Хүүхдийн хөлбөмбөгийн клубүүд оролцдог "Gothia Cup" тэмцээний хөвгүүдийн 16 хүртэлх насны ангилалд Г.Мөнхчулуун эзэнтэй "FC Deren Sumida" баг амжилттай тоглож, "В" хэсэгт Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч, хүрэл медаль хүртсэн. Тэднийг өнөөдөр Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл хүлээн авч уулзлаа.
Сайд Ц.Оюунгэрэл хэлэхдээ: Монгол хөлбөмбөгийн түүхэнд маш том амжилт үзүүлсэн та бүхэнд талархлаа. Өнөөдөр та нарын энэхүү амжилтаар монголчууд бид ирээдүй хойчдоо итгэж эхэллээ. Багийн спорт тэр дундаа хөлбөмбөгийн амжилтыг үнэлж байна. Мөн үеийнхэндээ та бүхэн улам их урам зоригийг өгч чадлаа. Улаанбаатар хот төдийгүй орон нутгийн хөлбөмбөгийн спорт хөгжиж байна. Энэ хэрээр хөлбөмбөг тоглох сонирхолтой хүүхдүүдийн тоо улам их болж байна. Монголын багийн спортын хөгжлийг өсвөрийн тамирчид маань харуулж байгаад баяртай байна." гэв.
“FC Deren Sumida" багийн эзэн Г.Мөнхчулуун хэлэхдээ: “2008 оноос клуб маань байгуулагдсан. Анх 17 настай хүүхдүүдийг элсүүлж авсан ч амжилт олоогүй. Тэгээд 2009 оноос Япон хөрөнгө оруулагчидтай хамтран клубээ "Дэрэн Сумида" нэртэй болгоод хүүхдүүдийг бүр бага наснаас нь хичээллүүлж эхэлсэн. Одоо байгаа тамирчдаас хамгийн том нь 16, 17-тай хүүхдүүд байгаа. Өвөлдөө зааланд, зундаа гадаа талбайд тоглоод байнгын бэлтгэлтэй. Өдөрт хоёр цагийн бэлтгэл хийдэг. Хүүхдүүдийнхээ хичээлийн хуваарийг харж байгаад бэлтгэлийг хийдэг. Дулааны улиралд харьцангуй амар. Өвөл заал олддоггүй учраас сургуулиудын зааланд хичээл эхлэхээс өмнө 07.00 цагаас бэлтгэлээ хийнэ. Одоогоор Хан-Уул дүүргийн зааланд бэлтгэлээ хийж байгаа. Бэлтгэлдээ ирэхийн тулд холоос ирдэг хүүхдүүд ч бий. Биокомбинат, Яармаг, Нисэх болон Шувуун фабрикаас хүүхдүүд маань ирж бэлтгэлээ хийдэг.
Зун бүр Шведэд сарын хугацаанд дөрвөн тэмцээн болдог. Бид тэнд байх хугацаанд гурван тэмцээнд оролцсон. Шведийн хотуудад цувралаар болдог хоёр тэмцээнд оролцсны дараа гол тэмцээн болох "Gothia Cup"-д оролцож, хүссэн амжилтаа үзүүллээ. Долдугаар сарын 13-19-ний өдрүүдэд Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээн болсон. 39 дэх удаагийн хөвгүүд, охидын "Gothia Cup" тэмцээнд Монгол Улсаас хөвгүүдийн 12 болон 16 насанд “FC Deren Sumida" клубийн хоёр баг оролцсон. 16 насанд 32 улсын 190 баг оролцож, 47 хэсэгт хуваагдсан. Манай багийн хувьд 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багуудтай багтсан. Хэсэгтээ Норвегийн багийг 3-0-ийн харьцаагаар хожиж, Шведийн хоёр багт хожигдсоноор (4-1, 1-0) гурван оноогоор гуравдугаар байрт шалгарсан. Энэ хэсгийг зохион байгуулагч Шведийн хоёр баг долоон оноотой тэргүүлж, "А" хэсэгт өрсөлдөх эрхийг авсан. "А" хэсэгт хэсэг бүрийн эхний хоёр багууд нийлээд 90 баг, "В" хэсэгт 91-190 багууд багтсан. Манай баг “В” хэсэгт Энэтхэгийн "Phonenix Sports" клубийн багийг 5-4-ийн харьцаагаар хожиж, эхний хожлоо авсан. Цааш 1/32-т Шведийн "IFK Umeå" багийг 7-5-аар, 1/16-ийн тоглолтод Германы "TSV Buchholz 08" багийг 2-0-ийн харьцаагаар хожиж, шөвгийн наймд шалгарсан. Норвегийн "IL Bjarg" багийг 3-1-ээр хожиж, хагас шигшээд үлдэж, хүрэл медалийн болзол хангасан. Бас энд 12 настай баг маань сайн оролцсоныг дурдах хэрэгтэй. "Gothia Cup" тэмцээнд хэсгээсээ шалгарсан ч хасагдах шатанд Германы багт хожигдож, цааш тоглох боломжгүй болсон. Гэхдээ 12 настай баг маань Гётеборг хотноо болсон “Gothia Cup”-аас өмнө бусад өөр хоёр хотод болсон тэмцээнд амжилттай тоглож, V-VIII байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн. Мөн 12 настай А.Дөлгөөн 15 тоглолтод хийхдээ 31 гоолийг хийсэн байгаа. Түүний амжилтыг Европын дасгалжуулагчид магтаж байсныг хэлэх хэрэгтэй байна.
Олон жил хүүхдүүд маань энэхүү амжилтын төлөө явсан болохоор бид сэтгэл хангалуун байна. Хүүхдүүд хөлбөмбөгт дуртайдаа л бэлтгэлдээ өглөөний 5-6 цагт ирдэг үе байсан. Өнөөдөр эргэн харахад бидний амжилт чамлахааргүй байна. Энэ хугацаанд дотооддоо олон тэмцээн уралдаанд орж, амжилтаа ахиулж байлаа. Тэр их зорилгын маань нэгээхэн хэсэг Шведийн тэмцээнээс харагдлаа. Тэмцээнд хүрэл медалийн болзол хангачихаад баярлаж байгаа тэднийгээ харахад өөрийн эрхгүй сэтгэл догдолж, хамрын самсаа шархирч байснаа нууж чадахгүй нээ. Мөн тухайн үед Шведэд амьдардаг монголчуудынхаа баярын нулимс унагаж байхыг харах сайхан байсан.
“FC Deren Sumida" клубийн тухайд ерөнхий дасгалжуулагчаар И.Отгонбаяр, дасгалжуулагчаар Ж.Баяртулга, Б.Гарьдмагнай, С.Эрдэнэбат болон Сербийн Давор Бербер нар ажиллаж байна. 12-17 насны багууд бий. Өнөөдрийн байдлаар 15, 17 насны баг хоёр баг "Хүслийн лиг-2014”-т оролцож байна. Хүүхдүүдийнхээ дэлхийн аваргад оролцох Монголын багийн төлөө улам их хичээллэх болно гэдгийг сонсоход сайхан байна. Тэдний хувьд өнөөдөр улам их итгэлтэй, зүтгэлтэй болжээ. Бас тэд маш их сэтгэлийн хаттай болсон байна. Бас хичээлдээ анхаарахын хажуугаар спортын томоохон амжилтын төлөө явж байгаад бид баяртай. Энэ л бидний зорилго шүүдээ. Олон олон амжилтын төлөө тэмүүлж байгаа болохоор бид улам их хичээх болно. гэв.
Мөн “FC Deren Sumida" багийн тамирчид: Энэ удаагийн тэмцээнд 16 насны 15 хүүхэд явсан. Багийн ахлагчийг Х.Энхзориг гэдэг. Гётеборг хотод болсон "Gothia Cup" тэмцээнд оролцохын өмнө хоёр хотод тэмцээнд оролцсон. Энэ тэмцээнүүдэд бид IX байрт шалгарсан. 12 насны баг маань ч сайн тоглолтыг үзүүлсэн. Тэд хагас шигшээд өрсөлдөх эрхийн төлөө хүртэл тоглосон. "Gothia Cup" тэмцээний тухайд хэсгийн тоглолт өндөрлөсний дараа "В" хэсэгт дахин тоглож, Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч, хүрэл медаль хүртлээ. Дарханаас оролцсон н.Нармандах 13 гоол, П.Энхбаяр, А.Тэмүүжин (хоёул УБ) нар найман гоол хийсэн. Медаль хүртсэн багт 2-5 жил хамтдаа хичээллэсэн хүүхдүүд байгаа. Европын хүүхдүүд маш нуруулаг. Шведийн аль нэг хотод очиход л хөлбөмбөгийн талбайн нь нээлттэй. Тийм орчинд байгаа хүүхдүүд шилдэг тамирчид болох нь дамжиггүй. Гэхдээ бид олон жил хамтдаа хичээллэсэн болохоор зорилгоосоо ухаараагүй. Үнэхээр бидэнд хэрэгтэй медаль байсан. Норвеги, Швед, Германы багуудыг хожоод сэтгэл сайхан болж ирсэндээ. Хөлбөмбөгт дуртай үеийнхэндээ хандаж хэлэхэд, сэтгэлтэй, итгэлтэй, зоригтой байгаарай. Бас багш, дасгалжуулагч нарынхаа үгэнд сайн ороорой. Цагийг үр дүнтэй өнгөрүүлээрэй. Чи хүсэж мөрөөдөж байгаа бол тэр л зүйлдээ тэвчээртэй байгаарай. Тэгвэл бид бүхэн дэлхийн аваргын тэмцээнд Монгол Улсын шигшээг бүрдүүлэхэд ойрхон байна гэж хэлмээр байна. гэв.
Г.Мөнхчулуун эзэнтэй "FC Deren Sumida" клубийн 16 насны баг Шведийн Гётеборг хотноо дэлхийн 80 гаруй орны 1600 гаруй клуб оролцсон "Gothia Cup" тэмцээнд амжилтай оролцож, "В" хэсэгт Энэтхэг, Швед, Герман, Норвегийн багуудыг хожиж, шилдэг дөрөвт шалгарч, хүрэл медаль хүртсэн. Энэхүү амжилт Монголын хөлбөмбөгийн өсвөрийн тамирчдын хувьд хамгийн оргил амжилт нь болоод байна.
"Дэрэн" багийн тоглолтын үр дүнг танилцуулья.
Хэсгийн тоглолт: 32 орны 190 баг 47 хэсэгт хуваагдсанаас "Дэрэн" баг 15-р хэсэгт Шведийн хоёр, Норвегийн нэг багтай багтсан.
Долдугаар сарын 14:
Gerdskens BK | – | FC Deren Sumida | 4 – 1 |
Долдугаар сарын 15:
FC Deren Sumida | – | Eskilstuna City FK | 0 – 1 |
Долдугаар сарын 16:
FK Lillehammer 1 | – | FC Deren Sumida | 0 – 3 |
FC Deren Sumida | – | Phoenix Sports 1 | 5 – 4 P |
"Дэрэн" баг хэсэгтээ нэг хожил, хоёр хожигдол авснаар гуравдугаар байраар шалгарч, "В" хэсэгт өрсөлдлөө. Цааш Энэтхэгийн багийг хожиж, хасагдах шат буюу 1/64-д шалгарлаа. Улмаар:
Долдугаар сарын 17: 1/32.
FC Deren Sumida | – | IFK Umeå | 7 – 5 P |
Тоглолтын 19.50 дахь минутад 8 дугаартай тоглогч А.Тэмүүжин эсрэг багийн хаалганд эхний гоол оруулсан бол тоглолтын 21.05 дахь минутад 5 дугаартай В.Мөнхжаргал, 34.30-д А.Нармандах нар гоол оруулсан юм. Тоглолтын үндсэн цаг тэнцээгээр өндөрлөж, 11 метрийн торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болсон байна. Ингэснээр "Дэрэн" клубын Д.Билгүүн, Б.Батмөнх, М.Жансерик, Х.Энхзориг нар цохилтоо амжилттай гүйцэтгэснээр Шведийн IFK UMEA багийг буулган авчээ.
1/16:
TSV Buchholz 08 | – | FC Deren Sumida | 0 – 2 |
Тоглолтын 32.22 дахь минутад довтлогч П.Энхбаяр эхний гоолыг оруулсан бол тоглолтын 41.41 дэх минутад 8 дугаартай довтлогч А.Тэмүүжин хоёр дахь гоолыг орууллаа.
Долдугаар сарын 18:
1/8 финал.
Månsarps IF | – | FC Deren Sumida | 0 – 4 |
1/4-ийн финал.
FC Deren Sumida | – | IL Bjarg | 3 – 1 |
Хагас шигшээ тоглолт:
IFK Lidingö FK | – | FC Deren Sumida | 2 – 0 |
Ийнхүү Монголын өсвөрийн хөлбөмбөгчид дэлхийн шилдэг үеийнхээ тамирчидтай өрсөлдөж, өндөр амжилтыг үзүүллээ. Тэмцээний талаарх мэдээллийг www.gothiacup.se-с аваарай.
Ч.БОЛОР