Н.Наранбаатарын шинэ давалгаа айсуй

Хуучирсан мэдээ: 2014.08.06-нд нийтлэгдсэн

Н.Наранбаатарын шинэ давалгаа айсуй

Монгол Улсын Төрийн соёрхолт, УДЭТ-ын Ерөнхий найруулагч Н.Наранбаатар дэлгэцийн гурав дахь бүтээлийн ажилдаа оржээ. Тэрбээр, “Надаар тоглосон хайр”, “Бооцоо”, “Би ч гэсэн жаргамаар байна”, “Тэнгэрийн хүү”, “Парисын дарь эхийн сүм”, “Гамлет” гээд дэлхийн сонгодог сор болсон бүтээлүүдийг найруулан монголын үзэгчдэд толилуулсан билээ.

Харин дэлгэцийн уран бүтээлийн хувьд 2011 онд Австрийн нэрт зохиолч Стефан Цвейгийн “Танихгүй эмэгтэй захидал” номоор “Үл таних эмэгтэй” киног хийсэн нь үзэгчдийг байлдан дагуулсан бүтээл болсон билээ. “Сэтгэл гэдэг эрхтэнд зориулав” хэмээх өмнөтгөлтэй уг кинонд “Драмын дөрөв” гар бие оролцон гол дүрд жүжигчин С.Болд-Эрдэнэ, Г.Амгаланбаатар, О.Долгор, Г.Отгонцэцэг нар тоглосон юм. Тухайн үед “Үл таних эмэгтэй”-тэй хүн бүр танилцахыг хүсэн театруудад киноны тасалбарын эрэлт өсөн шагийн үнээр ч хамаагүй үзэхсэн хэмээн хүн бүр л яаран хошуурч байсан юм.  Киноны гол дүрийг бүтээсэн жүжигчин О.Долгорыг найруулагч Н.Наранбаатар  олны танил болгосноор тэрбээр дэлгэцийн олон бүтээлд уригдан тоглож, телевизийн рекламыг чимэх болсон юм.

Харин найруулагч Н.Наранбаатарын хоёр дахь дэлгэцийн бүтээл бол 2013 онд хийсэн “Зүүдэнд оромгүй явдал” уянгын, инээдмийн кино байлаа. Ихэр залуусын тухай зүүдэнд ч оромгүй явдлын тухай өгүүлэх энэхүү киноны гол дүрд залуу жүжигчин Б.Энхтүвшин, Г.Золзаяа, Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Соёлын тэргүүний ажилтан Ц.Төмөрхуяг, Б.Эрдэнэцэцэг, Т.Баатархүү, Б.Навчаа, Д.Баттөмөр, Г.Эрхэмбаяр, Г.Анхбаяр, Н.Манлай нар тоглосон юм.

Ихэр залуусын тухай өгүүлэх “Зүүдэнд ч оромгүй явдал” үзэгчдийг инээлгэж, гуниглуулж, ухааруулсан. Энэхүү киног үзэгчид шинэлэг өнгө аяс үнэртүүлсэн бүтээл болж чаджээ хэмээн өндрөөр үнэлсэн. Уг киноны онцлог нь Монголд анх удаа дэлгэцийн бүтээлд зургаан настай бяцхан ихрүүдээс эхлээд 75 настай гурван ихэр гээд  монголын хамгийн олон ихрүүд тоглосон кино юм.

Тэгвэл найруулагч Н.Наранбаатар энэ зун гурав дахь дэлгэцийн бүтээлдээ орж байгаагаа фейсбүүк хуудсаараа дамжуулан мэдээллээ. Тэрбээр хоёр жил гаран бодсон зохиолоороо энэ сарын 15-нд кино зураг авалтаа эхлүүлэхээр болсон байна. Түүний шинэхэн дэлгэцийн бүтээл гурван үеийн хайр сэтгэлийн тухай өгүүлэх юм гэнэ. Тэрбээр одоогоор киноныхоо нэр, гол дүрүүдээ хараахан нийтэд дэлгээгүй байгаа ч түүний сонголт үргэлж үзэгчдийг гайхшруулсаар ирсэн. Тиймдээ ч найруулагч Н.Наранбаатарын бүтээл бүхэн өөрийн гэсэн өнгө аяс, өвөрмөц хэллэг, өгүүлэмжтэй байдаг учраас энэ удаагийн давалгааг нь хэрхэн давалгаалахыг хүлээх л үлдлээ.

Г.ДАША

Эх сурвалж: http://entertainment.eagle.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж