Норвегийн Тромсо хотод Олон улсын шатрын холбооны 41 дэх олимпиад үргэлжилж байна. Тэмцээний дөрөв дэх өргийн тоглолт өчигдөр болж, эмэгтэй шатарчид Алжирыг 4:0-оор хожиж, гурав дахь хожлоо авлаа. Харин эрэгтэй баг Хорватад 0.5:3.5-аар дийлдэж, хоёр ялагдалтай боллоо. Энэхүү тоглолтод олон улсын их мастер Н.Баттулга тэнцсэн бол бусад нь хожигдсон байна.
Дөрвөн өргийн дараах байдлаар эрэгтэйчүүдийг 177 орноос Азарбайжан, Болгар, Серб улсууд 100 хувийн амжилттай тэргүүлж байгаа бол ОХУ, Нидерланд, Узбекстан, БНХАУ гэсэн 14 улс гурван хожилтой удаалж байна. Дөрвөн тоглолтын хоёрт нь хожиж (Саудын Араб, Непаль), хоёрт нь хожигдоод (Франц, Хорват) байгаа манай эрэгтэй баг 95-р байрт бичигдэж байна.
Харин эмэгтэй шатарчид гурван хожил (АНЭУ, Ирланд, Алжир), нэг хожигдолтой (Франц) 139 орноос 29-р байрт бичигдэж байна. Эмэгтэйчүүдийг БНХАУ, Индонези, Унгар, ОХУ, Иран зэрэг таван улс 100 хувийн амжилттай тэргүүлж байгаа бол Гүрж, Нидерланд, Испани, Украин, Серб, Герман, Вьетнам, Монгол зэрэг 29 улс гурван хожилтой 6-34-р байрт бичигдэж байна.
Өнөөдөр эрэгтэй баг Тажикстан, эмэгтэй баг адил гурван хожилтой яваа Вьетнамын багтай тоглоно. Тэмцээний мэдээллийг https://chess24.com-с үзээрэй.
Ч.БОЛ