П.Сүхбаатар: Монголбанк 15 тонн алт худалдан авснаар валютын нөөц 600 сая доллараар нэмэгдэнэ
-Монголбанкинд тушаах алтны нэмэгдэх хэрээр л валютын нөөц өснө-
Монголбанкны мөнгөн тэмдэгт, үнэт зүйлсийн газрын захирал П.Сүхбаатартай ярилцлаа.
-Оны эхний долоон сарын байдлаар Төв банкинд 4.1 тонн алт тушаасан бөгөөд үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 60 гаруй хувиар өссөн үзүүлэлт гэж тодотгон ярьж байгаа. Энэ нь хэчнээн компанийн тушаасан алт юм бэ?
-Оны эхний нэгдүгээр сараас долдугаар сарын 29 хүртэл Монголбанк 5.2 тонн алт худалдан авсан байна. Энэ нь 50 гаруй иргэн, 80 аж ахуйн нэгжээс авсан алт. Иргэдээс 2-10 кг орчим, аж ахуйн нэгж байгууллагаас 5-20 кг-аар тушааж байна. Алт тушаалт өнгөрсөн жилтэй харьцуулахад эрс өссөн. Энэ нь өнгөрсөн онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулсантай холбоотой. Алтны татварыг бууруулж, хөнгөлөлт үзүүлснээр алт тушаалт сүүлийн таван жилд байгаагүйгээр нэмэгдэж байна. Мөн Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэхийн хэрээр хил гаалиар хулгайгаар гаргадаг урсгал эрс багассан. Одоогоор тушаасан байгаа 5.2 тонн алт нь өнгөрсөн оны биелэлтийн 85 хувийг хангасан гэсэн үг. Цаашид нэмэгдэнэ. Учир нь, алт тушаах улирал нь арай эхлээгүй байна. Өөрөөр хэлбэл, алт олборлогч аж ахуйн нэгжүүд 6-8 дугаар сард хөрс хуулалтын ажлаа эрчимжүүлж, 9-11 дүгээр сард олборлох, борлуулах ажил ид өрнөдөг. Тиймээс оны эцэст 13-15 тонн алт худалдан авна гэсэн урьдчилсан таамаг дэвшүүлсэн.
-Ер ньМонголбанк худалдан авсан алтаа хэрхэн борлуулж, ямар байдлаар эргэлтэд оруулдаг талаар нарийн мэдээлэл хэлж болох уу?
-Монголбанк худалдан авах гэж байгаа алтны сорьцыг эхлээд тогтоодог. 9999 гэсэн сорьцтой алтыг авдаг. Учир нь олон улсын алт цэвэршүүлдэгкомпаниар худалдан авсан алтаа цэвэршүүлдэг. Мөнгө, төмөр, цайрын бага зэрэг хольц байдаг бөгөөд үүнийг цэвэршүүлж Лондоны бирж дээр зарж борлуулдаг.
-Өнгөрсөн жил худалдан авсан долоон тонн алтаа бүгдийг нь эргэлтэд оруулж борлуулсан уу. Үлдэгдэл нөөц байгаа юу?
-Бүгдийг нь цэвэршүүлж, борлуулсан ам.доллараа валютын нөөцөд ашигласан.
-Одоо худалдан авсан 5.2 тонн алтаа ам.долларт шилжүүлбэл хэд болох вэ?
-Монголбанкны худалдан аваад буй 5.2 тонн алт нь 167 унци гэсэн үг л дээ. Нэг унци алт дунджаар 1303 ам.доллар гэж тооцоход, 210 гаруй сая ам.долларын нөөцийг бүрдүүлсэн байна гэсэн үг. Сүүлийн үед алтны ханш өсөх магадлал өндөр байгаа бөгөөд ханш өсөх тусам алт тушаалт нэмэгддэг. Зарим иргэн, аж ахуйн нэгж ханш өсөхийг хүлээгээд алтаа хадгалж байдаг л даа.
-Тэгэхээр оны эцэст төлөвлөсөн 15 тонн алтаа худалдан авбал энэ нь 600 гаруй сая ам.доллартай тэнцэнэ гэсэн үг үү?
-Тийм.
-Алтны чиглэлээр 300 орчим компани үйл ажиллагаа явуулж байгаа гэдэг. Гэхдээ эдгээрээс 80 орчим Монголбанкинд алтаа тушааж байгаа юм байна. Үлдсэн нь шууд экспортолж байгаа юм уу?
-Ашигт малтмалын газраас зөвшөөрөл авч ажиллаж байгаа 300 гаруй компани алтны чиглэлээр олборлолт хайгуул хийдэг гэсэн тоо бий. Үүнээс идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь 190 орчим компани байгаа гэдэг. Тэдгээрээс 50 хувь нь өнөөдрийн байдлаар Монголбанкинд алтаа тушааж байна. Энэ тоо ирэх намраас нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байгаа. Учир нь хөрс хуулалтаа эхэлж,ид ажиллаж буй нэлээд хэдэн компани бий. Тэдгээр компани оны эцсээр алтаатушааж эхлэх байх. Оны эцэст гэхэд Монголбанкинд алтаа тушаах аж ахуйн нэгж 200 гардаг л даа. Алтаа шууд экспортолж байгаа цөөн л аж ахуйн нэгж бий. Харин 68 хувийн татвар, Урт нэртэй хууль хэрэгжиж байхад нэлээд хэдэн компани үйл ажиллагаагаа зогсоосон байдаг юм байна лээ. Эдгээр компани хэвийн ажиллаж эхэлбэл мөн л алт тушаалт нэмэгдэнэ.
-Төгрөгийн ханш суларч, ам.долларын ханш чангарч байгаа энэ үед Монголбанкинд тушаах алтны хэмжээ нэмэгдэж байгаа нь эдийн засагт ямар нөлөө үзүүлэх вэ?
-Ам.доллар хомсдож, эрэлт нийлүүлэлт багассанаас болж төгрөгийн ханш суларч, ам.доллар чангарч байна. Энэ хэрээр гадаад валютын нөөц багасч байгаа. Гэхдээ валютын нөөцөө боломжит төвшинд байлгахад алт тушаалт нөлөөлнө. Алтаа заавал ам.доллар болгож валютын нөөцөд оруулахгүйгээр алтаар нь нөөцөө бүрдүүлж болно. Алтаа 9999 гэсэн дөрвөн сорьцтой болгоод эргээд Төв банкинд алт хэлбэрээр нь байршуулж, гадаад валютын нөөцөд тооцож болно.
-Олон улсын зэрэглэл тогтоох байгууллагууд Монголбанкны валютын нөөц эрчимтэй багасч байгаа учир зээл олгоход эрсдэлтэй орны тоонд багтааж, зээлжих зэрэглэлийг бууруулсан. Валютын нөөцөд нь худалдан авсан алтны хэмжээ багтаж байгаа юм болов уу?
-Монголбанкинд 1.6 тэрбум ам.долларын нөөц бий. Үүнд дээр 5.2 тонн алт 210 гаруй сая ам.доллар нэмэгдэнэ. Худалдан авсан алтаа борлуулаагүй учраас ам.доллар гэсэн үг шүү дээ.
-Тэгэхээр Монголбанк нийт 1.8 тэрбумын гадаад валютын нөөцтэй гэж ойлгож болох уу?
-Болно. Ер нь ийм хэмжээний нөөцтэй байхад дансандаа юу ч үгүй болсон гэж хэлж чадахгүй. Богино хугацаанд 5.2 тонн алт худалдан авснаар нөөц нэмэгдсэн гэж ойлгох хэрэгтэй. Ер нь өнгөрсөн жилээс л алт тушаалт нэмэгдэж эхэлсэн. Тэрнээс өмнөх жилүүдэд 68 хувийн татвар, роялтийн татвар авч байхад алт тушаалтын эрч багассан шүү дээ. Тухайн үед гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж тэр хэрээр гадаад валютын нөөц өсч байсан. Харин одоо гадаадын хөрөнгө оруулалт буурч, валютын нөөц багасч байна. Гэхдээ энэ үед алт тушаалт нэмэгдсэнээр нөөц эргээд хэвийн төвшинд хүрэх боломжтой.
-Долдугаар сарын статистик мэдээллээр 2.5 тонн алт экспортолсон гэсэн дүн байна. Энэ нь Монголбанкид тушаахгүйгээр шууд экспортолсон хэмжээ юү?
-Тийм. Монголбанкаар дамжаагүй шууд хилээр гаргасан хэмжээ. Цөөн хэдэн компани л Хятад руу шууд экспортолж байгаа. Мөн Оюутолгой компани зэсийн баяжмалтайгаа хамт алтаа биет хэмжээгээр нь экспортолж байгаа.
-Оюутолгой дангаараа 5.4 тонн алт эскпортолсон тухай мэдээлэл бий. Ер нь Оюутолгойн алтыг дотооддоо худалдан авах боломж байхгүй юү?
-Дотооддоо алтыг нь ялгаруулж тушаах боломж байгаа л даа. Гэхдээ Оюутолгойн асуудал нь тусгай гэрээтэй. Дотоодод алтаа тушаах хугацаа нь гэрээгээрээ болоогүй байгаа. Мэдээж дотооддоо тушааж эхэлбэл, алт тушаалт маш их хэмжээгээр нэмэгдэх нь ойлгомжтой. Бид Оюутолгойн алтыг тооцохгүйгээр жилийн эцэст 15 тонн алтыг аж ахуйн нэгжүүд тушаана гэж тооцож байгаа юм. Хэрвээ Оюутолгой алтаа тушаавал 30-40 тонн хангалттай хүрнэ л дээ.
-30-40 тонн алт ойролцоогоор 1.5 тэрбум ам.доллартай тэнцэх нь. Энэ нь гадаад валютын нөөцийг хангалттай нэмэгдүүлэх хэмжээ биз дээ?
-Тиймээ. Валютын нөөцөө цэвэр алтныхаа хэмжээгээр бүрдүүлж болно гэсэн үг. Заавал ам.доллар гэхгүйгээр Монголбанкинд дахь алт гадаад валютын нөөц.
-“Бороо гоулд” тэргүүтэй компаниуд алтаа шууд экспортолж байгаа юу?
-“Бороо гоулд” компанийн Тогтвортой байдлын гэрээ нь дуусч, шууд экспортлохоо больсон. Одоо Төв банкинд алтаа тушааж байгаа. Шууд экспортолж байгаа цөөн компаниих хэмжээгээр борлуулахгүй байгаа. Томоохон алт олборлогчид Төв банкинд алтаа тушааж байна.
-Алт тушаалт нэмэгдсээр байвал ханшийн өсөлт саарах уу?
-Мэдээж саарна. Алт тушаалт нэмэгдэнэ гэдэг нь ам.долларын нийлүүлэлт нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Хэрэгцээтэй ам.доллараа хангаж өгөх боломж нээгдвэл ам.долларын ханш суларна.
-Бичил уурхайчид алтаа тушааж байна уу. Ер нь бичил уурхайчидтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?
-Бичил уурхайчидтай уулзаж, ярилцсан. Монголбанкиндаа тушаах нь зөв юм байна гэдэг байр суурийг ч дэмжиж ажиллана гэдгээ бичил уурхайчдын холбооныхон мэдэгдсэн. Энэ ч үүднээс бичил уурхай эрхлэгч алтаа тушааж эхэлсэн байгаа.
Эх сурвалж: “Үндэсний шуудан” сонин