөлгөөнгүй байсан бол Алтайн чонын зургийг авах гэж гурван өдөр сахьсан байгаа юм. “Чоно зулгаагаад хаячихсан ямааны сэгэн дээр заавал чоно ирнэ, хүлээж чадвал та чонын зургаа авч чадна даа” хэмээн байгаль хамгаалагч хэлсэн учраас тэрхүү ямааны сэгийн хажууд үүрээс үдшийн бүхий болтол гурван өдөр майханд хүлээжээ.

Энэ тухайгаа Г.Батсүх “Өнөөдөр” сонинд өнгөрсөн жил хэвлүүлж байсан аж. Тэрхүү нийтлэлээс иш татъя.

“Далайн түвшнээс дээш 2800 метр өндөрт дах, дэгтийтэй ч гэсэн жихүүцэх шинжтэй. Гэхдээ тэвчихээс өөр замгүй. Өдөржингөө майхнаас гарах эрхгүй тул цайгаар амаа чийглэсэн төдий суув. Гарвал чоно сэжиг авна. Аппаратуудаа цэгцэлж, нэгийнх нь яндан дуранг майхны үүдэн дэх жижигхэн нүхээр цухуйлгаж зоов. Өдөртөө баахан шаазгай, цөөвтөр хэрээ нөгөө ямааны сэг дээр өнжиж, намайг зугаацуулна. Заримдаа бүгдээрээ дэрхийтэл үргэн нисэж, намайг горьдооно. Тэр бүрт “Боохой гуай морилж буй” хэмээн би сэртэлзэнэ. Таг чимээгүй, амьд амьтны амьсгаа ч үгүй гурван өдөр өнгөрлөө.

Сүүлчийн гурав дахь өдрийн үдэш болов. Маргааш нь буцах ёстой байдаг. Нар ч жаргалаа. Уул уулсаа түшин хүүшээ буулгаж, харанхуй нөмөрч эхлэв. Би ч буцахад бэлтгэн, юмсаа цүнхэндээ хийж суув. Гэтэл яндан дурангийн хажуугаар нүдний үзүүрт ямар нэгэн юм хөдлөх шиг болов. Лавшруулаад хартал нэгэн амьтан ирж явна. Гэхдээ чонотой төсгүй. Нүдээ нухаж арчаад аппаратынхаа дурангаар шагайвал нэгэн ирвэс нөгөө ямаа руу зугуухан гэтэж явна. Сэмхэн бөгөөд хөнгөн алхаагаар урагшилж явахдаа үе үе зогсож, орчин тойрноо ажиглана. Алд дэлэм сүүлээ хад дамжуулан чирч, зантгар толгойгоо ихэмсгээр даялзуулан, сааралдуу ногоон том нүдээрээ майхныг минь цоо ширтсээр ойртож, чимээ чагнан урт хар сахлаа хөдөлгөх нь нэн сүртэй. Би ч айх, баярлах хоёрт хөл алдах нь тэр. Нөгөө ямааны сэг маань ирвэс, бид хоёрын дунд байдаг. Зүрх дэлсэж, гар салганаж, нүд эрээлжилж байсан боловч зураг дарахад бэлтгэлээ. Тэр зуур зочин маань оройн зоог дээр ирэн, нугдайн хэвтэж, нөгөө сэгийг зуугаад хүчтэй сэгсрэв. Би ч аппаратынхаа товчийг дарав. Хоёр дахь даралтаас ирвэс чимээ авлаа. Гурав дахиа дарахад нүд нь дуран дээр төвлөрч, зуусан олзоо унагав. Дөрөв дэх удаагаа дарахад ирвэс цээжээ өндийлгөж, зугуухан хөдөллөө. Намайг аппаратынхаа товчийг сүүлчийн удаа дарахад тас харанхуй нөмрөв. Цааш харан аажуухан алхах ирвэсний дүрс харанхуйд сүлэгдэн уусав. Тэр харанхуйд аппарат байтугай, би ч энгийн нүдээр түүнийг олж харах боломж тасрав. 19.55 цаг болжээ. Зүүд мэт үйл явдал болж өнгөрсөнд үнэмшихэд нэн хэцүү байв. Авсан зургаа гүйлгэж харлаа. Гарцаагүй үнэн байв. “National Geographic”-ийн баримтат киног байгаль дээр үзсэн минь тэр байлаа. Нэн ховор мөч, асар ховор аз. Ирвэсийг холдохыг хүлээнгээ тайвшрах гэж хэсэг суулаа. Зүрх дэлссээр л байв.”

Ингэж тэрбээр чонын биш ирвэсийн хөрөгтэй болсон аж. Энэ бол өнгөрсөн жилийн гуравдугаар сард болсон явдал гэнэ.

Г.Батсүх зурагчны нүдээр Африкийн пара гөрөөс хамгийн хөөрхөн нүдтэй амьтан гэнэ. “Ер нь муухай амьтны зургийг би авах дургүй” гээд муухай амьтны тоонд Африкийн гахайг нэрлэсэн ч тэрхүү гахайн цомгонд байраа эзэлсэн л байлаа.

Түүний хамгийн сүүлд авсан зураг ч бас “тасархай”. Зурам барьж байгаа идлэг шонхорын зургийг Дорнодоос гарч яваад авсандаа тун олзуурхсан гэсэн. Энэ тасархай зураг цомгонд хараахан багтаагүй.

Болдог бол бүхий л зургийг нийтэлж танд үзүүлмээр байгаа ч тийм боломж байхгүй нь ойлгомжтой. Тэгэхээр тэрхүү цомгийг үзэж нүдээ баясгаарай. Нүд баясвал сэтгэл баясдаг гэдэг дээ.


Д.НАРАНТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж