А.Баярмагнай: Монгол төр тогт­ворт­­ой бол наадам сайхан болдог

Хуучирсан мэдээ: 2010.07.01-нд нийтлэгдсэн

А.Баярмагнай: Монгол төр тогт­ворт­­ой бол наадам сайхан болдог

А.Баярмагнай: Монгол төр тогт­ворт­­ой бол наадам сайхан болдог
Бороо үе үехэн зөөлөн шивэрч, унаач хүүхдийн гийнгоолох дуу ойрмогхон сонсогдон, эрхий мэргэн харваачид, ид хаваа багтааж ядан, уран мэхээ гайхуулах бөхчүүдийн бэлтгэл жигдэрсэн байгаа нь Монгол төрийн наадам хаяанд ирснийг илтгэнэ. Ард түмэн түрүүлэх бөх, айргийн морьдыг битүүхэндээ тааварлаж суудаг энэ цаг дор сэтгүүлчид бид зүгээр суухын аргагүй. Газрын нүдэн магнайнаас тасарч өндийсөн нар халуунаар ээж, хааяа салхи хөдлөн сул шороо хуйлран боссон өдөр редакцийн нөхөдтэйгээ Монгол Улсын Тод манлай уяач Д.Ононгийн уяагаар орж сурвалжлага хийхээр хөдөллөө. Улаанбаатар хотоос 50-аад км яваад зорьсон газраа хүрэхэд ногооны үнэр хамар цоргиод, морьдын янцгаах дуу хийморь сэргээж сэтгэлд сайхан байсныг нуух юун. Д.Онон гуайн гал уяанд Монгол Улсын Манлай уяач Г.Батхүү, Ц.Цэнгэл, Алдарт уяач н.Бямбадорж, Д.Хишигжаргал, залуу уяач н.Сэргэлэн,  адуу судлаач А.Баярмагнай нарын эрхмүүд айлсаж хурдан хүлгүүдийнхээ уяаг тааруулж байгаа аж.
Тод манлай уяач Д.Онон уяаны арга барилын талаар ном бичиж байгаа түүхийн ухааны доктор, адуу судлаач А.Баярмагнай гуайтай уулзлаа.
А.Баярмагнай: ”Монгол төр тогт­ворт­­ой бол наадам сайхан болдог”
-Монгол төр, эрийн гурван наадам­тай­гаа салшгүй холбоотой гэдэг үгийг та нэг бус удаа хэлж байсан. Энэ ямар учир­тай юм бэ?

-Он цагийн шарласан хуудсыг харж байхад Монгол төрийн бодлогын гадна эрийн гурван наадам үлдэж байсан удаагүй юм. Яагаад гэхээр монгол төрийн үүслийн тулгын гурван чулуу нь бөх, морь, сур. Монголд нэгдсэн төр улс бий болсон цагаас эрийн гурван наадам бий болсон гэж түүхчид үздэг. Хурдан морь, хүчит харцуул, эрхий мэргэн харваачдынхаа хүчээр  тархай бутархай олон овог аймгуудыг нэгтгэн Хүннүгийн их гүрэн, Чингисийн Их Монгол улс бий болсон түүхтэй. Гонгор гуайн “Халх товчоо”-нд “Их Монгол улсын нэгдсэн төр үүсэхдээ хамаг Монгол аймгийн хүчин бололцоонд  тулгуурлан нэгдэж үүсвэй” хэмээсэн байдаг. Хүчин бололцоо гэдэг нь тэр үеийнхээр дайтаж байлдаж, цэргийн хүчээр нэгтгэхийг хэлж байгаа юм. Тэр үеийн монгол цэргийн дүр төрх нь бөх, морь, сур гурав байж. Тэгэхээр монгол төр өөрийнхөө үүссэн ойн баяр наадмаа тэмдэглэхдээ морь уралдуулж, бөх барилдуулж, сур харвадаг. Энэ бол Монгол төрт ёс тогтсоноос хойш хэдэн мянга, хэдэн зуун жил үргэлжилж байгаа уламжлал. Морь,бөх, сур гурав бүгдээрээ нэг дор байж чадвал Монгол наадам болно. Харин морь нь тусдаа уралдвал уралдаан, бөх тусдаа барилдвал барилдаан, харваачид дангаараа харвахад сурын харваа л гэдэг. Төр, наадам хоёр салшгүй холбоотой гэсэн олон логик баримт бий.

-Тухайлбал ямар?

-Манжийн эрхшээлд байх үед Монгол төрийн бодлого алдагдаж, зүүн урдаас монголыг хамардаг байж. Тэр үед Манжид хамгийн түрүүнд дагаар орсон манай хамгийн зүүн талын Сэцэн хан аймаг мориор ч тэр, бөхөөр ч тэр Монголдоо давамгай байж. Үүнийг түүхийн олон баримтнаас харж болно. Хэдэн зуун жил ингэж явснаа  20-р зууны эхний хэдэн арван жилд Төв халхын Түшээт хан аймагт чинь Намхай аварга, Лувсанжимбаа аварга, Луу гүний Вандан аварга, Их Шаравжамц аварга гэх Төв халхын хэдэн том аварга гарч ирсэн байдаг юм. Тэр үед Монголын төрийн тусгаар тогтнол эргэж сэргэсэн сонин тохиолдол байдаг. Сүүлдээ аль нутгийн бөх, морь, сур наадамд сайн байна тэндээс төр засгийн удирдагчид төрдөг нэг тиймэрхүү жишиг ажиглагдаад байдаг. За жишээлбэл, бидний сайн мэдэж байгаагаар Ю.Цэдэнбал, Ж.Самбуу гуай хоёрыг төр барьж байх үед  Баямөнх, Мөнхбат хоёр л барилддаг байлаа шүү дээ. Ж.Самбуу гуай Төв аймгийнх, Ж.Мөнхбат Төв аймгийнх. Ю.Цэдэнбал гуай Увсынх, Х.Баянмөнх аварга Увсынх. Жаахан сүүл рүү гээд ярихад П.Очирбат, Н.Багабанди хоёр угсраад нэлээд хэдэн жил төрийн тэргүүнээр ажиллалаа. Тэр үед эрийн гурван наадмаас сурын харваанд нь Завханы Сартуул хүн л дээ, Эрдэнэтийн Даваахүү гэдэг хүн арван хэдэн жил улсын наадмын сурын харваанд түрүүлсэн байдаг юм. Нэг хэсэг Б.Бат-Эрдэнэ аварга их олон жил түрүүллээ шүү дээ. Тэгэхэд Хэнтий аймгаас хэзээ ч Монгол улсын Ерөнхий сайд, ерөнхийлөгч төрж байгаагүй байснаа Д.Бямбасүрэн гуай Ерөнхий сайд болсон байдаг юм. За дараа нь Г.Өсөхбаяр аваргыг их сайн барилдаж байх үед М.Энхбаяр Ерөнхий сайд, Ерөнхийлөгч болоод байсан биз дээ. Залуу бөх начин шахуу байсан Хөвсгөлийн Мөнхбаатар нэг зун түрүүлээд арслан болоход өвөл нь С.Баяр Ерөнхий сайд болж байх жишээтэй. Л.Лүндээжанцан Их хурлын дарга байлаа. Тэр үед орчимд нь До.Ганхуяг нэг түрүүлж арслан цолтой болчихдог юм. Одоо Их хурлын дарга Ховдын хүн, Ерөнхийлөгч Ховдын хүн. Өнгөрсөн наадмын зургаан насны морины уралдаанд хоёрт нь Ховдынхны морь түрүүлдэг юм. Их насанд “Бэлон” компанийн захирал Баатархүүгийн “Дэлгэр” хээр, дааганд Э.Тамирын “Ардчилал” хүрэн даага түрүүлсэн.

-Үнэхээр сонин давхацлууд байна шүү?

-Ийм нэг жишээ байна. 1921 оны хувьсгал гараад л , 20-иод оны сүүл хүртэл аймгуудын нэрийг нь сольсноос бусад лам хуврага, шашны зан үйл нь ч хэвээрээ байлаа л даа. 1930-аад оноос эхлээд Монголын нийгэм их тогтворгүй болж, феодалын хөрөнгө хурааж, хамтрал коммун болсон. Зэвсэгт бослого гарч, улс төрийн хэлмэгдүүлэлт, Халх голын дайн гээд арав гаруй жил Монголын төр бужигнасан. Яг энэ он жилүүдэд 13 жил дараалан улсын наадамд арван гурван өөр бөх түрүүлсэн байдаг юм. Тэгэхээр Монголын төр,  наадамтайгаа гарцаагүй логик холбоотой байгаа биз. Гэхдээ үүнийг шинжлэх ухааны үүднээс батлах ярвигтай л даа.

-Монгол төр, баяр наадмын энэ уялдааг хүмүүс тэр бүр анзаардаггүй. Тиймдээ ч төр баяр наадамд оролцох шаардлагагүй, тус тусынх нь холбоодод даалгах хэрэгтэй гэсэн байр суурьтай хэсэг бий?

-“Дэмий шаасан гар хүний нүд онов” гэгчээр элдвийн яриа алийг тэр гэхэв дээ. Монгол төр гэж байгаа бол наадмаа заавал өөрөө хийдэг хэдэн мянган жилийн уламжлалтай. Би жаахан хуучны хүн юм даа. Монгол төргүй болсон цагт л энэ төрийн бус байгууллагууд наадам хийх байх. Монгол төр байсан цагт төрийн л наадам байх болно. Хуучин нэг ийм яриа байлаа. Одоо ч хөдөөгүүр байдаг. Надад Хөвсгөлийн хүн ярьж өгч байсан юм. “Ноён, морь, бөх гурав нэг саванд байдаг аа” гэж. Энэ бол үнэн үг юм. Монгол төр, эрийн гурван наадам нэг саванд гэсэн санаа.

-Таны ярьсанчлан Монголд төрт ёс тогтсон үеэс баяр наадам эхэлсэн гэвэл хоёр, гурван мянган жилийн түүхийг хэлэлцэх нь. Харин бидний үеийнхэн наадмыг Ардын хувьсгалын 80 гаруй жилийн түүхээр төсөөлдөг?

-Үүнд та нарын буруу гэж юу байхав дээ. Тэгж ойлгуулж ирсэн юм чинь. Чингисийн их цэрэг Хорезмыг эзлээд буцахдаа Хулангийн тал гэдэг тэр газар наадам хийлээ хэмээн түүхийн сурвалжуудад бий. Хасарын хүү 330 алд газар онож тутлаа хэмээн бичсэн байдаг. Энэ нь тухайн үеийн монгол хэлээр “Туслаа” гэсэн үг л дээ. Энэхүү түүхэн үйл явдлын хөшөөг сүүлд нь хийхдээ бүүр зүүн урагш нь барьчихсан байдаг л даа. Яг үнэндээ энэ хөшөө дэлхийн спортын түүхэнд спортын амжилтыг тэмдэглэн үлдээсэн бараг анхны шахуу тэмдэглэгээ. Харваж амжилт тогтоосон хүнийх нь нэр, амжилтын хэмжээ нь байна. Энэ талаар олон улсын олимпийн хуралд манайхаас илтгэл тавьж байсан. Энэ мэт өөрсдийн давуу талаа бид маш сайн судалж байх хэрэгтэй. Тэгж  байж л хөгжинө. Үндэсний спорт гэдэг чинь амьд организм байхгүй юу. Хөдөлж байж хөгжинө. Хөгжихгүй бол мөхнө. Өдий хүртэл байгаад байна гэдэг чинь хөгжөөд л байгаа хэрэг шүү дээ. Хоёр хүн ноцолдоод нэг нь дарж ойчоод, давсан гээд цол авч байгаа нь өөрөө хөгжил. Эрийн гурван наадам сонгодог төгс хэлбэрээрээ, спортын шинж чанартай болсон нь  16-17  зуун юм. Яахав, Манжууд хоёр давааг дунд нь  нэг цолтой болгож, тав зургаа давсан хүн адилхан начин, долоо найм давсан хүнд адилхан  заан цол хүртдэг болгосон нь цаагуураа монголчуудыг өөр хооронд нь зөрчилдүүлэх бодлого байсан. Би зургаа давсан чи тав давсан, тэгсэн хэр нь адилхан цолтой, эрэмбэтэй байхаар дургүй нь хүрнэ биз дээ. Тэр үеийг бид эвдрэлцэлгүй даваад  гарсан. Одоо даваа болгон цолтой боллоо. Уячиддаа цол олгодог боллоо.Сур нь бүр төгөлдөршиж байна.

-Таныг хурдан морь уяачдын талаар олон ном хэвлүүлсэн гэдгийг тань мэдэх юм байна. Одоо Тод манлай уяач П.Ононгийн уяаны арга барилын талаар ном бичиж байгаа гэл үү?

-Хардал бэйс Пүрэвжавын тухай номоо хоёр дахиа хэвлүүллээ. Уяачийн хөдөлмөр гэдэг чинь монгол эр хүний олон мянган жилийн нандин чухал хөдөлмөр байгаа юм шүү. Хуучин цагийн уяачид өвгөчүүл байсан гээд л ярьдаг. Тэд чинь дорно дахины өндөр боловсролтой гүн ухаантнууд байсан юм. Логик задлан шинжлэх, нэгтгэн дүгнэхдээ мань мэтийг дагуулахгүй хөгжчихсөн тийм улс байсан. Боловсролтой байж аливаа юмны учир зүйг олно. Одоо энэ манай Онон гэхэд чинь дунд боловсролтой хүн. Гэхдээ хөдөө аж ахуйн дээд сургуулийн  бүх сурах бичгийг уншчихсан. Том хүүгээрээ морь уяулж өөрийгөө дагуулаад бага хүүгээ ХААИС-д малын эмчийн  ангид оруулаад одоо бол шинжлэх ухааны түвшинд ажиллаж байна. Хуучин Монголын ардын уламжлалт оюуны сургуулийг цоо шинэчилж ажиллаж байгаа хүн. Энэ мэтийг нь олон түмэнд хүргэчих санаатай нутагтаа агаарт жаргаж сууна. Монгол хүнд морь гэдэг хэмжээлшгүй цэнгэл өгдөг үнэхээр агуу эд юмаа. Бас зээ хүүгийнхээ нэр дээр ганц морь уралдуулах санаатай.Тэр хээр морь./уяан дээр байгаа хээр морийг заав/ Энэ маань наадмаас хойшхи уралдаануудад л явах байх. Одоо жаахан тарган байна.

-Сонирхолтой сайхан зүйл ярьж өгсөнд баярлалаа. Морь хурдан, уяа эвлэг сайхан наадаарай.

Бид тэндээсээ Монголын морин спортын холбооны дэд ерөнхийлөгч, Монгол Улсын Манлай уяач Б.Билэгдэмбэрэлийн уяа руу хүлгийн жолоо заллаа. Б.Билэгдэмбэрэл уяач шинэ монгол адууг хөгжүүлэхэд ихээхэн хувь нэмрээ оруулж яваа нэгэн билээ.

Б.Билэгдэмбэрэл: Зохион байгуулалтыг сайжруулах үүднээс “Их хурд”-ыг нийслэл хотод хийхээр болсон
-ММСУХ-ны удирдлага солигдоод чамгүй хугацаа өнгөрчихлөө. Өнгөрсөн хугацаанд юу хийж амжуулав?

-Холбооны V их хурлаас сонгогдсон шинэ удирдлагууд морины уралдааныг боловсронгуй болгох зорилт тавиад ажиллаж байна. Үүний тулд бидний хийх ажил юун түрүүнд уяачдаа шинэ уяаны арга барилд  сургах явдал. Хотын уяа буюу орчин цагийн уяанд уячдаа сургах. Энэ хүрээнд нэг удаагийн сургалтыг зохион байгуулсан. Ноднин хавар 10 гаруй аймгийн уяачдын төлөөллийг Улаанбаатар хотод авчирч, Монгол Улсын Тод манлай уяачдаар хичээл заалгасан. Сургалтын талаар уяачид сэтгэл хангалуун байгаа учраас хоёр дахь удаагийн сургалтыг энэ намар зохион байгуулахаар төлөвлөж байна. Цаашид Монголынхоо бүх уяачдад хүрэлцэхүйц хэмжээний  том далайцтай ажил хийхийг зорьж байгаа.

-Саяхны ММСУХ-ны удирдах ажилтны зөвлөгөөнөөс эрлийз буюу шинэ монгол адууг ялгаж уралдуулах шийдвэр гарсан байна лээ. Эрлийз гэдгийг нь юугаар таньж ялгах вэ?

-Ялгахад хэцүү л дээ. Гаднаас хараад том биетэй бол эрлийз, бага бол Монгол гэж болохгүй. Жижиг биетэй эрлийз адуу зөндөө бий. Үүнийг ялгахын тулд тусгай лаборитори хэрэгтэй. Энэ жилдээ  ямар ч байсан хэрэгжихгүй.

-Ирэх жилээс лабориторитой болох  юм уу ?

-Хараахан бүрэн шийдчихээгүй л байна. Би холбооны дэд тэргүүн гэдгээрээ бус хувь хүн гэдэг үүднээсээ бол ялгаварлахыг эсэргүүцдэг. Өнөөдөр ч гэсэн эсрэг  байр суурьтай байна. Ингэж ялгаад байх юм бол Монгол адуу яаж хөгжих  юм бэ. Сайн өрсөлдөгч байж л сайн амжилт гарна шүү дээ. Байгаль цаг ууртай холбоотойгоор манай адуу ерөнхийдөө жижгэрч давжаарсан. Тиймээс эрлийзжүүлж цус сэлбэн хурдан болгох нь зүйтэй гэсэн талыг би хувьдаа баримталдаг. Монгол адууны цус ясыг сайжруулах энэ  ажлыг одоогоор хэдэн бизнесмэн залуучууд л хийж байна. Үүнийг одоо харин бодлогын шинж чанартай, далайцтай болгох хэрэгтэй байгаа юм. Энэ бол монгол адууны хөгжил гэдгийг мэдсээр байж хориг тавиад байгааг би сайн ойлгохгүй л байна. Наадам уралдаан гээд зөндөө л хөдөөгүүр явж байсан. Тэгэхэд уяачид эрлийз адууг уралдуулмааргүй  байна гэж нэг удаа хэлж байгаагүй. Харин ч нэг үрээ авмаар байна, адууныхаа цусыг сэлбэмээр байна л гэдэг. Би өөрийнхөө боломжоороо нутаг орондоо ганц нэг үрээ өгдөг.

-Юунд хэрэгтэй холбооны дэд ерөнхийлөгч билээ, бодлого болгоод салбар холбоодоороо дамжуулаад хэрэгжүүлж болно шүү дээ?

-Болохгүй юм бол байхгүй л дээ. Энэ үржил селекцийн ажил монгол адууны генийн санд нөлөөлөхгүй гэдгийг мэргэжлийн хүмүүс зөндөө ярьж байгаа шүү дээ. Зөвхөн нэг хэсгийг нь хурдны чиглэлийн болгож сайжруулж байгаа хэрэг гэж. Бидний өвөг дээдэс ч гэсэн эрт дээр үеэсээ адууныхаа цусыг сайжруулах тал дээр анхаарч, Өвгөн ноёны То вангийн торгон сүрэг гээд  байсан биз дээ. Эхлээд үүнийг хүмүүст ойлгуулах хэрэгтэй байгаа юм. Шинэ монгол адуу хурдан хурц гэдэг нь нэгэнт тогтоогдчихсон байхад үүнийг эсэргүүцээд байх хэрэггүй юм, уг нь.

-Морины их олимп гэгддэг уламжлалт “Их хурд” уралдаан энэ жил Хүй долоон худагт болно. Өмнө нь Монгол улсын төв цэг гэж Өвөрхангайн Хархоринд зохион байгуулдаг байсан. Уяачдад хүндрэлтэй болох юм биш үү?

-Уралдаан зохион байгуулах газрыг сольсон нь нэгдүгээрт санхүү, хоёрдугаарт зохион байгуулалттай холбоотой. Энэ бол гурван жилд нэг удаа болдог, шигшмэл морьдын уралдаан. Өөрийн чинь хэлдгээр морины их олимп. Монголын 21 аймгийн хурдан хүлгүүд гурван жилд нэг удаа шандсаа шалгадаг. Тэгэхээр аль ч талаараа дээд зэргийн байх ёстой. Үүнийг л хангах үүднээс Улаанбаатар хотод зохион байгуулахаар тогтсон юм. “Их хурд” юм чинь хамгийн өндөр бай шагналтай байх ёстой. Үүнийг бүрдүүлэх хэрэгтэй байна. Ний нуугүй хэлэхэд Монголын аль ч өнцгөөс Хархорин руу очихоос Улаанбаатар луу ирэх нь хялбар болсон. Зам дэд бүтэц сайн хөгжсөн. Хаанаас ч ороод ирэхэд төвөггүй болж байна. Тэгэхээр жаахан төв рүүгээ маягтай хийж зардлаа жаахан хэмнээд зохион байгуулалтаа сайжруулах юм. Тэгээд ч улсын наадмаас хэдхэн хоногийн дараа болох учраас  уяачид ийш тийшээ явах шаардлагагүй шүү дээ. Жил бүр болдог хаврын бүсийн “Дүнжингарав” уралдаанд энэ жил урьд өмнөхөөсөө илүү олон морьд уралдсан. Тэгэхээр улсын  наадамд ч гэсэн түүнээс дутахааргүй олон адуу ирэх байх гэж найдаж байгаа.

-Хотод зохион байгуулна гэхээр хандив сайн цугларч байгаа юмаа даа. Их хурдын төсөв хэр сайн бүрдэж байна вэ?

-Моринд дуртай бизнесменүүд болом­жоо­роо амлаж байна аа. Амласнаар нь бол одоогоор нийт  төсвийн 70 хувь нь бүрдчихээд байна. Бид түрүү мориндоо Ланд-200 бэлэглэхээр төлөвлөж байгаа.

-Энэ жил уралдах мориноос татвар авах уу?

-Холбооны зүгээс уяачдад ирэх санхүү­гийн ачааллыг аль болох багасгах бодлого барьж байгаа. Бид эхний ээлжинд унаач хүүхдийн даатгалын 5000 төгрөгийг хариуцахаар болсон. Дөрвөн хүүхэдтэй уяач ирэхэд 20 мянган төгрөг хэмнэнэ гэсэн үг. Ер нь аль болохоор уяач нартаа ачаалал бага учруулж, адуу малаа өсгөх үржүүлэхэд нь тусалж дэмжих арга хэмжээг авах гэж зүтгээд л байна. “Их хурд” уралдаанд оролцогсод бол номерийн мөнгөө л өгнө. Үүнийг авахаас өөр аргагүй л дээ. Мөнгөөр хийгдэж байгаа учраас.

-Ярилцсанд баярлалаа.

А.Эрдэнэтуяа
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж