Европын Холбоо “Airbus”-т тусалж байгаа нь хууль бус

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

Европын Холбоо “Airbus”-т тусалж байгаа нь хууль бус

Европын Холбоо (ЕХ) нисэх онгоц үйлдвэрлэгч “Airbus” компанид тусалж байгаа нь хууль бус гэж Дэлхийн Худалдааны Байгууллага (ДХБ) мэдэгдлээ. АНУ одоогоос зургаан жилийн өмнө энэ асуудлаар ДХБ-д хандан гомдол мэдүүлсэн ч ДХБ ердөө одоо л ийнхүү шийд гаргаж байна. Нөгөө талаас ЕХ АНУ “Airbus”-ын өрсөлдөгч болох “Boeing” компанийг хууль бусаар дэмждэг гэсэн гомдол ДХБ-д гаргасан байгаа. ДХБ-аас гаргасан шийдвэрийг АНУ-ын худалдааны төлөөлөгч Рон Кирк “түүхэн ялалт” боллоо гэж нэрлэсэн. Гэсэн ч ДХБ-ын шийдвэрийг ЕХ давж заалдах эсэх нь одоогоор тодорхойгүй байна.

“Хориотой байдлаар тусалсныг бид харгалзан үзээд тусламж үзүүлсэн талыг тусламж үзүүлэхээсээн нэн даруй татгалзахыг бид зөвлөж байна” гэж ДХБ-аас гаргасан шийдвэрт өгүүлсэн байна. “Тус компанид үзүүлсэн эдгээр тусламжууд нь АНУ-д болон “Boeing” компанид их хэмжээний хохирол учруулсан ба зах зээлийн хэмжээгээ алдахад нөлөөлсөн. Өнөөдрийн энэ шийдвэр “Airbus” компанийг шударгаар өрсөлдөхөд нөлөөлөх болно” гэж Рон Кирк мэдэгдсэн.

Европын засгийн газруудыг “Airbus” компанид эрсдэлгүй зээлүүд олгох байдлаар шударга бусаар санхүүжүүлсэн гэж ДХБ тогтоосон ч АНУ-ын гаргаж тавьсан бүх буруутгалыг дэмжээгүй. Европчууд “Airbus”-ыг дэмжсэн нь АНУ-ын нисэх салбарын ажлын байр, ашигт нөлөөлснийг олж тогтоосонгүй хэмээгээд тус салбар эд материаллаг байдлаар нөлөөнд орж хохирсон гэх үндэслэл байхгүй байна гэж ДХБ-аас гаргасан тайланд өгүүлсэн аж.

Түүнчлэн “Airbus” компани авсан зээлээ зарсан онгоцноос олсон орлогоор буцаан төлж байгаа гэж тайлбарласан. Европын Комисс ДХБ-аас гаргасан шийдвэрийг давж заалдах эсэхээ шийднэ гэж ярьсан бөгөөд энэ талаар шийдээ гаргахад 60 хоногийн хугацаа байгаа. Хэрвээ давж заалдах юм бол 2004 онд эхэлсэн маргаан дахин улам бүр сунжирч магадгүй юм. ДХБ ирэн сард АНУ “Boeing” компанийг хууль бусаар дэмжсэн талаар шийд гаргах болно. “Түүний дараа л бид илүү тэнцвэртэй, хоёр талаас нь харсан дүр зурагтай болох болно” гэж Европын Холбооны Худалдааны Комиссар Карел Де Гухт ярьсан байна.

Т.Бадрах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж