УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Д.Эрдэнэбат долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 02-ныг дуустал Сэлэнгэ аймгийн Мандал суманд ажиллалаа.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат энэ үеэр тус сумын Засаг даргын тамгын газар, нэгдсэн эмнэлэг, Мод боловсруулах үйлдвэрээр орж, үйл ажиллагаатай нь танилцаж, зарим тодорхой санал хүсэлтэд шийдвэртэй хариу өглөө. Мандал сумын нэгдсэн эмнэлэг 2012 онд УБТЗ-ын харьяа Зүүнхараа дахь салбар эмнэлэгтэй нэгдэн, орон нутгийн 27 мянган хүнд хүрч үйлчилж байгаа. Харин 2013 оноос Эрүүл мэндийн тухай хуулийн дагуу эмнэлгүүдэд тогтоосон стандарт, статусын өөрчлөлтөөс шалтгаалан 100 ортой ажиллах болжээ. Тиймээс хэвтэн эмчлүүлэх шаардлагатай олон арван өвчтөн эмнэлгийн тусламжийг хүлээж байж авахад хүрдэг гэнэ. Мөн тус эмнэлэг 1950-аад онд баригдсан, тарж байрласан олон жижиг байранд байрладаг тул угаалга, гал тогоо, түргэн тусламжаа хоёр тусдаа хүлээж авдаг аж. Эмнэлгийн барилга хуучирч муудсан учраас сантехникээс гадна дээвэр, хана туургыг засах, урсгал засварын хөрөнгө нэлээд шаарддаг. Жилд 5000 орчим яаралтай түргэн тусламж хүлээн авч, 27 мянган хүн амд үйлчилдэг сумын нэгдсэн эмнэлгийг хоёр тусгаарлах, эсвэл өвчтөнд хүрэлцдэггүй 100 ор, төсөв, ажилчдын орон тоог нэмэх асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөх хүсэлтийг тус эмнэлэгийнхэн УИХ дахь Ардчилсан намын бүлгийн даргад уламжилсан юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Хүн ам олонтой Монголын хамгийн том сумын эмнэлэгт тулгарч байгаа энэ хүндрэлийг судалж, Эрүүл мэндийн яамтай зөвшилцөн, орон тоо, төсөвт өртгийг нэмэх асуудлыг эцэслэн шийдвэрлэнэ” гэдгээ хэлсэн юм.
Үүний дараа тэрбээр УБТЗ-ын харьяа Мод боловсруулах үйлдвэрийн үйл ажиллгаатай танилцсан юм. Тус үйлдвэр Мандал сумын амьжиргааг залгуулдаг гол аж ахуйн нэгжийн нэг аж. Энэ үеэр үйлдвэрийн үйл ажиллагааг танилцуулсан Ерөнхий инженер “Төмөр замын дэрийг бетоноор хийх шийдвэр гарснаас хойш үйлдвэрийн үйл ажиллагаа доголдох болсон. Жилд 15-20 мянган шоо метр мод бэлтгэдэг байсан бол байгаль орчны асуудал болон төмөр замд модны хэрэглээ багасч буйгаас шалтгаалж энэ онд ердөө 1000 орчим шоо метр мод бэлтгэх эрх авсан. Мод бэлтгэн тээвэрлэж, замаа засаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 62 жилийн настай үйлдвэрийн машин механизм, зориулалтын тоног төхөөрөмжүүд зогсож байгаа. УБТЗ аж ахуйн нэгжийн орон тоог цөөлж, “Өртөгтөө тохирсон үйлдвэрлэл явуул” гэсэн шийдвэр өгсөн тул канад загварын модон байшин, барилгын хаалга цонх, тавилга үйлдвэрлэж байгаа. Гэвч зах зээлийн эрэлт бага учраас цаашид дан ганц мод түшиж “амьдрах” боломжгүй. Манай үйлдвэрт өөрчлөлт хийж Германы хөрөнгө оруулалтаар төмөр замын бетонон сум үйлдвэрлэх асуудал яригдсан ч энэ байгууламжийг Зүүнхараад биш Улаанбаатарт барих шийдэлд хүрч яваа сураг дуулдаж байна” хэмээн тайлбарласан юм. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат үйлдвэрийн хамт олонд “Энэ том баазыг зүгээр орхиж, нэргүй хувьчилж болохгүй. Хөтөлд хийж байгаа бетонон дэрийг яагаад Зүүнхараад үйлдвэрлэж болохгүй гэж. Төмөр замын бетонон дэр, сум үйлдвэрлэх боломжийг судал. Төслөө боловсруулж УБТЗ-д хандаж, асуудлаа УИХ-д танилцуул. Асуудлыг хамгийн боломжтой хувилбараар шийднэ” гэсэн юм.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат Зүүнхараад ажиллах үедээ төрөлх сумынхаа 90 жилийн ойн баярын арга хэмжээнд оролцож, Ерөнхийлөгчийн зарлигаар болон яам тамгын газрын шийдвэрээр олгосон Төр засгийн одон медалийг ажил хөдөлмөрөөрөө манлайлж яваа нутгийнхаа хүмүүст гардуулж өглөө. Сэлэнгэ аймгийн Мандал сум 1924 онд Богд хан уулын аймгийн Ноён уулын хошууны Мандал сум нэртэй байгуулагдаж байсан бол хожим төмөр зам байгуулагдах үед Монголын хамгийн анхны төмөр замын Зүүнхараа өртөө нээгдсэн газар. Монголын хамгийн том сум учраас амьдрал хөөн, шилжин ирэгсдийн хөл татардаггүй, дөрвөд, казах, буриад, халх зэрэг ястан амьдардаг, айл өрх болгон хашаандаа их, бага хэмжээгээр хүнсний ногоо тариалдаг гээд Зүүнхараа өөрийн гэсэн өвөрмөц уламжлалтай суурин. УБТЗ-ын Модны үйлдвэр, Спирт бал бурам ХХК үйл ажиллагаа явуулдаг, аж үйлдвэр, газар тариалан, мал аж ахуйн үйлдвэрлэл хөгжсөн тус сумын хүн ам өнөөдөр 26900-д хүрч, хөгжлийн түвшнээрээ улсад тэргүүлж яваа юм.
Эх сурвалж: http://democrats.mn